Энэ үгийг Ж.Батзандан, А.Сүхбат, Л.Болд нарт зориулж хэлж байгаа юм шүү. Ард түмний баатар, шударга үнэний дуу хоолой болсон улстөрчдийг минь яагаад ингэж “тэнэг” хэмээн цоллох болов гэж зарим уншигчид минь уурлаж, ундууцах нь мэдээж. Гэвч карьераа өсгөх гэсэн улс төр, нэр хүнд олох гэсэн пиараа арай л хэтрүүлээд байгааг шүүмжлэхгүй өнгөрч чадахгүй нь, уучлаарай. Ж.Батзандан, Л.Болд нар Монголын улс төрд нэртэй, зүстэй, мэдлэгтэй боловсролтой гэж хэлэгдэж явсан үе бий. Тэдний дуу хоолой энэ төрд байх ёстой юу гэвэл бас л тийм. Гэвч энэ хоёр хүн сүүлдээ юу гээчийн улс төр хийж, ямар замаар карьераа хадгалж үлдэхээр улайрч байгааг ойлгох ухаан хүрсэнгүй. С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо гэгчийг байгуулж, ОУПХ-нд асуудлыг тавихад нь олон хүн талархаж байлаа. Олон жил дарагдсан, улс төрийн намуудын сонгуульд ялах зэвсэг болдог энэ хэргийг эцэслээсэй, хэргийн үнэн мөнийг олоосой гэж хүссэн, бас тэднийг дэмжсэн. Сэтгүүлчид ч хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг гаргаж, үнэхээр л үнэнийг олохын төлөө тэмцэж байна хэмээн итгэж, найддаг. Даанч энэ хоёр хүн “будаач, будаач гэхээр сахлаа будна” гэгчээр бусдын итгэлийг ашиглан нэр хүндээ өсгөх улс төр хийгээд явчихав. Маргааш тэд Төрийн ордны их танхимд шинэ нам байгуулсан анхны хурлаа хийх гэнэ. Бас болоогүй С.Зориг агсны хэрэгт нэр холбогдон хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг иргэдийн гарын үсгээр суллуулах ажлыг өрнүүлж эхэлжээ.
“Тэнэглэлд хязгаар бий” гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хэдийгээр Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, тэр ч байтугай жагсаж цуглаж, тэмцэх эрхийг нь чөлөөтэй тусгаж өгсөн ч гэмт хэрэгт холбогдоод хоригдож байгаа хүмүүсийг гарын үсэг цуглуулаад суллачихдаггүй байх. Тийм зоргоороо зүйл байдаг юм бол энэ улсад хууль, шүүх гэж байгаад яах билээ. Салбарын сайд нь хүртэл “Энэ улсад хууль, шүүх гэж байхгүй болсон” хэмээн мэдэгдэж байсныг нотлох мэт, гэм буруугүй гэдгийг нь олж тогтоо гээд явуулахаар гэмтнийг суллана, гарын үсэг цуглуулна гэж попроод явчихлаа. Энэ хоёр улстөрч хоёулаа хуулийн асар өргөн мэдлэгтэй хүмүүс. Нэг ч хуульч, нөгөө нь дипломатч байсан хүн. Аль талаасаа ч бодсон энэ улсад хууль дүрмийн дагуу асуудал явах учиртайг хамгийн сайн мэдэж байгаа. Цаашдаа ч тэр замаар л Монгол Улс явах ёстой. Хууль, шүүх нь худалдагдчихсан, бүлэглэлд үйлчилдэг юм бол түүнийг задлахын төлөө тэмцэх нь чухал байна. Хуулиа өөрчилж, бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсээ ил гаргаж ирэх нь зөв. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй гэдгийг хуулийн хүрээнд л нотлочих. Хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн энэ үйлдлийг дахиад гаргахгүйн тулд бодлогоо зөв боловсруулж, хуулиа шинэчилье.
Ийм л энгийн зүйлийг тэгтэл хүндрүүлж, эцэстээ олон нийтийн телевизээр хүчирхийлэл харуулсан бичлэг цацаж попорч байх юм. Энэ бичлэгийг үзэх ёстой хүмүүс нь үзчихсэн. Хуулийнхан үзээд хариуцлагаа зарим нь хүлээж, ажлаа өглөө. Бодлого боловсруулах түвшинд улстөрчид нь үзээд гаргах ёстой шийдвэрээ гаргаад, шалгах ёстой хүмүүсийг нь шалгуулаад явж байна. Ард түмэнд үнэнийг хүргэх ёстой хэвлэл мэдээллийн сэтгүүлчид үзээд, өөр, өөрсдийн хүрээнд дүгнэлтээ хийгээд олон нийтэд хүргэсэн асуудал. Олон нийт ч улстөрчдийн, сэтгүүлчдийн үг, үйлдэл, нийтлэлээс Монгол Улсын хууль, шүүхийн салбарт болохгүй зүйл бий болсныг ойлгосон. Үүнийг өөрчлөөсэй гэж итгэсэндээ ч Ж.Батзандан, Л.Болд нарт тэгтлээ итгэдэг байх. Гэтэл арилжааны телевиз ч бус Үндэсний олон нийтийн телевизээр хүчирхийллийг харуулсан бичлэгийг цацлаа гээд хэнд, юуг нотлохыг хүссэн юм бэ, гишүүд ээ. Үндэсний олон нийтийн телевиз ч энэ удаа маш муухай харагдлаа. Энэ телевизийг найман настай балчираас эхлээд 80 настай буурлууд үздэг. Хоёр сэжигтний насан өндөр аав, ээж, үр хүүхэд, хань ижил нь бас үзэж байгаа. Тийм байхад охиныг нь, хүүг нь тамлаж, зодож, үзэшгүй муухай орчинд хорьж, хэрэг хүлээлгэх гэж бохироо толгой руу нь асгаж байгаа бичлэгийг тэдгээр хүмүүст ийм хяналтгүй харуулна гэж хэн ч бодоогүй. Насан өндөр ээж нь хямраад харвачихсан бол Л.Болд, Ж.Батзандан нар хариуцлага хүлээх байсан уу.
Хэдхэн улстөрчийн нэр хүндээ өсгөх гэсэн энэ ядмаг үйлдэл үр хүүхдийнх нь ирээдүйд яаж нөлөөлөхийг бас бодож үзсэн болов уу. Хань ижил нь хараад яаж тэсч сууна гэж бодоо бол. Ядахдаа л сэтгүүлзүйн хэм хэмжээгээ баримтлаад, пиз....., ла.... гэх мэт ёс бус бүдүүлэг үг хэллэгийг нь хасаж, нүд хальтрам зарим үйл явдлыг бүдгэрүүлж, эсвэл редактор хийж харуулж болох байв. Эс бөгөөс урд өдөр нь мэдэгдэл хийж, олон нийтийн телевизээр гаргана, хэн үзэх ёстой талаар хяналт тавиарай гэх мэтээр нас заах ёсзүй ч тэдэнд байсангүй. Бүр хөлбөмбөгийн тэмцээн, шоу хөтөлж байгаа аятай нөгөө хоёр гишүүн нь А.Сүхбаттай нийлж, суучихаад детальчлан тайлбарлах юм. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гэж бий. Уг хуулийн 8.3 дахь заалтад "Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно" гэх заалт зөрчигджээ. Тиймдээ ч маш олон иргэд Үндэсний олон нийтийн телевизийн энэ ёсзүйгүй үйлдлийг хянуулахаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсан байх юм. Тэдгээр иргэдийн зөв. Яагаад хүчирхийлэл, айдаст автуулах бичлэгийг Үндэсний олон нийтийн телевизээрээ үзэх ёстой гэж. Нийт нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ мартчихаад, хэдэн поп гишүүдийн аманд багтаж, ёсзүйн асар том алдаа гаргасныхаа төлөөр МҮОНТ-ийн удирдлагууд, гишүүдтэйгээ хамт зогсоод уучлалт гуйх ёстой шүү. Ийм алдааныхаа төлөө ажлаа өгөхөд ч буруудахгүй билээ. Төрөөс санхүүжилт авч, олон нийтийн гэсэн статус хадгалж яваагийн хувиар ёсзүй гэдгийг тэд баримтлах л ёстой юм. Ашиг олох гэсэн телевиз, эсвэл шар сайт, сониноос арай өөр мэргэжлийн үнэ цэнээ хадгалах ёстой газар гэж бодсон олон хүний итгэл рүү ус цацсан энэ үйлдэлдээ нэн даруй уучлалт гуй. Тэнэглэлд хязгаар гэж байдаг юм шүү.