ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн сонгууль МАН-д нэмэргүй, АН-д бүлэгтэй болох боломж

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн зарим сонгогчид төрд төлөөлөлгүй болоод найман сарын хугацаа өнгөрчээ.  СЕХ 2018 онд нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг УИХ-д хүргүүлж байсан удаатай. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байлаа. Харин намрын чуулган хаагдахтай зэрэгцэж нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр хийхээр тогтжээ. Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын иргэд төрд төлөөлөлтэй болох нь гэж найдаж сууя. Нөхөн сонгуульд зориулж улсын төсвөөс 287.6 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн 14 нам оролцох хүсэлтээ өгөөд байгаа аж. Энэ сарын 6-нд Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба Зөв нам хүсэлтээ хүргүүлсэн.  Тэгвэл 7-ны өдөр МАН, МҮАН, ИЗНН, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Зон олны нам, Монгол консерватив, Ард түмнээ хайрлая, БНН хүсэлтээ хүргүүлжээ.

Харин нөхөн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүс энэ сарын 15-ны өдөр Сонгуулийн хуулийн дагуу өргөдлөө өгөх ёстой. Нэр дэвшигчид удахгүй тодрох байх. Түүний дараа олон таамаг дэвшүүлэх боломжтой болно. Одоогоор 14 нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр хүсэлтээ өгөөд байгаа нь энэ тойрогт жинхэнэ утгаараа “дайн” болохыг илэрхийлж байна. Мэдээж 14 нам бүгдээрээ очихгүй, зарим нь томчуудаас “гарын бэлэг”-ээ аваад, нэр дэвшигчээ буцааж татна. Хажуугаар нь бие даагчид өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй.  Эцсийн дүндээ томчуудын хооронд л жинхэнэ “тулаан” болдог жамтай. МАН-ынхан энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшигч сойх нэр нүүр байхгүй. Гэсэн ч ичих нүүрээ элгэндээ наагаад л сонгуульд оролцохоор хүсэлтээ өгчихжээ. 42 дугаар тойргоос сонгогдсон хамгийн залуу тодотголтой байсан гишүүн нь хууль батлалцаж суухын оронд хүүхэнтэй холбогдож яваад огцорсон. Гэтэл яаж тэр тойрог руу нэр дэвшигч илгээх талаар бодож, ичих булчирхайгаа хаанаа нуусныг ойлгохгүй юм. Зөвхөн “бандааш”-ны асуудлаар дуусахгүй. 2016 оны сонгуулиар энэ улсын гол мөрнийг алтаар урсгана гэж амлах нь холгүй гарч ирчихээд сандал суудал булаацалдаж, чуулганаа ч хуралдуулж чадахгүй байгааг олон түмэн харж байгаа. МАН мартсан ч мань чинь харин мартаагүй шүү.

Одоо тэд бурхан багшийг амилуулж авчраад сонгуульд өрсөлдүүлсэн ч итгэж сонгох ганц ч тэнэг хүн Монголд байхгүй биз. Тэр дундаа 42 дугаар тойргийнхон.  Ийм нөхцөлд хэн гэдэг ичих булчирхайгаа гээчихсэн нэгнийг Хэнтий рүү илгээх нь сонин байна. Нүүр нь огт улайдаггүй, худлаа амлалтаа мянга давтаж өгсөн ч хэл нь гацдаггүй хүн хайгаад, тэр нь олдож байгаа гэж найдъя. Эсвэл бүр нэр, нүүрээ бодоод нэр дэвшигч өрсөлдүүлэхгүй байх ёстой байлтай.  Угаасаа дахиад амлах амлалт, худлаа ярих сэдэв ч үлдээгүй.   Намынх нь нэр хүнд шавартай хутгалдаж, намагт живээд алга болсон энэ үед бүл­гээ цуулчихсан Ардчилсан намын­ханд нэг ч болов суудал хэрэгтэй байгаа.  АН бүлэггүй болсон гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүлээн зөвшөөрөөд, зөвлөх байдлаар ажиллана гээд ярьчихлаа. Тэгвэл цуурсан бүлгийг наах “цавуу”-гаа 42 дугаар тойргоос олж авах боломж байна. Гагцхүү нэр хүнд сайтай, төрөөс хумсалсан гэсэн хэл аманд орооцолдоогүй, дөмөгхөн хүн л илгээх хэрэгтэй юм.

Хамгийн гол шалгуур нь авгай хүүхний асуудалд холбогдоогүй байх ёстой юм. Эс тэгвээс 42 дугаар тойргийн сонгогчид тиймэрхүү сэдвийн хар пиарт өртөх хүмүүст таатай хандахгүй нь ойлгомжтой.  Бас сонгогдсоныхоо дараа хурал таслаад, саун хэсэхгүй нь тодорхой байхаар нас тогтсон хүн илгээхээ АН-ын дарга нар мэдэж байгаа биз ээ.  МАН-ын нэр хүнд шавартай хутгалдсан энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаярт төрд эргэж ирэх боломж бас байгаа.  МАХН нэр дэвшигчээ өрсөлдүүлэх саналаа СЕХ-д хүргүүлжээ. Хоёр хоногийн өмнө СЕХ-оос мэдээлэл хийх үеэр Н.Энхбаярыг өрсөлдөх боломжтой гэж мэдэгдэв.  Түүнд боломж ч гарлаа, атгах нь ч ойлгомжтой. МАХН-аас Хэнтийд очоод АН-ынхантай үзчих хүн өөр байхгүй. Тэгэхээр өөрөө л явж таарах нь.  

Н.Энхбаяр л  МАН, АН-ынхны эсрэг “цавчилдах” зэвсэгтэй хүн.  Гэхдээ МАН, АН-ынхан тийм ч амар “тулаан”-д ялагдахгүй гэж үзнэ. Хэдийгээр МАН-ын нэр хүнд унасан ч сурсан ажлаа хийж, танил технологио хэрэгжүүлнэ. Одоогоор сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр саналаа хүргүүлсэн МАН, АН, МАХН-аас гадна 11 намын хэд нь санал хуваах зорилготой байгааг мэдэх юм алга. Ардчилсан чиг баримжаатай гэгдэх намуудын нэр дэвшигчид АН-ын саналыг хувааж таарна. МАХН-ын саналыг хуваах ямар шинэ технологи боловсруулж, хэнийг нэр дэвшүүлэхийг ч таах аргагүй.  287 сая төгрөгийн төсвийг үрэн таран хийж, дээрээс нь нэр дэвшигчид мөнгөө “цацах” энэ сонгуулийн үр дүн яаж гарахаас 2020 өнгө тодрох учиртай юм.