-Төмөр замын төв шугамыг орчин үеийн болгох төслийн ТЭЗҮ-г ойрын хугацаанд боловсруулна-
Дэлхийн ногоон хотуудын нэг, үзэсгэлэнт байгальтай Киргиз улсын Бишкек хотноо өнгөрөгч долоо хоногт бүс нутгийнхан цуглаж, өмнөх уулзалтын үр дүн, ирэх өдрүүдийн хамтын ажиллагаа, хөгжлийн талаар хэлэлцэв. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч статустай орнуудын уулзалт бүс нутгийн хөгжилд фокусаа тааруулж, Чиндаод хэлэлцсэн ажлуудынхаа үр дүнг ч мөн ярилцсан юм. Энэ үеэр дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан гол уулзалтын нэг нь Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт байлаа. Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид болсон энэ удаагийн уулзалт илүү ажил хэрэгч болж өнгөрөв.
Цаг хугацааг ухраавал, гурван улсын төрийн тэргүүн нар анхлан 2014 онд Тажикистаны Душанбе хотноо уулзаж байлаа. Тэр цагаас хойш гурван улсын хамтын ажиллагаа, харилцан ашигтай хөгжих гарцыг эрэх энэхүү ажил хэрэгт уулзалт жил бүхэн болж, ОХУ-ын Уфа, Узбекистаны Ташкент, БНХАУ-ын Чиндао хотноо тус, тус хуралджээ. Харин тавдугаар уулзалт буюу Бишкек хотноо болсон энэ удаагийн яриа хэлцлийг Монгол Улс даргалав.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөлд тухай илүү анхаарч байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн эрчим хүчний супер сүлжээ гэх томоохон төслийг Монгол Улс санаачлан хэрэгжүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж, хөрш хоёр улсаасаа дэмжлэг аваад байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд энэ удаагийн уулзалтаас илүү тодорхой үр дүн гарах ёстой гэсэн саналыг хэлсэн үгэндээ онцолсон нь анхаарал татав. Учир нь 2014 оноос хойш жил бүхэн уулзалт болж, илүү том төслүүдийг эхлүүлэх талаар ярьдаг ч харамсалтай нь энэ бүхэн ажил хэрэг болж чадахгүй байгаа юм.
Гурван талын аль, аль нь хүлээн зөвшөөрөх ТЭЗҮ хийгдсэн төсөл ч бэлэн байхгүй байгаа учраас гурван улс гурвуулаа анхаарлаа хандуулж, хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэл өгөх саналыг манай талаас гаргалаа. Мөнхүү өмнө хэлсэнчлэн Зүүн Азийн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналаа Ерөнхийлөгч тавилаа. Гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр байгуулснаас хойш гурван жил өнгөрчээ. Гэвч энэ бүхэн зөвхөн цаасан дээр, яриа хэлцэл төдий явж байгаа нь худлаа биш.
Хэдийгээр дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500 гаруй хувиар нэмэгдсэн ч олон жил монголчуудын “цонхны цаанаас долоолгож буй чихэр” мэт болсон байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал гацаанд орсон хэвээр л байна. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар уулзалт илүү ажил хэрэгч, тэр дундаа илүү бүтээлч байх ёстой гэдгийг зориуд онцолсон нь тэр.
Ерөнхийлөгчийн хэлсэн үг, тавьсан санал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын анхаарлыг татаж чадлаа. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ “Хятад, Монгол улстай гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Анхны уулзалтаас хойш таван жилийн хугацаанд бид урагш ахиж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын солилцоо өргөжин тэлсээр байгаа. Манай хамтын ажиллагааны тэргүүлэх ач холбогдол нь бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах асуудал юм.
Манай гурван улсын харилцаа уялдаа холбоо дээшилж, хилээр бараа, хөрөнгө, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх байдлыг хангах сонирхолтой байна. Миний харж байгаагаар, Улаанбаатар төмөр замын суурин дээр түшиглэн хонгилыг шинэчлэх төлөвлөгөө нь онцгой ач холбогдолтой. Орос улс эрчим хүчний салбарт Хятад, Монгол Улстай илүү идэвхтэй оролцоход бэлэн байна. Бид Хятад, Монголын түншүүдээс хамтран хэрэгжүүлж болох төслүүдийн тодорхой саналыг авах сонирхолтой байгаа. Бидний хувьд Оросын эрчим хүчийг хөрш орнуудад эрчим хүчний дутагдалтай бүс нутгуудад тасралтгүй нийлүүлэх боломжийг санал болгож байна” хэмээв.
Мөн Хятад, Монгол Улсыг ОХУ-ын санхүүгийн мэдүүлгийн шилжүүлгийн системтэй холбох талаар ярилцах боломжтой гэсэн санал гаргасан бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигаар барьчихвал ачаалал хоёр дахин буурах санал гаргалаа. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд болсон анхны уулзалтаас хойш олон талаар ахиц гарсан гэж дүгнэв. Тэрбээр, “Хятад, Орос, Монголын хооронд дунд хугацааны хамтын ажиллагааны хөгжлийг хангах “замын зураглал” баталсан.
Энэ нь гурвалсан хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлсон үндсэн баримт бичиг юм. Эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, гурван талт хамтын ажиллагааны төсөл, түүний дотор эдийн засгийн коридорыг тодорхойлсон чухал чиглэлүүдийг тодорхойлж, холбогдох хэлтсийн хооронд механизмыг бий болгосон. Азийн авто замын сүлжээнд олон улсын автотээврийн талаархи Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар энэ гэрээ өнгөрсөн есдүгээр сард хүчин төгөлдөр болсон. Энэ нь тээврийн салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг тавьсан юм.
Талууд гаалийн хамтын ажиллагааны зохицуулалтын талаар тохиролцсон бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны бас нэг чухал үр дүн юм. Энэ жил Хятад улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Шинэ боломжууд бидний өмнө нээгдэж байна. Эдийн засгийн коридор бол бидний хамтын ажиллагааны хамгийн тод мөч юм. Бид бат бөх үндэс суурьтай зөвшилцөлд хүрэх эдгээр төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байх ёстой бөгөөд энэ нь асар их нөлөө үзүүлэх болно.
Төмөр замын төв шугамыг орчин үеийн болгох нь эдийн засгийн хонгилд багтах тэргүүлэх төсөл юм. Төслийг хэрэгжүүлэх суурийг тавихын тулд талууд ТЭЗҮ-ийг алхам алхмаар хийнэ гэдэгт найдаж байна” гэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгож буй Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээг бий болгох саналыг дэмжихээ илэрхийлж, төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ хэлж байлаа.
Гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр яригдсан өөр нэг асуудал нь ШХАБ-ын ажиглагч статустай Монгол Улс статусаа дээшлүүлэх үү гэдэг асуулт байв. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд “Монгол Улс шат шатандаа хэлэлцүүлэг өрнүүлж, улс төр, нийгмийн талаас судалгаа хийж байгаа. Мөн хуваагдмал байр суурьтай байгаа”-г хэлсэн юм. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсыг ажиглагч статусаа өөрчилсөн тохиолдолд үндэсний хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс хамтын ажиллагааны илүү олон боломж гарч ирнэ гэдгийг хэлж байлаа.
Энэ удаагийн уулзалтаар илүү тодорхой шийдэл эрэх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг хоёр улсын төрийн тэргүүн дэмжиж, ойрын хугацаанд төмөр замын төв шугамыг шинэчлэх төслийг эхлүүлэх яриа хэлцэлд санал нэгдлээ. Мөн таван удаагийн уулзалтаар ажил хэрэг болгохоор ярьсан том төслүүд тодорхой хэмжээгээр урагшлах ёстой гэдэгт ч санал нэгдэж чадав.