ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Эрдэмбилэг: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хуульд өөрчлөлт орсноос хойш илрүүлж байгаа хэргийн тоо эрс өссөн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-31

Төрийн ордонд өчигдөр “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй ярилцлаа. 

-Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна. Тэр дундаа Монголбанкны зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Манай улс олон улсын тавцанд саарал жагсаалтад орох уу, үгүй юу.   Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зөвхөн Монголбанкны ажил мэтээр ойлгоод байгаа ийм үед ХЗДХЯ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, тэр дундаа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдвээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буйд талархаж байна. Та бүхэн мэдэж байгаа монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэдэг байгууллага бий. Энэ алба ажиллаж эхэлснээс хойш мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нь Монголбанкны ажил гэж хүмүүс ойлгодог болчихсон. Гэтэл Хууль зүйн яамнаас эхлээд төрийн болон хувийн бүхий л байгууллагууд энэ асуудалд ач холбогдол өгөх ёстой. Санхүүгийн мэдээллийн алба байгуулагдсанаас хойш Монголбанкны дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа. Арилжааны банкуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулаад, хянаад ажилладаг. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагаа жилийн жилд өргөжин тэлж байгаа. Монголбанкны зүгээс төсвийг нь ч хангалттай хуваарилж өгдөг. Ирэх оноос Санхүүгийн мэдээллийн албандаа тусгай программ хангамж авч өгнө. Төхөөрөмжийг нь авч өгөхөөр ажиллаж байна. Энэ асуудлыг шийдчихвэл өнөөдрийг хүртэл цуглуулсан дата дээрээ анализ хийх юм. Арилжааны банкууд манай Санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний мэдээллийг хүргүүлдэг. Хуульндаа тодорхой шалгууруудтай. Нэг дор 20 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ хийхгүй ч гэсэн тодорхой давтамжтай байвал шалгана. Таван саяар дөрвөн удаа, 15-аар таван удаа нэг данснаас нөгөө рүү давтамжтай гүйлгээ хийвэл сэжигтэйд тооцно. Улмаар Санхүүгийн мэдээллийн албанд өгнө. Сэжигтэй гүйлгээний мэдээлэл ирсэн тохиолдолд Санхүүгийн мэдээллийн албаныхан хууль, хяналтын байгууллагуудад хүргүүлнэ. Тэд сэжигтэй байна гэж үзвэл шалгана. Ази, номхон далайн бүлгийнхэн сая нэг үнэлэлт дүгнэлт ирүүлсэн. Тэд манайд хуулийн хэрэгжилт муу байна гэж үзсэн. Тухайлбал, шүүхээр мөнгө угаахтай холбоотой зүйл ангиар ердөө хоёрхон хэрэг шүүн тасалсан байсан учраас тэр. Гэтэл манайд бол мөнгө угаахаас гадна өөр зүйл ангиар шийтгэдэг. Илүү хүнд зүйл ангийг нь ишлэл болгоод, шийдвэр гаргаж байгаа. Бид гадныханд “Манай улс мөнгө угаах гэдэг зүйл ангиар зүйлчилсэн үү гэвэл тийм. Гэхдээ манай улсын шүүхийн практик ийм байдаг. Илүү хүнд зүйл ангиар нь шийтгэдэг” гэдгээ тайлбарлаад явж байна. Хамгийн гол нь 2013-2016 онд гаргасан алдаатай бодлого, шийдвэрийг яаж засч, зөв болгох вэ гэдгээр илүү анхаарал хандуулж ажиллаж байна. 

-Монгол Улсыг ФАТФ-аас саарал жагсаалтад оруулах эрсдэл үүсчихээд байгаа гэсэн. Тэр ч бүү хэл мөнгө угааж болзошгүй гэж буруутгасан байсан шүү дээ. Энэ асуудлыг яаж засаж, залруулах юм бэ?
-Би түрүүнд хэлсэн, 2013-2016 онд авч хэрэгжүүлсэн бодлогын зарим нь  олон улсын шаардлага, стандартад нийцэхгүй байна. Түүнийгээ засаж, сайжруул гэсэн шаардлага тавиад байгаа. Заримыг засаж, сайжруулъя гэхээр боломжгүй болчихсон. Тухайлбал, Ил тод байдлын тухай хуулийн дагуу ил болсон орлого нь 35 их наяд төгрөг байсан. Гэтэл тэр үеийн манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 23 хүрэхгүй их наяд төгрөг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 1.5 дахин давсан орлого ил болно гэдэг өөрөө эргэлзээ дагуулна. Гадныхан манай улсад зөв зохистой хэм хэмжээ байхгүй байна гэж асууж, хандах нь ойлгомжтой. Гэхдээ 35 их наяд гэдэг нь хаанаас гарч ирэв. Үнэхээр бодит тоо юу, үгүй юу,  давхардуулсан зүйл байна уу. Энэ бүгдийг олон улсын байгууллагатай ярилцаж, залруулахаар ажиллаж байна. 

-Өнгөрсөн хавар УИХ мөнгө угаахтай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт орж, шинэчлэгдсэнээр ямар эерэг үр дүн гарч байна?
-Хуульд хоёр, гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дандаа л Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн шаардлагаар өөрчлөлт оруулж байгаа. Энэ удаад үнэлгээний тайланд үндэслээд гарсан зарим зүйл, заалтыг сайжруулах шаардлага байсан учраас мөнгө угаахтай тэмцэх хуульд өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш илрүүлж байгаа хэргүүд, мэдээллийн тоо эрс өч байгаа. Нэг ёсондоо дата бааз сайжирч байна. Тэр нь гэмт хэрэг шууд өссөн гэсэн үг бас биш. Яагаад гэвэл, шат дараатай, хамгийн сүүлд шүүхэд очиж шийдэгдэх ёстой. Харин манай Санхүүгийн мэдээллийн албаны ажлыг хүмүүс илүү ойлгож, ач холбогдол өгдөг болж. Арилжааны банкууд ч гадны байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн учраас энэ асуудалд бүр ч их ач холбогдол өгдөг. 

-Монголбанкны Ерөнхий­лөгч байнгын хорооны хуралд оролцохдоо ФАТФ Монгол Улсыг гурван шалтгаанаар буруутгасан. Нэг нь 35 их наяд төгрөгийн эх үүсвэр. Нөгөөх нь Монголд хэтэрхий олон ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо байна. Түүнийгээ хянаж чаддаггүй гэж буруутгасан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэр тайланд олон асуудал орсон байгаа. Чиглэл чиглэлийн асуудал бий. Төв банкны хариуцаж байгаа банкны салбарын асуудал ч байна. Банк бусуудыг хариуцаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооных ч бий. Хууль сахиулах байгуулагын асуудлыг ч дурьдсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч хамгийн их ач холбогдол өгөх ёстой зүйлийг хөндөж хэлсэн. ББСБ-ыг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг.  Гол нь төсвийн хүрэлцээний асуудлыг яриад байгаа юм. ОУВС-гийнхан сарын өмнө ирээд явахдаа   хуулийн байгууллагууд болон Санхүүгийн зохицуулах хорооны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулах төсвийг нэмэгдүүлж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр ББСБ-уудыг шалгах байцаагчийн тоо нэмэгдэх боломжтой болж байна гэсэн үг. Монголбанкны хувьд Санхүүгийн мэдээллийн албаныхаа төсөвт анхаарч байгаа. Төсвийг нь нэмээд өгөхөөр үйл ажиллагаа нь илүү идэвхжинэ гэж харж байна. 

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа мэдээлэх үүрэгтэй этгээд гэдгийг илүү тодруулж өгсөн. Ингэснээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн мэдээлэл нэмэгдсэн үү?
-Нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл мэдээлэх үүрэгтэй этгээдийн тоог нэмж өгсөн шүү дээ. 

-ЖДҮ-тэй холбоотой хэл ам зөндөө гарч байна. Тэндээс зээлсэн мөнгөө банкинд аваачиж хадгалуулдаг гэдэг хардлага ч гараад байгаа. Тийм боломж байдаг уу?
-Хэрвээ хэн нэгэн хүн их хэмжээний мөнгө хадгалуулбал ийм орлоготой юу гэдгийг нь мэдээж шалгана. Банк харилцагчаа таньж мэдэх ёстой. Хэн нэг бизнесмэн 100 саяын гүйлгээ хийдэг байж гэж бодъё. Гэтэл гэнэт тэрбум төгрөгийн гүйлгээ хийвэл сэжигтэй гээд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ. Түүний дараа орлогынх нь эх үүсвэр юу байв. Хууль ёсных уу гэдгийг шалгаад, шат дараатай л юм. Харин хэн нэг улстөрч сэжигтэй гүйлгээ хийгээд, шалгагдаж байгаа эсэхийг мэдэхгүй. Яагаад гэвэл Санхүүгийн мэдээллийн алба хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Надад ч тийм хүн сэжигтэй гүйлгээ хийлээ гэж хэлэхгүй.