Монгол Улсын Үндсэн хуульд “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж болохгүй. Монгол хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалт бий. Тэгвэл Үндсэн хуулийг уландаа гишгэсэн аймшигтай үйл явдлууд сүүлийн хэдэн жил боллоо. Монгол Улсад хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл явдлууд болж байгаа гэдгийг ганц хоёр жишээ л харуулчихлаа. Шүүхийн байгууллага шударга ажиллаж чадахаа больсон, төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болж, томилсон хүндээ ёс зүйгүйгээр үнэнч зүтгэдэг гэдгийг ч олон үйл явдал баталсаар байх юм. Хамгийн том жишээ нь, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдож, гурван шатны шүүхээс ял аваад байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэг гарч ил болж, УИХ-ын гишүүд үзчихээд шогширч байгаа явдал. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч алдаа гаргасан гэж бодъё. Гэтэл хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэх ёстой прокурор бас л алдаа гаргасан гэсэн үг үү.
Хоёр шатанд алдаа гаргасан байлаа ч шүүгчид яагаад нүдээ аниад, алх цохиж, хүмүүсийг хорив. Энэ бол шүүгчид шударга ажиллаагүй гэдгийг баталж байгаа хэрэг биш үү. Нүүрсний хэрэг гэдэг улс төрийн зорилготой зохиомол хэрэг үүсгэж, ялласан талаар олон хүн ярьж байсан. Одоо ч ярьж байгаа. Ердөө л нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Б.Мөнгөнтуяаг энэ хэрэгт хутгаж, хилсээр ял оноочихоод, дараа нь сулласан. Иргэнийг хилсээр хорьж, хохироосон гэж үзэж төр нөхөн төлбөр хүртэл олгосон. Тэр хүн Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадаагүй. Нэр төр, ажил төрөл, эрүүл мэнд гээд бүх зүйлээрээ хохирсон. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл яах аргагүй мөн. Энэ мэт маш тодорхой хэрэг гарч, хүний эрх зөрчигдөж, зарим шүүгчид дураараа дургиж байхад ХЭҮК, Шүүхийн Ерөнхий зөвлөлийнхөн хаана байв. Хоёр хүнийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн болохыг нотлох бичлэгийг гаргаж ирж, гишүүд үзсэний дараа ХЭҮК-ынхон мэдээлэл хийж байх жишээтэй.
Тэгэхдээ “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх мэт гомдол ирсэн. Маш нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй байлаа. Эрүүдэн шүүх гэдэг бол гэмт хэрэг. Бид энэ хэргийг шалгахтай холбоотой гарсан зөрчлүүдийн талаар холбогдох байгууллагад нь албан бичиг хүргүүлдэг. 2012 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэг, 12 аймгийн төвд шүүх өрөөг мэдүүлэг авах өрөөг дуу, дүрсний камертай болгосон. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн оруулах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж заасан. Харамсалтай нь энэ шаардлага орон нутагт хэрэгжихгүй байна. Тэнд эрүүдэн шүүх ажиллагаа явагдаж байна гэсэн үг” хэмээн ярилаа. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд албан тушаалтан руу бичиг өгөх, зөвлөмж хүргүүлэх, тайлан гаргахаас өөр эрх мэдэлгүй гэж байна. Нууцын зэрэглэлтэй гэхээр л “хазаж” чадахгүй Хүний эрхийн Үндэсний комиссоор яадаг юм. Гэхдээ татан буулга гэж байгаа юм биш, эрх мэдлийг нь нэмж, хүний эрх зөрчигдөж байгааг сайтар шалгадаг, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэх эрхтэй болгоё. Тэгэхгүй бол “нууцын зэрэглэлтэй” гээд л хүн тамлаад, эрхийг нь ноцтой зөрчөөд, эрүүдэн шүүгээд байж болохгүй.
Өнөөдөр хаа сайгүй л хүний эрх зөрчигдөж байна. Тэр дундаа хууль, шүүхийнхэн, эрх мэдэлтнүүд хүний наад захын эрхийг зөрчдөг болсон. Тийм байхад ХЭҮК тайлан гаргахаас илүү эрх мэдэлгүй байж болох уу. Дээрээс нь энэ мэт байгууллагаа арай чадвартай, залуу хүнээр удирдуулья. Одоогийн удирдлагыг муу гэж байгаа юм биш. Тэднээс илүү чадвартай, мэдлэгтэй, чадалтай залуучууд олон байгааг мартах учиргүй. Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж ёстой өөрсдийг нь шүүчихмээр байгууллага байгаа. Шүүгчид нь хүний эрхийг ноцтой зөрчөөд, Үндсэн хуулийг уландаа гишгээд, хилс хэргээр ялалсан нь бараг л батлагдчихлаа. УИХ-ын ихэнх гишүүд энэ талаар хангалттай байр сууриа илэрхийлж, хууль, шүүхийн байгууллага яаж ялзарсан талаар дор бүрнээ хэлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх гарч ирээд өөрийг нь яаж хэлмэгдүүлсэн. Шүүгчид ямар байдлаар ажиллаж, аль аль хэргийг хэрхэн шийдсэн талаар нэрийг нь хэлж байгаад ярилаа. АТГ-аас мэдээлэл хийхдээ найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлээд өгвөл шалгах хэрэгтэй байгаа ч хэллээ. Гэтэл Шүүхийн Ерөнхий зөвлөл таг чиг. Ядаж ганц үг ган хийхгүй байсаар л. “Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан” гэдэг ярилцлага УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өгсний дараа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Шүүгч яагаад тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болдоггүй юм” гэж жуумалзаж байсан.
Түүнээс хойш шүүгчтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй, шийдвэртэй алхам ч бараг хийсэнгүй гээд хэлчихвэл гөрдсөн болохгүй байх. Сүүлд хоёр шүүгчийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь түдгэлзүүлснийг эс тооцвол шүү дээ. ШЕЗ ийм л янзтай ажиллаж байна. Авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэхээр прокуророос зөвшөөрдөггүй. Нийслэлийн прокурор Д.Баярмагнай гэдэг хүн “Ямар ч шалгалтын ажиллагаа явуулаагүй мөртлөө шүүгчдийн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн. Хариуд нь би хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах болон бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа бол үйл баримтаар нотолж ирүүл гэж хуулийн шаардлага хэлсэн. Хуулийн дагуу нэг ч ажиллагаа явуулаагүй байж ингэж болохгүй гээд буцаасан” хэмээн тайлбарласан байна билээ. Бүхэл бүтэн АТГ ганц цэг тавилгүй, шалгалт явуулалгүйгээр бусдыг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, прокурорт хүсэлт тавьсан болж таарч байна уу. Наймын найман шүүгчийн асуудлыг яриад байхад ШЕЗ хаана байв.
Эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломж байдаг бол тэрийгээ ашиглах ёстой биш үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хүнийг эрүүдэн шүүж, тамлан зовоосон хэрэгт орооцолдож байна. Гурван шатны шүүхээр хүнд хилс хэргээр ял оноосон гэх асуудал босч ирээд байхад ШЕЗ яагаад ганц үг ган хийхгүй байгаа юм. Үүнийг шударга бус шүүгчдээ хамгаалж байна гэхээс өөр яалтай. Улстөрчдийн яриад байгаа “Шударга бусын хонгил”-ын нэг багана нь ШЕЗ болоо юу. Яаж ч бодсон энэ байгууллагын удирдлагыг солих, шинэчлэлийн “салхи” оруулах цаг болсон байна. “Шүүгч тэрбумын хадгаламжтай байж болохгүй юу” гэж ядарсан ард түмнээ тавлаж байгаа хүнээс, шударга бус шүүгчдээ хаацайлж байгаа юм шиг дүлий дүмбэ оргин суугаа зөвлөлөөс үнэн зөвийг хүлээгээд нэмэргүй. Тиймээс ХЭҮК-ийг ч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг ч шинэчлэх цаг болжээ.