Хэн дуртай нэг нь өсгөгч, микрофон олоод авчихвал хаа таарсан газраа жагсаал цуглаан хийдэг. Тэр ч байтугай төрийн ёслолын арга хэмжээ болж байхад Төв талбай дундуураа машинтай хөндлөн давхиж, тэнд алхаж явсан нэгнийг дайрч унагах шахам улстөржиж байх юм.
Манайхаас өөр улсад бол төрийн тусгай хамгаалалт руу нэвтэрсэн гэх үндэслэлээр шууд л хоригдох, эсвэл буудуулах байв. Гэтэл ардчилал гэх малгай өмссөн учраас тэмцэгчийг минь сулла хэмээн шаардаж, түүнд Зөрчлийн хуулиар л хариуцлага хүлээлгээд өнгөрчээ. Өөртөө элдэв холбоо байгуулчихаад түүгээрээ дамжуулан улстөрждөг, гуталтай хөлөө гипсдүүлчихээд гэмтэл авлаа хэмээн өрөвдүүлдэг попууд тодорч байгаа нь мөн л ардчиллын буян заяа.
Тендерт компани нь ялагдчихаар тэмцэгч болж хувирчихаад, төрийн өмчийн компани шантаажилдаг, төв талбайд гараад жагсахаараа төрийн сайд, даргыгаа хүссэнээрээ матарлаж, доромжилдог эрх чөлөөг бид 28 жилийн өмнө олж авсан юм.
Дэд сайд байхдаа бодлого боловсруулах талаар хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа албан тушаалаас буучихаараа ажлаа мэддэг нэгэн болж дөвчигнөх эрх чөлөөг бас олж авсан билээ. Ерөнхийлөгчөө өөрийнхөө нүүр номоор доромжилж, Ерөнхий сайдыгаа шалдалж байгаад зургийг нь өлгөдөг эрх чөлөөндөө монголчууд хачин их хайртай. Үүнийг авчрах гэж тэмцэж байсан хүмүүсийг ч бид хир халдаахгүй хайрладаг юм. Ардчиллын алтан хараацай хэмээн Төв талбайд тайван жагсаал хийж, энэ улсад хүссэнээ бичиж, хэн дуртайгаа доромжлох эрх чөлөөг авчирсан хүмүүс өнөөдөр харин хэн болж хувирч вэ. Өнөөх тэмцэж олсон ардчиллаа тэд хамгаалж чадсан юм уу гэдэг асуулт урган гарах болов. Ардчиллын анхдагчид хэмээн цээжээ дэлддэг хүмүүс өнөөдөр тэмцэж олсон ардчиллаа хамгаалж чадаж байна уу гэж асуумаар санагдах болов. Даанч энэ асуултад “хамгаалж чадсан” гэдэг хариулт өгөх хүн Монголд байхгүй болжээ.
Монгол Улсад ардчилал хэдийнэ булшлагдсан байна. Харин ардчиллыг анархизм руу түлхэж байгаа хүмүүс л бий болчихоод байгаа юм. Ардчиллаа буруугаар ашиглаж, албан тушаалд хүрсэн хүмүүс л байгаа. Ах дүү амраг саднаа хэмжээлшгүй эрх мэдэлд хүргэж, төрийн өмчийг хувааж идэхэд тэр ардчилал нь зориулагджээ. Бүлэглэл болон хуваагдаж, бие биенээсээ өшөө хорслоо авахад л цагаан морин жилийн хувьсгалаар олж авсан багахан нэр хүндээ зориулж байх юм, тэд. Энэ сарын 30-нд Ардчилсан намаас төв талбайд хариуцлага нэхэх жагсаал зохион байгуулав.
Утга агуулга, хөндөж буй сэдвийн хувьд өөлөх зүйл байсангүй. Мэдээж улс төрийн талаас харвал сөрөг хүчний нам ийм акц хийх нь зөв. Тэр жагсаалын утга агуулга юунд зориулагдсаныг ч мэдэж байсан учраас Төв талбайд олон хүн итгэл үнэмшлээрээ цугласан. Ардчилсан нам хүнсний талон тараахгүй гэж шантаажилсан гэнэ, хүн бүхэнд мөнгө өгчээ гэх мэт учир утгагүй явуулга ч энэ үеэр хийгдэж, өлгөсөн шаардлагыг нь фотошопоор эвлүүлчихээд гутаах гэж оролдлоо.
Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, махны үнэ магнаг болсон уу гэвэл “тийм” гэж бүгд л хариулна. Шатахууны үнэ өдрөөр өсөж байхад эрх баригч нам нь хуруугаа хөдөлгөхгүй байгаа учраас ийм цаг үед сөрөг хүчний ямар ч нам улстөржиж, шахаж шавдуулж жагсаал цуглаан хийх нь зүй ёсны л асуудал билээ. Ардын нам үүнээс ч илүү тавилттай, түүнээс ч том хэмжээний шоутай жагсаалыг сөрөг хүчин байхдаа дэглэж байсныг монголчууд мартаагүй байгаа. Тиймээс сөрөг хүчний улс төрийн акцийг тэгтлээ хүндээр тусгаж, бухимдаад байх шаардлага үгүй юм.
Гэхдээ энэ бүхэн зөвхөн Ардын нам төр барихад бий болчихсон гэвэл түүн шиг үлгэр үгүй. Монгол төрийн бодлогыг 28 жилийн турш ээлжилж барьсан, МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин, тэр дотор бодлого барьж байсан улстөрч бүхэн буруутай. Тэр тусмаа өнгөрсөн жагсаалаар ардчиллын зарим лидерүүд хамгийн муухай харагдлаа. Талхны булан олж идэхийн тулд борви бохисхийхгүй зүтгэж, байгаа ард түмэн нь гадаа чин үнэнчээр, шударга ёсны төлөө жагсч байхад тэд харин хажуу талд нь тансаг ресторанд хоол идээд сууж байсныг нь нэгэн иргэн нүүр номондоо бичжээ. Тэд ингэж л тэмцдэг аж. Ерөөс АН, МАН хоёулаа адилхан ард түмэнд үнэхээр хайртай юу гэвэл үгүй л дээ.
Төр түмний төлөө жагсаж байгаа эсэргүүцлийн жагсаалд эгээ л баяр ёслолд ирж байгаа аятай гангарч ирж, ганц нэгхэн сүржин үг тайзнаас хэлчихээд л буугаад алга болсон лидерүүд олон байлаа. Харин дараа нь намын нэрээр албан тушаалд очсон найзуудтайгаа тансаг ресторанд хооллож суусан гэхээр ардчилал гэх нэрийн дор хэн нуугдаж, энэ үгийг хэн ашиглаад байгаа нь ойлгомжтой болж байгаа биз. Ардчилал олон хүнийг хоолонд хүргэсэн. Олон ч хүнд буян үйлдсэн. Бас олон ч хүнийг хэмжээлшгүй эрх мэдэлд хүргэж, үе удмаараа ч идээд барахгүй хоолтой нь залгуулсан гавьяатай.
Ардчилсан намын нэрээр албан тушаалд очиж, төрийн бүх л албан тушаалд оччихсон нэгэн эрхэм өнөөдөр ардчиллаа зүхэж занаад явж байгаа нь худлаа биш. Одоо ч энэ намд зөвхөн хувийн карьераа өсгөхийн төлөө, эрх мэдлээ хамгаалахын тулд, эрх ашгаа нуухын тулд, эд мөнгө авахын тулд нэрийг нь ашиглаж, намд нь шургалж яваа хүмүүс олон байгааг нуугаад яах билээ. Ардчилалд хайртай ард түмнээр бамбай хийж, албан тушаалд очих гэж санаархаж, түүнийг эрх мэдэлд хүрэх шат гэж харсан залуу, дунд, ахмад үеийн улстөрчид ч байдаг учраас энэ намд их цэвэрлэгээ юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм.
Тэд бол ардчилагчид биш. Алтан хараацай нар ч биш. Ерөөс өссөн нэр хүндийг ашиглах гэсэн амбийц л байгаа. Түмэн олон өлсөж байна, ядарч байна гэж попрох атлаа тансаг ресторанд хоол идэх дүр эсгэсэн ардчилсан тэмцэгчдээсээ даруйхан сал, Эрдэнээ дарга аа. Намын чинь нэрийг дургүйгээ хүрэхээр гутааж, дураа хүрэхээр гүйж ирээд наалдаж, бүр том албан тушаалд шантаажилж байгаад суудаг энэ мэт хачиг, хувалзуудаасаа сал.
Бас энэ нам авлигачдыг өмгөөлдөг, тэднийг хамгаалдаг бамбай болох ёсгүй юм шүү. Э.Бат-Үүл, Баабар тэргүүтэй хүмүүс энэ үйл хэргийг оройлж явааг нуугаад яах вэ. Ардчилсан намын нэр хүнд ёроолдоо хүртэл уналаа л гэнэ. Тийн атлаа Баабар намаа аврахын төлөө юу хийсэн юм. Харин бичих эрх чөлөөг ашиглаж энэ хүн олон жил тархи угаалаа. Өчигдөрхөн муулж байсан Оюутолгойгоо өнөөдөр өмгөөлчихсөн нийтлэл бичиж, тархи угаагаад сууж байна. Ардчилал энэ мэт хүмүүст л давуу боломж, даврах эрх чөлөөг өгсөн юм байна.
Нэг л их ардчилалд хайртай хүмүүс. Гундахаар нь хамгийн их дэвсэлнэ, мандахаар нь хамгийн түрүүнд ирээд наалдчихна. Гитар бариад гарч ирдэг гарууд ч энэ намд олон бий. Нуугаад яах юм. Хэдий болтол “ардчилал” гэх энэ үг эрх мэдэлд хүрэх гэсэн, илүү танигдах гэсэн Ж.Батзандан, Э.Бат-Үүл, Баабар, Х.Тэмүүжин мэтийн попуудын гишгүүр болох ёстой гэж. Өнгөрсөн жагсаалаар ч яг л ийм хүмүүс тодрох гэж хичээж, эцэстээ улс төрийн тэмцлийг хошин шог болгоод дуусгалаа.
Дахиад хэлье, бид ардчилалд хайртай. Бичих эрх чөлөөг олгосон учраас олон ч сэтгүүлч энэ үгэнд хайртай байдаг юм. Тэр үгээр улс төр хийж яваа улс төрийн намын алдаа оноог ч ил тод шүүмжлэх эрх чөлөө байдаг учраас ардчилалд олон хүн хайртай. Тийм ч учраас ардчилал, тэр дундаа Ардчилсан нам эрх мэдлийн гишгүүр, бүлэглэл хамгаалдаг зэвсэг, авлигачдын нуугддаг халхавч, сүүдрэвч битгий байгаасай гэж олон хүн хүсдэг, бас тийм байлгахгүйн тулд тэмцдэг билээ.