Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслөө өргөн барив. Хуулийн төслийг өргөн барьсны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох, бүрэн эрхийг нь таван жил байхаар тусгаж өгчээ. Шинэ Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улс хоёр сая гаран хүн амтай байсан бөгөөд одоо гурван сая гарсан учраас иргэн болон төрд төлөөлж буй улстөрчийн харьцааг тэнцүүлэх нь зөв гэж үзжээ. Мөн Үндсэн хуульд хот гэдэг үгийг тусгаж өгөх санал гаргасан байна.
Энэ талаар З.Энхболд дарга ярихдаа “Хот гэдэг үгийг Үндсэн хуульд тусгаж өгнө. Ингэснээр есөн дүүрэг ч хот байж болно. Тухайлбал, 300 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг цаашид аймгийн хэмжээний хот гэдэг нэртэй явж болно. Үндсэн хуулийн 53.3-т байгаа заалтыг өөрчилж өгнө. Нутгийн иргэдийн хурлыг ард иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргадаг байсан. Эдийн засаг, хүн амын байдлыг харгалзаад Засгийн газар санал гаргаж, УИХ-д оруулж ирдэг болно.
Заавал Иргэдийн хурлын зөвшөөрөл авахгүй. ИТХ нь зөвшөөрөхгүй байсан ч Засгийн газар шийдвэр гаргана. Бид нэгдсэн Монгол Улс. Хэн нэг аймгийн 20-30 хүний саналыг харгалзаад хот байгуулах ажлыг хойш тавьж болохгүй. 30 жил энэ шалтгаанаас болж нэг ч хот байгуулаагүй. Хот гэдэг үг орсноор хороодын Засаг даргыг иргэд сонгодог байгаа. Энэ хэвээр үргэлжилнэ. Одоогийн хороодууд дүүрэг гэдэг нэртэй болно. Ингэснээр сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгоно. Үүнээс гадна Дээд шүүхийн шүүгч 12 жилээр томилохыг дэмжихгүй. 17 шүүгч авлига авсан нь тогтоогдчихлоо. Тиймээс авлигачин шүүгчийг аль болох л хурдан чөлөөлдөг байх ёстой” хэмээлээ.
Үүнээс гадна сонгуулийн тогтолцоог холимог буюу нэг мандаттай 54 тойрог болон “Улс-Нэг тойрог” буюу намын жагсаалтаар ордог системийг нийлүүлэх санал гаргажээ. Энэ тогтолцоог Герман улс дагаж мөрддөг гэв. Мөн тусгаар тогтнолын асуудлаар дахин санал явуулахгүй гэж Үндсэн хуульд тусгажээ.
Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд шинээр тусгаж буй Байгалийн баялаг төрийн өмч буюу 6.2 гэсэн заалттай санал нийлэхгүй байгаа бөгөөд “нийтийн өмч” хэмээн тусгаж, өнөөдөр эсвэл ирээдүйд ч шийдвэр гаргах бол ард иргэдээсээ заавал асуудаг байхаар саналаа оруулсан байна. УИХ-аар яг одоо Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан саналыг харгалзан үзэх боломж нээлттэй юм байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд туссан гол заалтуудыг тоймловол:
-Шүүхийн сахилгын хороог шинээр байгуулна
-Байгалийн баялаг нийтийн өмч байна.
-УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу нэг мандаттай 54 тойрог, “Улс нэг тойрог” системээр 54
-УИХ-ын гишүүдийн дөрөв нь сайд хийхгүй. Зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна.
-Байгалийн баялаг иргэдийн өмч. Тиймээс гадны хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ.
-Газар нутгийн төлөөлөл болох 54, улс нэг тойргийн 54 гишүүн таван жилээр сонгогдож ажиллана.
-УИХ-ын хугацаа таван жил учраас бүх ИТХ, Засгийн газрын хугацаа таван жил болно
-Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахгүй