ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намынхны “хонго” нь загатнажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

“Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, Эхнэрээрээ оролдвол салахын цондон” гэгчээр эрх баригч намын 64 улстөрч хийх хэлэхээ олж ядаад эцэстээ сонгуулийн жилийн өмнөхөн Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж “солиорч” байх юм. “Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана” гэдэг л энэ биз. Энэ тухай сонсохтой зэрэгцэн их холын ч биш саяхны гашуун түүхийг эрх баригч намынхаа 64 гишүүнд сонирхуулмаар санагдав.

Эргэн сануулбал, 2016 оны сонгуулийн өмнөхөн олонхийг бүрдүүлэх эрх авсан АН-ынхан яг л Л.Энх-Амгалан тэргүүтэн шиг хийх байхаа олж ядахдаа сонгуулийн тогтолцоогоороо тоглосон байдаг юм. Үр дүнд нь харин та нөхөд 65-уулаа Төрийн ордонд “жороолж”, АН-ынхан харин бүлэггүй болох хүртлээ далаараа цэвэр тавиулж байсан билээ. Эдээрээ оролдвол эвдэрнэ гэдэг л болсон доо, хөөрхий. Тухайн үед хуулийг өөрчлөхөд оройлон оролцож байсан АН-ын олон ч гишүүн өнгөрсөн гурван жил амаа барьж, харамссан уу гэхээс “гудамжнаас амьдрал гайхалтай сайхан байна” гэж гуяа алгадаж давхиагүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрөгч даваа гарагт бүлгийнхээ хуралд “Монгол Улс-Нэг тойрог” гэсэн сонгуулийн тогтолцоог танилцуулжээ. Өнгөц харвал энэ хуулийг боловсруулсан санаа нь их гоё. Монгол Улсыг тэр чигээр нь нэг тойрог гэж үзнэ. Тэгээд нам тус бүр 76 хүн нэр дэвшүүлнэ. Хамгийн их санал авсан 76 хүн сонгогдоод нэг жижиг тойргийг хөгжүүлэх, тэнд 250 суудалтай сургууль, цэцэрлэг бариулахын төлөө төсвийг үрдэг бус томсгосон тойргоор улсынхаа хөгжлийг харж, Монгол Улс гэдэг ганцхан тойргийг 76 хүн яралзтал хөг­жүүлэх юм байх аа. 

Сэрчихмээргүй байна, энэ зүүднээсээ. Ямар ч гоё төсөөлөл юм, яасан ч сэтгэлтэй улстөрчидтэй юм, бид. Сонгогчийн боловсрол өндөр түвшинд байсансан бол том зургаараа энэ хувилбар маш зөв. Юм хийе гэсэн, бүтээж чаддаг, мэдлэг боловсролын түвшин өндөр улстөрчид ялгарч гарч ирэх боломж харагдаж байгаа. Мөн жижиг тойрог болгож хуваачихаад түүндээ төсөв суулгах гэж улсын төсвийг хэдэн хэсэг таслахгүй, тарамдахгүй. Яг бодит, хэрэгцээ шаардлагатай бүтээн байгуулалтыг барьж аваад хийчихдэг болно. Жалга довны улс төр арилж, ах дүү олонтой “бор халзан”-ууд улс төрд орж ирэх үүд хаалга хаагдах давуу талтай аж. Мөн хэн мөнгөтэй нь тойргийнхоо хэдэн иргэнд гурил, будаа тараагаад сонгогддог буруу жишиг алга болно.

МАН, АН гэсэн эцэс төгсгөлгүй улстөржилт арилж, манай танай тойрог гэсэн явцуу амбийц арилна гэхээр л дэмжмээр санагдах хүн олон бий. Даанч манай сонгогчдын боловсрол энэ хэмжээнд хүрч чадаагүйг “ТОП” улстөрч гэх тун чиг эмгэнэлтэй жагсаалтаас бид өдөр бүхэн харж буй. Улс орноо хорлодог, ард түмэнд таалагдахын тулд өнгөн дээрээ попорч буй улстөрчид тэр жагсаалтыг нь машид итгэлтэйгээр тэргүүлсээр байгаа энэ цагт “Монгол Улс-Нэг тойрог” гэсэн сонгуулийн тогтолцоо попуудад боломж олгож, харин мэдлэгтэйг нь хойш няслах л хуулийн зохицуулалт болох нь ээ.

Энэ хууль хэнд ашигтай вэ, хэнд нь боломж олгож, хэнээс боломжийг хулгайлах вэ гэдэг өнцгөөс харвал сайхан зүүднээс нь даруйхан сэрээсэн нь дээр болчихоод байгаад л асуудлын учиг нуугдаж байна. Нөгөөтээгүүр, улс төрийн хоёр том намаас гадна Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам тус бүр 76 хүн нэр дэвшүүлнэ гэвэл 2432 хүнийг саналын хуудсанд бичнэ гэсэн үг. Өмнө нь нэг тойрогт хамгийн ихдээ 10-20 хүн өрсөлдөж, тойрч давхидаг байсан бол одоо 2432 хүн Монгол Улсаар нэг тойрч давхина. Хүн бүрийн хуралд сууж, хэн юу ярьж байгааг нь сонсох гэж өглөө үүрээс эхлээд үдшийн бүрий болтол хуралдах хэрэг гарна. Сааль сүү юу болох билээ. Малчид малаа хэрхэх юм.

Тийм их цаг зав ч хаана байдаг юм. 2432 хүнийг нэгбүрчлэн уншиж, судалж чадахгүй учраас зурагтаар хамгийн их гарч, зөв хэмээн итгэтэл ярьж чаддаг попуудыг дугуйлж таарах нь ээ. Эсвэл арай олон жил харсан царай байна даа хэмээн өнөөх дархлагдсан хэдэн “бурхинууд” дахиад л Их хуралд орж ирнэ гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан тэргүүтэй хэдэн ах нар дахиад л дөрвөн жил шударга ёсны тухай гоё, гоё үлгэр ярих хэрэг гарна. Попууд харин наана нь өдөр бүхэн хэвлэлийн хурал хийж, шударга улстөрчийн дүр эсгэж байгаад удахгүй улсаараа туг тахих биз. Иргэн би тухайлбал тэдгээр нэрүүдийг уншаад зөвхөн ганцхан хүнийг л дугуйлах ёстой болж байгаа юм.

Бие даалтаас ч олон хуудас бүхий цаасыг тавхан минутад уншиж, тэндээс нэг сонголт хийнэ гэдэг над шиг хараа муутай хүний хувьд барахгүй ажил. Энэ бол энгийн л жижиг шалтгаан. Бүх нам 76 хүн олж чадахгүй гэвэл эхний 10-т эрэмбэлэгдэж байгаа намууд зоолттой нэр дэвшигчээ явуулна. Ингэхээр 760 хүн Монгол Улсыг тойрч, давхиж өөрийгөө танилцуулна гэсэн үг. Монгол Улс гэх ганцхан тойргоос сонгогддог нэг л хүн байдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Бүх ард түмний сонголт гэдгээрээ олон талаар давуу боломж үүсдэг. Тэгвэл энэ хуулийг баталчихвал Монгол гэдэг энэ жижиг улс чинь 77 Ерөнхийлөгчтэй болно.

Бүгд л “Би бүх ард түмний сонголтоор гарч ирсэн хүн шүү” хэмээн даналзах нь ээ, энэ байдлаараа. Ийм жижигхэн улс 77 Ерөнхийлөгчийнхөө хэрэглээг хангаж дийлэх юм болов уу. Цаашлаад, хамгийн их санал авсан эхний хүн нь нэг сая иргэний санал авлаа гэж бодъё. Харин дараагийнх нь 800, 700 гэх мэтээр үргэлжилсээр 76 дахь нь 100 мянган хүний саналаар УИХ-д орж ирэх магадлал өндөр.

Ингэсэн тохиолдолд нөгөөх эрх ашгийн маргаан чинь энд дахиад л өрнөх биз. “Би бол нэг сая иргэний сонголт. Чам шиг 100 мянгаар ажлаа заалгахгүй” гэж дөвчигнөх попууд энэ танхимд хэдэн арваараа бий шүү. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэхүү удтал бодож, бясалгасан хуулиа удахгүй Засгийн газарт өргөн барих гэнэ билээ. Мөн хуулийг олон нийтээр хэлэлцүүлнэ, санал ч авна.

Тэр танхимд нь эрүүл ухаантай хүмүүс суудаг бол парламентын танхим руу орж ирж, хэрүүл дэгдээлгүй дарна гэж найдъя. Учир нь хэлэлцэх тухай ам ангайхтай зэрэгцэн өнөөх Дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам чинь талцаж, хэрэлдээд эхэлчихлээ. Өөртөө итгэлтэй зарим жижиг намууд нь “Энэ бол дэвшил юм. Монгол Улс олон жил жалга, довны улс төр хийлээ. Үнэхээр л улсаа хөгжүүлэхийг хүсч байгаа бол энэ сонголтыг хийхээс өөр аргагүй” хэмээн өмгөөлсөн байна билээ. Өөртөө итгэлгүй зарим нь “Бид бол хөдөө орон нутагт танигдаж, амжаагүй нам. Тийм атал бүх ард түмнээс сонголт хийлгэнэ гэхээр хотод танил, талтай манай намын улстөрчид яах юм” хэмээн хошуугаа унжуулж эхэллээ.

Тойрог тойрсон энэ маргаан лавтай зуны гурван сар үргэлжлэх нь тодорхой болж байна. АХ намуудын тухайд асуудал ойлгомжтой. Поп, топ хоёр нь битүүхэндээ алга ташицгааж, мөнгөгүй атлаа Харвард, Стэнфорд төгссөн мэдлэгтэй залуус нь гутарсандаа 100 грамм татаж суугаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр харин асуудлыг аядуу зөөлнөөр, анхааралтай ажиглаж байна. Бүх намууд дуугарч эхэлсэн энэ цаг үед мань хашир харин ганц ч үг ганхийсэнгүй.

Учир нь “Монгол Улс-Нэг тойрог” гэсэн энэ хувилбар өөрийнх нь намд биш ч өөрт нь бол ашигтай. Н.Энхбаярын царайг нүдлээгүй иргэн байтугай нохой ч энэ улсад байхгүй учраас дөрвөн жил сэрүүн зүүдэлж яваа УИХ-ын гишүүний суудал өөрөө хүрээд ирлээ, түүнд.

Тийм учраас намаа бодох уу, өөрийгөө бодох уу гэдэг нь анхааралтай ажиглахаас ч чухал шийдвэр билээ. Дахин хэлэхэд, энэ хувилбар том зургаараа бол тунчиг хэрэгтэй. Гэвч манайх шиг сонгогчийн боловсрол гэдгээ хог дээр орхичихсон улсад бол одоо хийх цаг нь биш юм. Нэг жижиг тойргоос сонгогдчихоод дөрвөн жил сонгосон хэдэн мянган иргэнээ мартдаг богино ой санамжтай улстөрчдийгөө бүх ард түмнээсээ сонгоод тавьчихвал 76 тэнгэрийн амьтан тээр дээр морилох билээ.

Тиймээс хийх ажилгүй, хэлэлцэх хуульгүй мэт ийм “гэнэн” хууль оруулж ирэхээ больж үз, Л.Энх-Амгалан гишүүн ээ. Дуугүй л явж, Хөвсгөлийн тойргоо усла гэж танд зөвлөе. Нутагт чинь хийх ажил ч олон байна. Ашиглаж, ашиглаж байгаад дургүйгээ хүрэхээр хаячихдаг бараа таваар, эд хогшил аятай хоймор нутгийн нэрээр дахин сонгогдож, чадахгүй гэдгээ мэдсэн учраас энэ мэт балай зүйл хийж явна уу, та. Хөвсгөлчүүд багадаад одоо улсаар нь хорлох л дутаж гэнэ.

“Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль явуулахдаа дөрвөн удаа можаритор, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Өнгөрсөн сонгуулиудын тогтолцоог авч үзээд ийм шийдэлд хүрлээ” гэж үндэслэлээ тайлбарлажээ, энэ хүн. Тэгвэл нийтлэлийн эхэнд сануулсан гашуун түүхийг та дахин нэг тогтож уншаарай. Хуулийг хэн дуртай нь оролдож болдоггүйг тэр түүх сануулаад өгнө. Тэр цагт загатнаад байгаа “хонго” чинь хорссондоо халуу шатах байх шүү. Ард түмэн тэнэг биш. Ирэх сонгуулиар Сонгуулийн хууль өөрчилж, тоглосон, тоглоогүй та бүхний бөгсөн дээр бүлээн жин тавиад явуулахаа харин ч нэг сайн мэдэх билээ. Сэтгэлзүйгээ л харин сайн бэлтгэ.