Засгийн газар болон МҮЭХ хамтран энэ онд байгуулах гурван талт улсын хэлэлцээрт цалин, тэтгэврийн нэмэгдэл хэрхэн тусах талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-МҮЭХ-той хамтран гурван талт хэлэлцээрийг байгуулна гэлээ. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хөдөлмөрийн зах зээл болон иргэдийн орлогод ямар өөрчлөлтүүд гарах юм бэ?
-Гурван талт хэлэлцээр байгуулна гэдэг Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдсан харилцаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар Засгийн газар, ҮЭ-ийн байгууллага, ажил олгогч байгууллагуудын төлөөллүүд гурван талт улсын хэлэлцээр байгуулж ажиллана гэж заасны дагуу Засгийн газар хоёр жил тутамд гурван талт улсын хэлэлцээр байгуулдаг. Энэ нь нийгэм дэх тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой. Нөгөө талаас Засгийн газарт ташуур өгдөг механизм юм. Засгийн газар гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд жил гаруйн хугацаанд нэлээд идэвхитэй ажиллаж байна. Энэ засгийн газар богино хугацаанд ажиллаж байгаа хэдий ч 2014 оноос хойш нэмэгдэж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг нэг жилийн дотор хоёр удаа нэмэгдүүллээ. Төрийн албан хаагчдын цалин доод тал нь 16.8, дээд тал нь 35 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт болон ОУВС-тай хамтарч Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүн. Мөн төрийн төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм. Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдын ажлын байрны нөхцөлд хийсэн судалгааг үндэслэн багш, эмч нарын ангилал, зэрэглэлийг шинэчиллээ. Өөрөөр хэлбэл, ажлын байрны нөхцөл, ажлын үр дүн, хариуцлага, ачаалал зэргээс хамаараад ялгаатай цалин авдаг байх тогтолцоог бүрдүүлж өгсөн. Өмнөх Засгийн газар 2017 онд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг жил тутамд зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан нь иргэдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс бид жилд зургаан сараар нэмэгдүүлэх байсныг гурав болгон бууруулсан. 2017, 2018 онуудад байгуулагдсан Улсын гурван талт хэлэлцээр 83 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. 2019, 2020 оны гурван талт улсын хэлэлцээр байгуулах тухай Ерөнхий сайдын захирамж өнөө, маргаашгүй гарна.
-2019-2020 оны Улсын гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримтлах бол?
-Гурван талт улсын хэлэлцээрийн шийдвэрийг би урьдчилан хэлэх боломжгүй. Тус хэлэлцээрт орохдоо иргэдийнхээ цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлого баримтална гэсэн чиглэлийг Засгийн газраас авч, тухайн удирдамжийн дагуу гурван талт хэлэлцээрт ордог. Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар ямар бодлого баримтлах вэ гэдэг шийдвэр гарсны дараа гурван талт хэлэлцээрт орно. Ер нь төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэсэн ерөнхий зарчмыг Засгийн газар баримталж байгаа. Тиймээс ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин нэмэх нь тодорхой. Энэ жил хийсэн цалингийн тогтолцооны системийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх ёстой. Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцлийн судалгааг үргэлжлүүлж, ангилал, зэрэглэл нь шинэчлэгдээгүй зарим албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээг авна. Засгийн газарт удирдамжаа батлуулсны дараа асуудлууд тодорхой болно. Ямар ч байсан ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
-Нийт хүн амын 30 хувь нь ядууралтай байна гэсэн судалгаа гарсан юм билээ. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр энэ үзүүлэлт хэр өөрчлөгдсөн бэ?
-Энэ бол 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тоо. Үндэсний статистикийн газраас дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаагаар хүн амын 29.9 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан юм билээ. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хүн амын ядуурлын судалгаа шинэчлэгдэж гараагүй байгаа. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох зэрэг нийгмийн хамгааллын олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2018 онд нийгмийн хамгааллын чиглэлээр улсын төсөвт 450 орчим тэрбум төгрөг тусгасан. Харин 2019 оны төсөвт 470 орчим тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Жил бүр 450 орчим тэрбум төгрөг иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулж байна. Тиймээс ядуурлын хэмжээ түүнийг дагаад буурч байгаа болов уу. Ядуурлыг бууруулах хамгийн гол арга бол ажилгүйдлийг бууруулах юм. Үүний тулд МСҮТ-үүдийг хөгжүүлэх ёстой. МСҮТ-д суралцаж байгаа залуусыг ажлын байранд зуучилж, ажилтай болгох, нөгөө талаас ур чадвартаа түшиглэн өөртөө ажлын байр бий болгох талаар бодлого баримталж ажиллах ёстой.
-Хөдөлмөрийн зах зээлд ажлын байр байгаа хэдий ч иргэд ажилгүй байгаад байна. Манай улсад ажиллаж байгаа гадаадын иргэн хэр их байдаг юм бэ. Гадны ажиллах хүчнийг цөөлж, дотооддоо ажлын байр нэмэгдүүлэх талаар танай яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа ажлын байрыг дотоодынхоо ажиллах хүчнээр хангах бодлогыг ХНХ-ын яам баримталсаар ирсэн. Өнгөрсөн жил ХНХ-ын сайдын тушаал гарч, гадаадаас авч байгаа ажилчдын тоог 2018 онд 30, 2019 онд 20 хувь бууруулна гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүний үр дүнд гадаадаас авч байгаа ажилчдын тоо буурч байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд дотоодынхоо ажилчдыг зуучлах бодлого хэрэгжиж байгаа. Өнгөрөгч онд гадаадаас авсан ажилчдын тоо 2016 оныхтой харьцуулбал, 40, 2017 оныхоос 23 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ жил бид дахиад 20 хувиар бууруулах зорилтыг тавьж байна. Дотооддоо бэлтгэгдэх боломжтой мэргэжлүүдээр гаднаас ажиллах хүч авахгүй гэдгийг бид бид тодорхой зааж өгч байгаа. Тухайлбал, 2019 онд автомашин засварын чиглэлээр гадаадаас ажиллах хүч авахгүй гэдгийг зарласан.
-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хамгийн бага буюу 16.6 хувиар нэмэгдсэн гэж МҮЭ-ийн төлөөллүүд ярьж байна. Бага нэмэгдсэн нь юутай холбоотой вэ?
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ хоёр янзын арга хэрэглэсэн. Нэгдүгээрт, инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмсэн гэдгийг өмнө нь хэлсэн. Өнгөрсөн жил найман хувиар нэмэгдүүлсэн бол энэ жил инфляцийн түвшин 8.1 хувьтай байсан учраас мөн найман хувиар нэмэгдүүллээ. Инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэгдүүлэх арга хэмжээнд төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдсан учраас нийтдээ 16.8 хувиар цалин нь нэмэгдсэн. Харин багш, эмч нарын хувьд ажлын байрны нөхцлийн үнэлгээнд тулгуурлан ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан учраас арай илүү хэмжээгээр нэмсэн юм. 2020 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхдээ төрийн үйлчилгээний доод албан тушаалын, бага цалинтай иргэдийн цалинг ахиу нэмэгдүүлж, боломжтой бол ажлын байрны нөхцлийн үнэлгээг хийнэ. Ингээд ажлын байрны судалгааг үндэслэж ангилал, зэрэглэлийг нь өөрчлөх талаар анхаарна. 2020 онд бага цалинтай иргэдийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх нь зүйтэй. 2019, 2020 оны гурван талт улсын хэлэлцээрт үйлчилгээний ажилчдын цалинг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудлыг авч үзнэ.