ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Намсаманд: Хууль бус үүргийг нь биелүүлэхгүй гэсний төлөө С.Амсарсайхан сайд удаа дараа дарамталлаа

O.Admin
1 цагийн өмнө

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд өнөөдөр салбартаа үүсээд байгаа асуудлаар шүгэл үлээж, мэдээлэл хийлээ. Тэрбээр, “ШШГЕГ бол тусгай чиг үүрэг гүйцэтгэгч ууган байгууллагуудын нэг. Өнөөдөр энэ байгууллага үйл ажиллагаа нь хэвийн мэт боловч зарим нэг дотоод үйл ажиллагаа болохгүй байна. Ялангуяа хорих ангиудад аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өндөр үнэтэй зарим нэг материалуудад гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль номын дагуу үйл ажиллагаа явуулж болохгүй байна яана вэ дарга аа гэдэг асуудал өдөр тутам яригдаж байна.

Даргын зөвлөлөөр нээлттэй, удаа дараа ярилцлаа. Үүсэж болзошгүй эрсдэл юу байгаа, яаж засаж залруулах талаар 24 цаг ажиллаж байна. Манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй болллоо. ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга нь Төрийн болон албаны нууц зөрчсөн нь байгууллагын үйл ажиллагаа төдийгүй улс орны аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэл бий болголоо.

Хорих байгууллагын аюулгүй байдал гэдэг зөвхөн энэ байгууллагын аюулгүй байдал биш юм. Орон нутаг, цаашлаад улс орны аюулгүй байдалтай холбоотой. Удаа дараа ноцтой зөрчил үүслээ. Хуульзүйн сайд албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй алба хаагчдыг дэвшүүлэн томил гэдэг шаардлага хэлдэг. Одоо ч тавьсаар байгаа. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Төрөө, сайдаа хүндлээд тодорхой томилгоо хийсэн. Өөрийнхөө жолоочийн эхнэрийг дарга болгосон. “Төр хурах”-ын амралтын газрын дарга болгосон. Мөн жолоочийнхоо дүүг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон. Яамны газрын дарга н.Дамдинцэрэнгийн дүүг дарга болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар хэлэх, хэлэхгүй үгээр хэлдэг. Сүрдүүлдэг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу улс төр, нийгмийн нөлөө бүхий хүмүүсийн компани, байгууллагатай холбоотой өр төлбөрийг яамнаас шууд удирдаж байна. Яамны газрын дарга өрөөндөө дуудаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж болохгүй ээ. Амаар үүрэг өгдөг. Бичгээр өгдөггүй.

ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй ам.долларын төлбөртэй байж л байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль номынхоо дагуу явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Гэтэл хэлэх, хэлэхгүй үгээр хэлж байгаа юм. Ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ХЗДХ-ийн сайдад янз бүрийн доромж үгээр хэлүүлэх нь зохимжгүй байна. "Чам мууг байранд чинь тавина, ажлыг чинь  авна гэдэг. Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй. Монгол Улсын төрд тангараг өргөсөн гэдгийг онцлох хэлье.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэхээр амаар үүрэг өгч, гацаадаг. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна. Би дуугарахгүй юм бол хэн дуугарах юм бэ. Би генералын хувьд алба хаагчдаа өмөөрнө. Ирээдүйд албан хаагчдаа гэмтэн буруутан болохоос сэргийлж, энэ мэдээллийг хийж байна. Хууль бус үүрэг гүйцэтгэхгүй” хэмээн мэдэгдэл хийлээ.