ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг удаа цус бэлэглэхэд 3-5 хүний амь авардаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-24

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийг цус, цусан бүтээгдэхүүнээр  хангадаг цорын ганц эмнэлэг нь 55 жилийн түүхтэй ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв билээ. Энэ эмнэлэгт сайн дураараа цусаа хандивлах гэж  ирсэн иргэдийн цусыг цуглуулж бүтээгдэхүүнийг бэлтгэн эмнэлгүүдэд тараадаг аж. 

Одоогоос гурван жилийн өмнө иргэд цусаа хандивлах талаарх мэдлэг дутмаг, цусаа өгснөөр эрүүл  мэндэд сөрөг нөлөөтэй, халдвар авдаг болох,  дархлаа мууддаг зэрэг ташаа мэдээллээс эхлээд олон шалтгааны улмаас манай улс цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орж байв. Улмаар мэдээ мэдээллийг идэвхжүүлж,  цусаа олон нийтэд хандивлаж донор болохын ач тусыг мэддэг болсноор иргэдийн идэвхи нэмэгджээ. Харин сүүлийн жилүүдэд өдөрт дундчаар ЦССҮД-д 100 гаруй хүн 400 орчим грамм цус бэлэглэхэд,  тулгамддаг байсан асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Зарим тохиолдолд зуны улиралд оюутнууд амрах,  хүмүүс хөдөө аялал зугаалгаар  явах үед бүлгийн хамааралтай цусны шаардлага нэмэгдэнэ үү гэхээс дутагдаад байдаггүй талаар тус төвийн Донор зохион байгуулалтын тасгийн технологич их эмч Р.Энхтуяа ярилаа.

Цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа олон янз байдаг бөгөөд хоёроос дээш жил 80 градусын хэмд хөлдөөж хадгалдаг. Зарим нь тавхан өдрийн турш хадгалагдаж захиалгаар нийлүүлдэг байна. Хүн амын дундах өвчлөл ихсэх тусам цус,  цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ихэсч байгааг эрүүл  мэндийн салбарынхан хэлдэг. ДЭМБ хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байдаг аж. 

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг  эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байгаа юм. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирж цусаа хандивлаж буй хүмүүсийн дийлэнх нь залуучууд, оюутнууд  байгаа нь илхэн байв. Цусаа өгөхийн тулд бусдаар заавал шаардуулаад байхгүй, санаачилгаараа ирээд өгдөг олон залуус байдаг гэлээ. Тэдний хувьд цусаа хандивласнаар хэдэн зуун хүний амь насыг аварч, буян үйлддэг гэдгийг мэддэг. Буян үйлдэхээс гадна иргэн хүнийхээ үүргийг ухамсарладаг тухай ч хэлж байлаа.  

ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн технологич их эмч Р.Энхтуяагаас зарим зүйлийг сонирхлоо.Тус төв сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоногложээ.

-Ямар хүн донор болдог вэ. Ямар шаардлага хангах ёстой вэ?

-Ямар ч хүн донор болж болно. Донор болохын тулд өөрийгөө эрүүл саруул гэж бодсон, 17-60 хүртэлх настай хүн байна. Бид авсан цусандаа цусаар дамжин халдварладаг дөрвөн төрлийн шинжилгээг хийнэ. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд бүтээгдэхүүн болгодог. Манай төв 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эмнэлгүүдэд нийлүүлж байна. Жишээ нь,  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр өөр өөрийн хэрэглэх заавартай. Улаан эсийн бүтээгдхүүн нь цус алдах, төрөлт, аваар осолд хэрэглэх жишээтэй. 

-Цусны донор гэдэг сайн дурын үйл ажиллагаа байдаг шүү дээ. Танай төв дээр хэсэг хугацаанд суухад ихэвлэн залуу хүмүүс ирж цус хандивлаж байгаа нь сайхан  санагдлаа?

-Манай залуус их ухамсартай болжээ.  Иргэдийг заавал  цусаа өг гэж хүчлэхгүй, шахахгүй. Тооцоод үзэхээр  өдөрт 100 орчим,  жилд 25 мянган донороос цус цусан бүтээгдэхүүн цуглуулдаг.  Одоогоор  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дүнжингарав худалдааны төвд Цус сэлбэлт судлалын төв бас бий. Иргэд тэр бүр манай гурван төвд зорьж ирэх боломжгүй, учир их дээд сургууль, цэргийн анги,  зарим албан байгууллагаар явуулын маягаар явж цус авч байна. Оюутнууд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлан цусаа хандивлахаасаа татгалздаггүй.  

-Хүндэт донор болсон иргэдэд улсаас ямар нэгэн урамшуулал өгдөг үү? 

-Байгаа. Хүндэт доноруудыг жилд нэг удаа сувилалд үнэгүй амраах, нийтийн тээврээр үнэгүй зорчих,  зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх гэх мэт урамшуулал байдаг. 

-Өдөрт ирж цус хандивлаж байгаа иргэдэд урамшуулал бий юу? 

-Нийгмийн хариуцлага гэдэг  утгаараа иргэд урамшуулал гээд байдаггүй л дээ. Гэхдээ ирж, очих унааны зардал 1000 төгрөг өгдөг. Мөн цусаа өгөхдөө даарахгүй,  халуун бүлээн байх ёстой учир халуун ундаа,  цайгаар үйлчилдэг. 

Хүний биеийн жингээс хамаараад 3.5-7 кг цус биед агуулагддаг. Үүнээс  350-400 грамм цус авдаг. Ингээд 72 цагийн дотор цус буцаад  төлждөг аж. Харин эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сар болж байж дахин  цусаа бэлэглэж болдог. 17-60 нас хүртлээ хэдэн ч удаа өгч болдог гэв. 

Сонирхуулахад н.Бум-Эрдэнэ гэдэг хүн 200 гаруй удаа цусаа хандивлажээ. 

ЦССҮТ-өөс олон жил цусаа хандивласан  иргэдээ  урамшуулах зорилгоор  алт  мөнгө, хүрэл,  хүндэт донор  гэсэн өргөмжлөл олгодог. Тодруулбал, 35 удаа өгвөл хүндэт донор, 70 удаа өгвөл хүрэл, 100 удаа өгч байж мөнгө, 150-иас дээш өгвөл алтан донор хэмээн тус төвөөс алдаршуулдаг аж. Одоогоор  улсын  хэмжээнд таван алтан донор, 20 мөнгөн донор, 70 хүрэл донор олон хүний амь насыг аврах их үйлсэд хүчин зүтгэсэн гэхэд болно. Харин жилд 40-50 хүн хүндэт донор болдог учир маш олон бий. 

Манай улсын  хувьд  өмнө нь  зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай хүн донор болдог  байсан бол цусны дөрвөн бүлэг хоорондоо таардаг болсон. Нэг болон гуравдугаар бүлгийн цустай хүн,  нийт иргэдийн 70 орчим хувийг эзэлдэг. Харин ховор бүлэг буюу  хоёр, дөрөвдүгээр бүлгийн цус 30 орчим хувийг эзэлж байна. 

Идэвхтэн донорууд 14 хоногт нэг удаа цусаа хандивладаг аж. Тус төвд долоон жилийн турш цусаа хандивлаж буй Н.Төгөлдөртэй хэдэн хором ярилцлаа. Түүний хувьд хоёрдугаар бүлгийн ховор цустай нэгэн юм.

-Анх яагаад цусаа хандивлах болсон бэ? 

-Миний хувьд 2006 онд анх цус бэлэглэж байсан. Оюутан байхад, манай багшийн хүүхэд  цусны хүнд өвчтэй болоод найзуудтайгаа нийлээд цусаа өгч байлаа. Түүнээс улбаалан  хүн хүндээ ингэж тусалж болдог юм байна гэж бодсон. Түүнээс хойш ганц хоёр удаа цусаа өгч байгаад, тодорхой шалтгааны улмаас өгч амжаагүй. 2012 оноос хойш идэвхтэй энэ үйлсэд оролцож байна. 

-Цусаа өгснөөр таны биед ямар нэгэн өөрчлөлт гардаг уу?

-Цус төлжих нь илүү хурдан болдог,  бодисын солилцоо сайжирдаг юм шиг санагдсан.Мэдээж заавар зөвлөмжийн дагуу шингэн,  халуун бүлээн зүйл сайн уухад ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй. 

-Бусад залуустаа хандаж уриалбал?

-Миний хувьд хүнд тустай, нохойд ястай явах юмсан л гэж боддог. Тэрний нэгээхэн хэсэг нь өөрийнхөө хийж чадах зүйлээрээ  бусдад тусалж буй үйлдэл маань энэ юм даа. Хүмүүст тусалъя гэж боддог олон залуус байдаг байх. Энд цусаа хандивлах хүсэлтэй олон залуус байгаасай гэж л хүсмээр байна. Энд  ирээрэй гэж уриалж байна. 

Цусны  донор болж цусаа  өгөх  нь   сайн  дурын  үйл  ажиллагаа ч,  хөгжилтэй  улс  орнуудад  иргэн бүрийн үүрэг  гэж заасан  байдаг. Солонгост л гэхэд цусаа өгдөг хүн төрийн байгууллагад ажилд ороход давуу тал болдог байна. 

Иргэд  цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол дараахь зөвлөмжийг дагахад л хангалттай юм. Нэн түрүүнд цусаа хандивлахын өмнө сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Мөн хувийн ариун цэвэр сахих, шингэн зүйл  ахиу уух ёстой. Цусаа өгөхөөр ирэхдээ цахим үнэмлэхтэй ирнэ. Харин архи согтууруулах ундаа, өөх тостой хоол унд, сүүтэй цай, сүү сүүн бүтээгдэхүүн, эм тариа, өнгөт ундаа,  жимс хэрэглэхийг хориглоно гэдгийг санаарай. Цус өгөхийн өмнө түр болон бүрмөсөн хориглох заалт гэж бий. Түр хориглох заалт нь тухайн цаг хугацаанд донор цус өгч болохгүй шалтгаантай учир эмчийн дүгнэлтээр цус өгөхгүй хойшлогдож байгааг хэлнэ. Харин бүрмөсөн хориглох заалт нь цус өгөх нь донорт болон түүний цусыг эмчилгээнд хэрэглэх өвчтөнд тохирохгүй шалтгаан байгаагийн улмаас эмчийн дүгнэлтээр Цус өгөхийг бүрмөсөн хориглох заалтыг хэлнэ. Мөн зарим шалтгаантай үед буюу өвдөөд  эм тариа хэрэглэж байгаа тохиолдолд  түр  хугацаанд цусаа бэлэглэхээс татгалзах хэрэгтэйг  эмч сануулаа.