ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хонгилын” гэх Ч.Хосбаяр, М.Батсуурь, Ц.Зориг нарын 8 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-06-28

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 17 шүүгчийг ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын таван гишүүн “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаарджээ. Түүнчлэн “Баялагтаа эзэн Монгол” бүлгийнхэн Улсын ерөнхий прокурор Г.Жаргалсайханд доорхи хэргүүдийг хуулийн хүрээнд яаралтай шалгаж, тогтоохыг хүссэн байна. Тодруулбал,

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Д.Содномдаржаа, С.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудлыг шалгах,

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилггоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал,

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн асуудал,

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг олон улсын Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулж хуулийн фирмээр дамжуулж их хэмжээний мөнгө угаадаг гэх олон удаагийн асуудал,

-“Ачит ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хийсэн аж ахуйн гэрээний үйл ажиллагааны асуудал,

-2017 онд Монголбанкийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд

-“Хөгжлийн банк”-наас олгосон их хэмжээний зээлийн олголт ашиглалтын асуудал,

-Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжаан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэх асуудал,

-Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай сангийн хөрөнгө зарцуулалтын асуудал,

-“Хан Ресурс” ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын Арбитрын шүүхэд ялагдуулж, 70 сая ам.долларыг Канад руу шилжүүлсэн асуудал,

-“Төмөртэйн орд”-ыг Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын хэрэг,

-Хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө оффшор бүсэд байршуулсан С.Баярцогт нарын иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудал,

-Оюутолгойн болон Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын асуудал,

-Төмөртэйн орд, Багануурын шинэ цахилгаан станц болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дөрвөн гишүүний концессын гэрээнүүд, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх асуудал,

-60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал,

-Үндэсний аудитын газрын болон 2017 оны УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон Үнэ  тогтворжуулах хөтөлбөрийн төслүүд,

-Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн 888 төслийн зээлийг олгохдоо эрх мэдлээ урвуулсан эсэх,

-Үндэсний аудитын газраас тогтоосон АСЕМ-ын санхүүжилтийн зөрчлийн асуудал,

-Монголбанкны Эрдэнэсийн сан болон Төрийн сан хөмрөгөөс алдагдсан уран зураг, эд зүйлийн асуудлыг нэг бүрчлэн шалгах, 

-Улсын хэмжээнд аялал жуулчлал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгосон газар, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлууд,

-“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудал,

-Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжийг дарамталсан болон УИХ-ын гишүүнийг заналхийлсэн амьд гэрчтэй хэргүүд гэхчлэн авилга, хээл хахууль, хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудтай холбоотой хэргүүдийг шалгуулахыг хүссэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын таван гишүүн доорхи нэр бүхий найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байгаа аж.

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн зарим нь Салхитын мөнгөний ордоос авилга авсан,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар хувьд шилжүүлэхэд нөлөөлсөн гэх үндэслэл, баримтыг тулгуурласан гэж байгаа. Үүнтэй зэрэгцээд дээрх найман шүүгчийн бүрэн эрхийг ч бас түдгэлзүүлэх ёстой хэмээн олон нийт цахим сүлжээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа билээ.