ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ичдэггүй тарвага

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-20

/Фельетон/

Монгол тарвага гэж пагдгар намхан биетэй, цулцгар махлагдуу нэг тийм өхөөрдөм амьтан бий. Хүзүүнийх нь ганц хоёр үе дутуу болохоороо бараг хүзүүгүй шахам харагдана. Биендээ баймгүй өргөн махлаг цээжтэй. Дээрээс нь холын хараа муу гэж анчид ярилцдаг билээ. 

Ижил сүргээ харахаараа хойд хоёр хөл дээрээ зогсож байгаад хошхирдог. Бас бусдыг хошхируулна гэж боддог тийм нэг амьтан байдаг гэж өхөөрдөнө. Манай нутагт Ховдын Зэргийн нэгэн тарвага бий. Бие нь тарвага болохоос бэрд л дээ, уг нь. Бусад тарвагаа бодвол толгой томтой. Нүд бүлтгэр, мөн л харалган шахуу амьтан.

Том амтай. Хормой хотны явдал ихтэй. Өнөөх том амаараа ч хошхирно гэдгийг харин үзүүлдэг амьтан л даа. Тэрбээр уг нь үнэхээр сайхан хошхирно. Анхлан мань бурхи мөндөл байхдаа сонинд сонин сонин хошхирдог байлаа. Жижигхэн биетэй, жигтэйхэн хорон санаанаасаа болж ойр хавийнхаа амьтан ах дүүдээ шоовдорлогдож явсан үе түүнд бий. Гэхдээ мань мөндөл дотуур тамир, доожоогүй бие, хорчин зан, хогийн заль дөрвийнхөө хүчинд сохрын газар сохор, доголонгийн газар доголон явсаар тэр жилтэй золгосон юм.

Тэр жил гэдэг нь цагаан морин жил л дээ. Мань мөндлийн хувьд бол аз нь гийсэн жил болсон билээ. Харин бусдынх нь хувьд эз нь хаясан жил байжээ, одоо бодоход. Тэр өвөл жигтэйхэн хүйтэн өвөл болж мань тарвага өлсөж үхнэ хэмээн цам харайж, өндөр дов довцог болгон дээр гарч, өлсөж үхэж буй талаараа хошхирдог байлаа. Цатгалан бурхинуудын “Тансаглалыг зогсоо”, “Тусгай хангамжийг байхгүй болго” хэмээн амныхаа хэмжээгээр хошхирч өгнө.

Ингэж мань эр тарваганы хаан болох замаа зассан юм. Тэр жилээс хойш мань мөндөл жил ирэх тутамд нэг гоё хашхирах уриа үг олно. Тэр тоолонд нь түүний мах мариа нэмэгдэж, ёстой л хошин бурхи болсон юм. Нэг жил “Шударга байцгаая аа” гэж орилж байсан бол дараа жил нь “Хэдүүлээ Орхоны хөндий нүүе ээ” гэх мэтээр хошхирно. “Нүүх үү, үлдэх үү” хэмээн сэнхрүүлнэ. Энд тэндээс хөөгдөхөөрөө “Олуулаа болоод ирнэ” ирнэ хэмээн занана. Зан нь тийм юм.

Би дошны тэргүүн нутгийн эзэн болох юм бол “Овоо нь дээр гарахгүй, одон тараахгүй” гэнэ. “Хуулийн өмнө нүүрээ угаагаад очих ёстой” гэж ухуулна. “Шударга байцгаая аа” хэмээн харшхирна. “Худлаа ярьдаггүй” хэмээн өөрийгөө рекламдана. Хүний өөрийн нийлсэн хөл бөмбөгийн багтай гэж өрөвдүүлнэ. Өнчин өрөөснийг тэтгэж яваа тарваганы хайлан хэмээн өөрийгөө сурталдана.

Хаа байсан далайн чанадад явж “хүний газраас хагд өвс өвөртлөн ирлээ” гэж онгирно. Бусад нэгнийгээ булхайтай, худалчаар нь дуудна. Өөрөөс нь өөр цэвэрхэн амьтан байхгүй гэнэ. Нэгэн удаа мань тарвага олныг цуглуулан турхирч байгаад тавын таван амьтны амийг өөрийнхөө өмнөөс анчинд буудуулсан удаа бий. Гэхдээ гэм хийсэн ч гэмгүй юм шиг үлдэж чаддаг зангийнхаа ачаар бас л зүгээр гарсан удаатай. Тэндээс л мань бурхи анчид ихтэй хэцүү цагт буудуулчихгүй үлдэхийн тулд манантай газар байх нь зөв юм байна хэмээн сэтгэж, мананд дагаж амьдардаг болсон гэдэг.

Ийнхүү манантай газар манарч явахдаа нэгэн удаа  “ээжээ би хужаа тарвага биш биз дээ” хэмээн уйлан байсан гэдэг. Ийнхүү явсаар мань бурхи, овооны эзэн олны хаан болоод амжсан билээ. Харин энэ үеэс эхэлж өөрийнх нь өмнө нь хошхирч байсан зүйл нь бүгд худлаа болсон юм. Хамгийн ихээр овоон дээр гардаг тарвага болов. Хамгийн ихээр одон тараадаг бурхи болов. Хамгийн ихээр шударга бусыг бий болгов. Мөн өөрийнхөө нүхийг өөр бусад нүхтэй холбоод “хонгил” ухав. Дургүй хүргэсэн бусдыгаа өнөөх хонгилоороо явуулж тамладаг болгов.

Хамаг газар шороогоо гадныханд зарав. Тэгсэн атлаа дэлхийн амьтад намайг шилдэг Байгаль хамгаалагч гэдэг шагналаар шагнасан гэж нэгэн удаа хошхиров. Хэн ч тоохгүй болохоор “Лхагваа, Лхагваа” гэж хашхирав. Мань бурхи ер нь дотоодын тарвагануудаа дүүжилдэг, гадаадын тарвагыг бол уучилдаг тийм л тарвага болсон юм.

Тэр бүү хэл бурхинуудын бурхи болохоосоо өмнө өнчин өрөөсөнгүй тэтгэдэг хэмээн сурталддаг байсан нь хүртэл худал болж таарав. Өнөө өнчин өрөөсөн амьтдыг өөрөө хаан болсноосоо хойш “эцэг эхэд нь өгөөд явуулсан” хэмээн ичихгүйгээр хошхирч явна. Саяхан харин дошноосоо бууж, довноосоо хөндийрч, дэвээд явснаасаа хойш нэг хэсэгтээ сураггүй чих амар, сэтгэл тайван байлгалаа, хөөрхий. Хаа нэгтэй азын шоо хаяж, хаа нэгтэй нагай хөтөлж чимээ шуугиан багатай явсансан. Гэтэл сүүлийн үед манан сарниж, мань тарвага авлуулах болоод ирэхээрээ, ил гарч, энд тэнд хошхирч харагдах боллоо. Уг нь тэрүүгээр явсан гай тэр чигтээ явахгүй тийм ээ. Түүгээр явсан гай үүгээр л бүү үзэгдээсэй. Холуур холуур...