ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй

O.Admin
58 минутын өмнө

Ерөнхий сайдын ээжийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургууль улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг авах гэж байгаа талаарх дуулиан дэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан дөнгөж сая тайлбар хийлээ.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэхгүй байх зорилгоор "Гэрт ойрхон сургууль" санаачилгыг тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зуны турш 3000-аас дээш хүүхэдтэй хэт өндөр ачаалалтай 38 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор Боловсролын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар, хэлтсийнхэн идэвхтэй ажилласан.

Үүний үр дүнд өнөөдөр нийслэлийн хотхон, хорооллуудад 21 бага сургуулийн анги бүлгийг эхлүүлж, 8,600 хүүхэд аюулгүй, ачаалалгүй суралцахаас гадна нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодит үр дүнтэй ажил болж байна. Хүний сул үгийг гуйвуулах бус бодит баримтаар асуудалд хандахыг та бүхнээс уриалж байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт нь байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Хоёрдугаарт, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлогын асуудал. Ямар зорилготой, ямар үр дүнтэй, ямар үндэслэлтэй асуудал вэ гэдгийг бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ.

Гуравдугаарт, Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно.

Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой" хэмээлээ.