Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гарагт прокурорын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, үг хэлж, зарим нэг хэргийг ч яаралтай шалгах шаардлагатай байгааг сануулсан юм. Ерөнхийлөгч прокурорын байгууллагын зөвлөгөөнд оролцсоныг иргэд хоёр байр сууринаас хүлээж авч, түүнийгээ илэрхийлж эхэллээ. Зарим нь Ерөнхийлөгч прокурорын байгууллагад нөлөөлөх гэж үзэж байна. Тэнд очих хэрэггүй байсан юм. М.Энх-Амгалан прокурор зангарагтай байлаа. Ерөнхийлөгчид биш хуульд үйлчилнэ гэж хэллээ, сайн байна гэсэн өнцгөөс ч хандаж байна. Зарим нь Ц.Элбэгдоржийн тавьсан хүн өөрийнхөө “эзэн”-ийг шалгахгүй гэж хэллээ. Их том байна, Ерөнхийлөгчөө хүндэлсэнгүй” гэсэн өнцгөөс харж, өөр өөрийн цахим хуудсандаа бичиж эхэллээ. Ерөнхийлөгч прокурорын байгууллагын зөвлөгөөнд өөрөө очиж оролцоод, тодорхой саналууд хэлж, шударга ажиллахыг сануулж байгаа зөв юм биш үү. Дуудаж уулзахаар загналаа гэнэ.
Очоод уулзахаар үүрэг даалгавар өгч байна, хуульд захирагдана гэж болохгүй. Ерөнхийлөгч “Би та бүхэнд оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх тухай хэлж байсан. Бүтэн нэг жил өнгөрөхөд ямар ч ахиц гарсангүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой маш тодорхой мэдээлэл нийгэмд цацагдаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж байна. Гэвч, юу ч өөрчлөгдсөнгүй. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой маш олон буруутгал, шинэ хардалт, таамаг дахин нийгэмд тархаж байгаад анхаарал хандуулж иргэдийн хүлээлтийг зөв, бодитой болгох тал дээр тодорхой ажлыг хийсэнгүй. Жилийн өмнө хэлж ярьж байсан асуудлууд шийдэгдсэн үү гэвэл би “үгүй” гэж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна.
Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой” гэсэн. 28 жилийн турш авлига, хээл хахуул, албан тушаалын наймааны үүр уурхай болж, цэцэглүүлсэн УИХ-аас шударга ёс нэхээд бүтэх нь юу л бол. Харин шударга ёсыг тогтоох ёстой хүмүүсээс түүнийг нь нэхлээ, буруу юу байна. Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн гэдгийг ч Ерөнхийлөгч хэлсэн. Гэтэл тэр хүн өнөөдөр ажлаа хийгээд явж байна. Шударга ёс тогтоох ёстой, хууль цаазыг мөрдүүлэх үүрэгтэй прокурорын байгууллагын удирдлага нь өөрөө иргэдийн боломжийг хулгайлаад хэнэггүй сууж байдаг. Тийм газар Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч очоод шударга ёс шаардаж болохгүй юу. Утааг бууруулах нэрээр хэчнээн тэрбум төгрөг үрэн таран хийлээ. Хэн зуух тараалаа. Утаа буурах нь битгий хэл улам л нэмэгдээд, эхчүүд, хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байгаа нь үнэн. Утаанаас салгачихвал салгачихаар их мөнгийг зарцуулсан байтал үр дүн гараагүй. Энэ шалгах ёстой л хэрэг. Гэтэл яагаад хөдлөхгүй байгааг нь асуух нь зөв. Монгол Улсын баялаг болсон Салхитын мөнгөний ордыг гадны хүмүүс авчихаад, хоорондоо булаацалдаад байж байдаг. Татвар мөнгөө төлдөггүй, нуун дарагдуулдаг, хууль зөрчдөг.
Ерөнхийлөгч “Хөрөнгө оруулагчдынх нь зүгээс Салхитын ордын баяжмалын агуулгыг дарагдуулах, татвараас зайлсхийх, хууль цагдаагийн ажилтнуудыг талдаа татан авлига өгөх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах гэх мэт хэргийг зохион байгуулагч, дэмжигч нь цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байжээ. Энэ бол төрийн ялзралыг харуулсан маш ноцтой хэргийн дөнгөж эхлэл! Үүнтэй холбоотой прокурорууд ч байгаа” гэж хэлсэн. Улсын Ерөнхийлөгч прокуроруудтай уулзахдаа гишүүд чуулганы танхимд попордог шиг хамаагүй зүйл ярихгүй ээ. Энэ үнэн мэдээлэл нь тодорхой. Монголд ийм их хууль бус зүйл өрнөж байхад яагаад шалгахгүй, тогтоохгүй, ажиллахгүй өнөөдрийг хүрэв. Монголчууд бид хууль хяналтынхнаас ингэж асуух цаг болсон. Өнөөдөр иргэддээ ногдол ашиг тараах гээд, ашигтай ажиллаад явж байгаа Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд үнэгүй өгөх гэсэн оролдлого гарч, УИХ-ын гишүүнд тэмцэж байж болиулсан талаар Ерөнхийлөгч бас дурьдсан. Гэтэл Тавантолгойн үр өгөөжийг Монгол Улс аль хэдийнэ хүртэж эхэллээ. “Эрдэнэс Таван толгой” компани сүүлийн долоон жилийн хугацаанд улсад их наяд татвар төлсөн. Өнгөрсөн жил гэхэд 510 тэрбум төгрөгийн татвар төлж, Монголын хамгийн том татвар төлөгч болсон. “Эрдэнэт”-ийг бид “Саалийн үнээ” гэдэг.
Тэгвэл Тавантолгой “саалийн хоёр үнээ” болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөний үеэр “Эдийн засгийн асар их боломжтой ийм компанийг гадныханд 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан байна. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд байсан М.Энхсайханаар гардан гүйцэлдүүлэхээр зохион байгуулсан нь бүгд баримттай байгаа. Би тодорхой эзэнтэй ярьж байна шүү. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгаа юм бэ гэдгийг та бүхнээс асууж байгаа юм. Гэмт хэргийн үр дагавар нь тодорхой. Тавантолгойн ордуудын бүх баримтууд нь байна. Би өргөдлийн хамт өгч байна. Төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Гэтэл хувийн компани хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэж худал баримт бүрдүүлэн гадныхантай нийлж авах гэсэн оролдлого удаа дараа гарсан. Төрийн өмчөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон том ордыг хууль бусаар хэн нэгэнд өгч болохгүй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үндсэн хуулиа хэрэгжүүлж, жинхэнэ эзэд болох ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой. Ингэж 2015 онд дайрсан дайралт бүтэлгүйтээд, 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоод дахиад таван толгойг авах гэж зүтгэсэн” гэж ярьсан. Энэ маш ноцтой хэрэг.
Баримтуудыг нь ч Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгсөн. Тэд шалгах ёстой. Яагаад хоёр Засгийн газар дамжин Тавантолгойг гадныханд өгөхөөр оролдов. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрын үед ажиллаж байсан сайдууд, мөн өөрсдийг нь ямар эрх ашгийн улмаас Монголыг тэжээх энэ том ордыг гадаадынханд өгөх гэж оролдсоныг асуух цаг болсон байлтай. Ганцхан жилд 510 тэрбум төгрөгийн татвар төлсөн гээд бод доо. Юун “саалийн үнээ”. “Саалийн ферм”. Гэтэл “Саалийн ферм”-ээ зүгээр л гадныханд өгөх гэж байдаг. Энэ хэргийг шалгаарай гээд баримт өгөхөөр “Монгол Улсын прокурорын байгууллага хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн гэмт хэрэг хийсэн гэж хэлэхээр түүнийг нь гэмт хэрэгт татдаг, буруутай байх ёстой гэдгээр нь буруутайд тооцож татдаг асуудал миний үед гарахгүй. Би үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө болон Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа та бүхний өмнө хэлье. Хэн нэгний хүсэлтээр хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хариуцлагаас мултлахгүй гэдгээ хэлэхийг хүсч байна” гэж ч байх шиг. Одоо очоод бариад хорь гэсэн биш дээ. Шалгаарай гэхээр “Хэн нэгний хүсэлтээр хэлмэгдүүлэхгүй” гэж пээдэлзэж, улсын Ерөнхийлөгч рүү муухай харж, илт тоомжиргүй хандаж байгаа нь “Би тэднийг хамгаална аа” гэсэн биеийн хэлэмж шиг харагдсан. Хүн бусдыг өөр шигээ боддог гэдэг үг байдаг. Шалга гэдэг үгийг хэлмэгдүүлэх гэж ойлгож байгаа бол энэ үг л санаанд орж байна. Шалгана гэдэг бол хэлмэгдүүлэхээс сэргийлж байгаа үйлдэл гэдгийг Монгол Улсын хууль цаазын тэргүүн мэдмээрсэн.