Ховд аймгийн нэр бүхий иргэд аялал зугаалгаар Алтай Таван Богд уулын чиглэлд зорчиж яваад буцах замдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт зам дагуу хэвтэж байсан тарвагыг чулуугаар цохиж алан, өвчиж эвджээ. Уг үйл ажиллагаанд оролцсон нэг иргэнд тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээ хийхэд бодит хугацааны ПГУ (Real-time PCR)-ын аргаар шархны шүүдэс болон цусны сорьцноос тарваган тахлын үүсгэгч (Yersinia pestis)-ийн өвөрмөц ген илэрсэн байна.
Одоогоор баталгаажуулах уламжлалт ПГУ болон нян судлалын шинжилгээ үргэлжилж байгаа аж. Өвчтөнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, холбогдох эмчилгээг эхлүүлжээ.
ЗӨСТөвийн тархвар судлалын баг тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн тогтоож, тандалт судалгаа хийсний зэрэгцээ урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээнд хамруулж буйг холбогдох байгууллага мэдээллээ.
Иргэдэд анхааруулах нь:
* Тарвага агнах, барих, өвчих, мах болон эд эрхтнийг хэрэглэхгүй байх;
* Үхсэн болон өвчтэй мэт харагдах мэрэгч амьтанд хүрэхгүй байх;
* Гэнэт өндөр халуурах, булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж, тарвагатай харьцсан эсэхээ үнэн зөв мэдээлэх;
* Байгалийн голомтот бүс нутагт зорчихдоо тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөх.
