ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АСУУЛГЫН ЦАГ: Төсвийн реформын эхлэл нь ирэх оны төсөв байх болно

O.Admin
1 цагийн өмнө

“УИХ-ын асуулгын цаг”-аар УИХ дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлыг “Төсөв-Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр хөндөв. Улмаар, Ерөнхий сайд Н.Учралтай нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв. Мэтгэлцээний хүрээнд өрнөсөн асуулт, хариултыг уншигч танд тоймлон хүргэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Монгол Улсын төсвийн зарлага, урсгал зардал 4-4.5 дахин өсчээ. Амьдрал дөрөв дахин сайжирсангүй. Төсвийн зарлага 230 хувиар өссөн атлаа өрхийн орлого 63 хувийн өсөлттэй байх юм. Үүнийг хэрхэн ойртуулах вэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангуулахад дорвитой алхам хийнэ. Төсвийн тогтвортой байдлын дагуу тусгай шаардлагуудыг барих гэж Засгийн газар хичээн ажиллаж байна. Төсөвт суурилсан бодлого явдаг болсон. Уул уурхайн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай экспортоос шалтгаалаад эдийн засаг өсөж, буурсан ч өрхөд очихгүй байгаа юм. Монгол Улсын төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон. Санхүүгийн байдлын нэгтгэсэн тайланг харахаар нийт хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн дүн 133 их наяд. Тэгсэн атлаа мөнгөн гүйлгээний тайлан болчихсон. Төсвийн стандартыг 2014 оных руу авчрая гэдэг тогтоолыг төсөв дагуулж өргөн барьсан.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төсвийн тэлэлт, зарцуулалтын хяналтгүй байдлыг хулгай гэж хэлэхээс аргагүй. Үе, үеийн Засгийн газар хулгайд мэргэших хандлагатай боллоо. Төсвийн хулгайг хэрхэн зогсоох вэ. Бодит үр дүнд хүрсэн жишээ байна уу. ЖДҮ, нүүрс, автобус гээд маш олон хулгай бүхэн мангасын ам руу орж байгаа. Танай Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусах хүртэл 609 хоног үлджээ. Энэ хугацаанд хулгайтай тэмцэж чадах уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Бид олон жил мөнгөн гүйлгээний тайланг төсөв гэж батлуулсаар байгаа. Гэтэл төрийн өмчийн мөнгө төсвөөс гадуур явж ирлээ. Тэгэхээр эхний алхам нь ТӨК-иудын цэвэр ашгаас тодорхой зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төсөвт тусгаж, бодлоготойгоо уялдуулна. Тодорхой хэдэн сэдвээр улс төр хийхгүйгээр хамт давж гарах ёстой. Төсвийн реформын эхлэл нь ирэх оны төсөв байх юм. Нэгдсэн тайланд бүртгэгдэж байгаа нийт хөрөнгөө төсөвтөө багтаая.

Аймаг, орон нутгууд ч улсын төсвөөсөө давуулаад баталчихдаг. Тэгсэн атлаа Сангийн яаман дээр хязгаарт тулчихсан учраас төсвийг нь гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Үүнээсээ болж төсвийн ангилал өөрчилдөг, хооронд нь гүйлгэдэг байдлаас болж төсвийн хулгай гарч байгаа юм. С.Цэнгүүн гишүүний санаачилсан хуульд хэд, хэдэн өөрчлөх санал байгаа ч зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Алхам хийе. Ингэж байж төсвийн хулгай, зардлын ангиллыг өөрчилдөг байдлаасаа сална.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төр тоо ярьсаар байгаад хүнээ, ёс  суртахуунаа мартжээ. Та сайд нартаа ёс суртахууны ямар хэмжүүр тавьж байна вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох эрх Ерөнхий сайдад хадгалагдаж байгаа. Энэ хүрээндээ төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно.

Монгол Улсын Ерөнхий аудитороос өнөөдөр 435 төлбөрийн акт, 1300 албан шаардлага, 739 зөвлөмж, 96 хариуцлага тооцох албан шаардлага, хуулийн байгууллагад шилжүүлэх дөрвөн асуудлыг хавсралтын хамт авлаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар аудитын байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах бичгийн дагуу хариуцлагыг шат, шатанд тооцно.

Ёс зүйг хуульчилж болохгүй ч төрийн өндөр алба хашиж буй хүмүүс ёс зүйгээрээ үлгэрлэх ёстой. Орчин цагт сургуулийн өмнөх боловсролоос нь үүнийг суулгаж өгдөг болжээ. Ёс зүйг бүх шатанд хангуулж ажиллана. Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн зөрчил гаргасан бол ажлаа өгч чаддаг байхыг сайд нарт уриалж, үүнийгээ ч хэрэгжүүлж ажиллана.

АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн. Үүнд уул уурхайн үйлдвэрлэл өндөр хувь эзэлж байгаа. Үүнийг хасвал бодит өсөлт хэдэн хувьтай байна вэ. Бусад салбарын хөгжлийн өсөлтийг жилд тэдэн хувиар нэмэгдүүлнэ гэсэн тодорхой зорилт танай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Экспорт 51 хувиар өссөн ч худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт 0.2 хувиар агшсан. Ирэх оны төсвийг боловсруулахдаа эрэмбийн нэгдүгээрт ажлын байр нэмэгдүүлэх бодлого тусгалаа. Манай төсөв 2025, 2026 онд 90 хувь нь татвараар бүрдэж байлаа. Ирэх жилийнх 80 хувь нь татвараар бүрдэнэ. Төсвийн гадуурх ТӨК-иудын цэвэр ашгийг татаж авахаас гадна 1.3 их наядын татварын хөнгөлөлтийг иргэдэд олгоно. Дандаа ажлын байр нэмэгдүүлэх бодлого. ХХОАТ-ын 1 хувь гэдэгт 800 тэрбумыг хэмнэнэ. НӨАТ-ын босгыг 50-аас 400 сая болгож нэмэгдүүлснээр 23 мянган ААН-ийн ачааг хөнгөлнө.

ААНОАТ-ын 1 хувийг 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготойд тооцсоноор дахиад 20 гаруй мянган ААН-ийн ачааг хөнгөлөх юм. 2031 он гэхэд 41 мянган ажлын байр нэмэгдүүлнэ. Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхээ өөрчилнө. Шаардлагагүй төслүүдээ хойшлуулаад ажлын байр шингээдэг, өсөлт нь өрхөд шууд очих төслүүд буюу зэс, ган, нүүрсний боловсруулах үйлдвэрийн төслүүдээ нэн тэргүүнд эхлүүллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Ирэх онд нүүрсний экспорт 10 хувиар тасалдвал төсвийн орлого хэдэн хувиар тасалдахаар байна вэ. Энэ нөхцөлд алдагдлаа ДНБ-ий 2 хувьд хадгалахын тулд ямар эрсдэл гаргаж, зардлаа хэрхэн бууруулах вэ. Эрсдэлийн судалгааг хийсэн үү. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн мөнгөөр бид юу хийв?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Уул уурхайн бус нэрлэсэн ДНБ-ий хувь 11-тэй болно. Сүүлийн 10 гаруй жилд 12 хувьтай байсан. Цаашдаа төсвийн зардал үүнээс хэтрэхгүй байхаар хуулиа өргөн барьж батлуулсан. 10 сая тонны нүүрсний экспорт тасрахад 500 тэрбумын нөлөө гардаг. Эрчим хүч, шатахууны хараат байгаа. Энэхүү хараат байдлаас гарахын тулд импортын хамаарлыг бууруулах ёстой. Засгийн газрын дөрвөн чөлөөлөлт энэ чиглэлд явж байгаа.  Дуусдаггүй олон яриаг дуусгана. Оюутолгой ч бус “Таван толгой”, “Эрдэнэт”  зэрэг бусад компаниудын ногдол ашиг төсвөөс гадуур явж байлаа. Үүнийг төсөвт татан оруулж байж зарчим нь зөв болох юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Өнгөрсөн хугацаанд 48.5 их наядыг уул уурхайн компаниудаас ногдол ашиг хэлбэрээр цуглуулжээ. Гангийн, нефтийн үйлдвэрээ барьчих мөнгө. Хэд, хэдэн цахилгаан станц ч барьж болох байлаа. 10 жилийн дараа энэ үгийг яриад зогсохгүйн тулд Ерөнхий сайд та өнөөдрөөс сайн ажиллаарай. Оюутолгойн 3.5 их наядын ногдол ашиг чинь төсөвт яг орох эрхзүйн баталгаатай мөнгө мөн үү. Эсвэл хэлэлцээр төдий юм уу. “Онтрэ”-гийн лицензийн төлбөр ороод ирсэн юм биш биз гэсэн иргэдийн асуултад хариулт өгөөч?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Стратегийн орд учраас “Онтрэ”-гийн лицензийг шилжүүлэх эсэх нь УИХ-ын асуудал. Ерөнхий сайдад шилжүүлэх бүрэн эрх байхгүй. Хуульзүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын хуулиар өөрсдөө цахимаар нэхэмжлэх үүсгээд татвараа төлдөг. Ингээд оны эцэст суутгаад илүү гарсан татвар байвал компанид буцаан шилжүүлдэг.

Ийм хуулийг даваад “Та нар тэр татварыг нь буцааж шилжүүл” гэж хэлэх эрх надад байхгүй. Тэр хүн ч хууль давж гишгэж чадахгүй. Оны төгсгөлд татваруудаа аваад илүү гарсныг нь буцааж шилжүүлнэ. Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ ямар ч үүрэг хүлээгээгүй. 10 жилийн дараа авах байсан ногдол ашгийг наашаа авахаар тохироо хийж “Оюу толгой”, “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захиралтай уулзсан. Ногдол ашгийг ирэх жил өгөхөө баталгаажуулж байгаагаа хэлсэн. Тоогоо харин эцэслэж тохирно.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төрийн өр, иргэдийн өр нэмэгдлээ. Өрийн дарамтыг бууруулах урт, богино хугацааны бодлого юу байна вэ. Хэмжигдэхүйц үр дүн хэлж өгөөч?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өр ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх хуультай. Энэ жилийнх 49 хувьтай байна. Ирэх жил 45 хувь руу буулгана. Үндэсний аудитын газраас санхүүгийн тайланд аудит хийгээд дөрвөн зүйл дээр хязгаарлалттай дүгнэлт өгсөн. Төмөр зам санхүүжүүлсэн “Эрдэнэс Таван толгой” компаний төсөв, “Чингис хаан”, “Хөрөнгө оруулалтын банк”-наас авах НДС болон ЭМДС-гийн төсвийн үлдэгдэл, төсвийн ерөнхийлөн захирагч нарын алдаатай үйлдлээс болсон 466 тэрбумын авлагын үлдэгдэл, төсвийн зарлагын эх үүсвэрийг нөхөж өглөг үүсгэсэн 193 тэрбум зэрэг олон жилийн алдаа бий. Үүнийг 5-6 сард үүсгэчихсэн юм биш. Үүнийг хоёр нам шийдэл гаргаж шийдэхгүй бол бланс шийдэгдэхгүй. Цаашдын олон Засгийн газрын зовлон болно шүү. Эдийн засаг хоёр тулгууртай болъё. Валютын арилжааг Монголд оруулж ирэхийг зөвшөөрчихлөө. Гадны банк Монголд орж ирэх боломжийг нээснээр Унгар, Солонгосын хоёр банк хүсэлтээ ирүүлээд ажиллаж байна. Салбараа жаахан эрүүлжүүлье.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Нэг талдаа иргэдийн өр өсөөд орлого муудаад байдаг. Нөгөө талдаа улсын өр нэмэгдэж болохгүй. Иргэд өөрсдийнх нь ирээдүйг худалдсан байх вий гэдэгт санаа зовдог. Тиймээс улсын өрөө нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллаарай. Төсвийн зардалд ямар нөлөөлөл үзүүлж байж үр ашигтай болох вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Би Тэргүүн Шадар сайдын хувиар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн төлөвлөгөөг өнгөрсөн жил өргөн барьсан. 2030 он гэхэд ядуурлын түвшин, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ яг хэдэд хүрэхийг жил, жилээр нь баталсан. Засгийн газар энэ ажлыг хийх ёстой. Төсөв бол үүнийг хэрэгжүүлэх нэг арга. Бодлогод үндэслэсэн төсвийг өргөн барьсан. Бидэнд сайн мэдээ бий. Зээлжих зэрэглэл буурлаа. Олон улсад хөрөнгө оруулалт татах боломж үүслээ. Гэхдээ зарим шаардлагагүй гадаад зээлүүдээ эрэмбэлж, УИХ-аар оруулж ирнэ гэж бодож байгаа. Ирэх жил хөрөнгийн зах зээл рүү гол фокусаа тавьж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төсөв жил бүхэн тэлж байна. Бодит байдалд төлөвлөлт байхгүй. Төсвийн тогтвортой байдлын хуулийг 23 удаа өөрчиллөө. Төсвийн хүрээний мэдэгдлээ жилд 2-3 өөрчилдөг болсон. Тухайн үеийн төсөв рүү мөнгөө зарцуулахаар хөөсөн төсөв яваад байна аа. Үүнийг хамтдаа өөрчилцгөөе.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Зарим асуудлаар улстөржихгүйгээр хамтдаа ажлаа хийгээд явцгаая. Сарын төгсгөлд явдаг энэ асуулгыг ч иргэдээ мэдээлэлжүүлэх чиглэлд явуулах ёстой юм. Төр бүхэлдээ иргэдийн итгэл үнэмшлийг алджээ. Нэгнээ шүүмжилж, асууж болох ч гүтгэлэг явж болохгүй. Бүгд ил тод, хариуцлагатай, зарчимтай ажиллахын төлөө хичээн зүтгэцгээе.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Та дөрвөн чөлөөлөлтийг маш тод зарлаж гарч ирсэн. Ил болсон хулгайтай тэмцэх үү. Иргэдийн “Хуримтлалын сан”-д хэдэн төгрөг байна вэ. “Хуримтлалын сан”-гийн мөнгөөр 8000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагджээ гэсэн. Энд ямар иргэд хамрагдав?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Засаж залруулах олон зүйл бий. Хариуцлагагүй олон үйл явдлыг Монголын ард түмэн мартаагүй. Хуулийн байгууллага ч мартах учиргүй. Ерөнхий сайдын хувьд эдгээр асуудлаар эрх ашиг, сонирхлын ямар нэг зөрчил байхгүй учраас зоригтой мэдээлэл өгөөд хамтарч ажиллахад үргэлж бэлэн. Хэн нэгнийг яллах эрх надад байхгүй. Их хурал иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа учраас хулгайгаа нуух ямар ч боломжгүй болсон. Олон нийтийн шаардлагыг давж гарах эрх хэнд ч байхгүй. Тогтолцоог шинэчилнэ. Хамтраад ажиллана аа. Зөвшөөрлийн хууль баталлаа.

Алхмууд хурдтай шуурхай явж байгаад баяртай байгаа. 2026 оны 9 дүгээр сарын байдлаар “Хуримтлалын сан”-д ТӨК-иудын ногдол ашгаас 296 тэрбум төгрөг төвлөрөөд 1.4 их наядад хүрсэн. 110 орчим тэрбумын хүүгийн орлого тооцоод төсөвт авахгүйгээр “Хуримтлалын сан” руу нь нэмээд шилжүүлчихдэг. Ирээдүйн өв санд 6.9 их наяд байгаа. Жилд 250 тэрбумын хүүгийн орлого тооцдог. Энэхүү хүүгийн орлогыг 2 их наяд болгохоор 2030 оны үндсэн чиглэлд тусгаж, үүний төлөө ажиллаж байна. “Хуримтлалын сан”-гийн орлого эрүүл мэнд, боловсрол, ипотек гэж явдаг. Бодлогын хүүгээр хүүлээд тэр мөнгө нь Монголбанк дээр ипотек болж гардаг. Тухайн мөнгийг ашиглаж байна л гэсэн үг. Шууд зарцуулсан гэсэн үг биш.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Өнгөрсөн 10 жилд 200 гаруй их наядын төсөв бид зарцуулжээ. Оюутолгой, 25 нефтийн үйлдвэрийн мөнгө. Ийм их төсөв зарцуулчихаад үр дүн юу байна вэ. Төсвийн асуудлаар зөрчил гаргасан хүмүүстээ хариуцлага тооцсон уу. 165 хүн байгаа юм билээ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Өнгөрсөн 10 жилд ДНБ гурав дахин өсчихөөд байна. Дагаад төсөв томорсон. Өнөөдрийн төсвөө харахаар нийгмийн даатгал, халамжид 30 хувийг өгчихдөг. Цалин хөлс, нэмэгдэл урамшуулалд 11 их наяд. Энэ жилийн төсөвт гэхэд л гишүүд, аймаг орон нутгаас 35 их наядын санал ирсэн шүү. Шийдэх асуудал тэр хэрээр их байна гэсэн үг. Энэ жилийн төсөвт бодлогоо чухалчилна. Зээл 2.7 их наяд хүрээд, шинэ хөрөнгө оруулалт 3.8 их наяд болчихоод байгаа.

Татвараар нэмж бүрдүүлэх гэхээр улам ихээр компаниудаа шахах нөхцөл үүсэх учраас 1.3 их наядаар татвараа бууруулаад харин ТӨК-иудын ногдол ашгаа төсөвт суулгаад тэтгэвэр, тэтгэмж, цалингаа тавина. Төсвийн ангилал, хуулийг зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно оо. Дөрвөн агентлагийн даргыг чөлөөлсөн. Бусад асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Сүүлийн аудитын дүгнэлтийг би өнөөдөр л авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байж болох юм уу. Багшийн үндсэн цалин улсын дундаж нэрлэсэн цалингаас өндөр буюу 3.1 саяд хүрэх ёстой гэсэн 109, 29 дүгээр тогтоол чинь хэрэгжихгүй байна шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Та ч, би ч багшийн цалинг нэмэх талаар 10 гаруй жил ярьсан. Өнөөдрийн нөхцөл байдлаа зөв үнэлэх ёстой болов уу. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалинг нэмэх шийдвэрийг хэрэгжүүлээд цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 780, ЕБС-ийнх 742 мянга төгрөгөөр өссөн. Ингэснээр үндсэн цалин 1.4-аас 2.2 саяд хүрлээ. Дундаж цалин урамшууллаа бодуулаад 3.9 сая төгрөгт хүрсэн гэдгийг Боловсролын яам хэлж байгаа. Намайг ажлаа авахад хоёр цалинтай, оны эцэст цалингийн санхүүжилтгүй байсныг шийдсэн. 680 тэрбумаар цалингийн санхүүжилт дутагдаж байсныг төсвийн тодотголоор баталж чадлаа. Ирэх жил инфляцтай уялдуулж дахиад нэмнэ. Маш том алхмууд хийгдсэн шүү. Үүнийг та ойлгоорой.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Монгол Улсын өндөр албан тушаалын хүмүүс ажлаа өгсний дараа ийм хулгай байсан, тийм хариуцлагагүй байдал байсан гэж ярих юм. Яагаад ажлаа хийж байхдаа мэдсээр байж хулгайг нуун дарагдуулсан юм бол. Худгаа ч авна, нуураа ч авна гэсэн таны үг хэзээ хэрэгжих вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Тантай санал нэг байна. Байгаа үедээ асуудлаа шийдээд явна. Ажил авсан л бол туниад байх зүйлгүй. Миний хувьд хариуцлагатай ажил хийж байгаа учраас хэнд ч гомдож, тунихгүй, хэцүү байна гэж гоншигонохгүй. Асуудлыг шийдэх гэж ажиллаж байна. Хуулиар шалгуулах шаардлагатай гэмт хэрэг ярьж байгаа бол хууль, шүүхэд нь өгөөд шийдүүл. Нийгэмд яригдаж буй асуудлыг үнэн бол үнэн, худал бол худлыг нь тодорхой болго гэж Г.Тэмүүлэн сайдад хэлсэн. Ярьсан болгоныг мартаад яваад байна гэж байхгүй. Монгол төрд итгэх итгэл үнэмшил жил ирэх тусам суларч байна шүү дээ.

Та сонсгол зохион байгуулаад үнэн зөв мэдээллийг өгөөд яваарай. Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж чаддаг олон залуустай болсон. Цаашдаа нэг ч хөрөнгө оруулагчид мад тавиулахгүй. Хөрөнгө оруулагчидтай нэг түвшинд хэлэлцээр хийж, Монголын ард түмэнд хожоотой байдлаар явна. Стратегийн ордууд дээр хуулийн төсөл боловсруулж үзсэн. Хоёр төсөл дээр хэлэлцээр явж байна. Худгийн асуудлыг хуулиар шийдэх байх. Нуурын асуудлаа тэр хавиар нэг хүнээс асуугаарай.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хар дарсан зүүд шиг хулгай Монголыг авлигын намаг, баялгийн хараал руу чирч байна. Үүний эсрэг тэмцэнэ гэж та хэлсэн. Намаг балчигаас татаж гаргаж чадав уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Энэ үгнээсээ хэзээ ч ухраагүй. Ард иргэдтэйгээ хамтарч шаардсаар ирсэн. Цэвэр ариун шударга хүмүүс төрж гарсаар л байгаа. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийхийг шаардана. Нуурын асуудлаар гэхэд 507 хуудас баримт шилжүүлсэн шүү дээ. Асар тодорхой зүйл шүү. Манай, танай намд байгаа нийгэмд алдаршсан нөхдүүд буруугүй гэдгээ очоод тогтоолго. Улсын яллагч биш учраас хэн нэгнийг авч очоод цоллоод байх боломж надад алга. Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. “5 Ш” ажиллагааг үргэлжлүүлэх ёстой. Өрнөл их эргэлзээ төрүүлж байгаа. Би хуулийнханд хэрэг захиалж үзээгүй, хайцаалж ч үзээгүй. Гэхдээ буруутай бол тогтоо, нам эвслээр ялгахгүйгээр шалга гэдгийг хэлсэн.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн: Орлого төвлөрүүлж байгаа аймгуудыг урамшуулах бодлого алга. Төсөв нь Ерөнхий сайд, Сангийн сайдын аймаг руу л явдаг жишиг бий болчихож. Илүү их орлого төвлөрүүлье гэдэг сэдэл алга болжээ. Сүүлийн хэдэн жил Хэнтий, Ховд руу маш их хөрөнгө оруулалт явлаа. Ийм байж болох юм уу.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Орон нутгийн бие даасан байдлыг хангахын тулд Төсвийн хуулиар Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг тодорхой болгож өгнө. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хууль, Ашигт малтмалын хуульд АМНАТ-ийн орон нутгийн хувь хэмжээг 20 хувиар нэмэгдүүллээ. Орон нутаг бие дааж татаасгүй хөгжих боломж бүрдэж байгаа юм.

Жил, жилийн төсөвт олон төслүүд суулгадаг ч бүтээн байгуулалтын улиралдаа багтаж тендерээ зарлах гэсээр байгаад төсвөө хураалгачихдаг. Тэгэхээр цаашдаа орон нутагт төсвийг нь өгдөг, тэндээ захиран зарцуулдаг, тендерээ зарладаг тогтолцоо руу явахгүй бол болохгүй.  Төсвийн цагалбар болохгүй байгаа шүү, гишүүд ээ. Бүтээн байгуулалтын улирал нь маш богино. Орон нутагт ажил хийх ямар ч боломжгүй. Төсөв нь Засгийн газрын бодлого. Гэтэл УИХ-аар хэлэлцсэний дараа танигдахгүй төсөв батлагддаг. Энэ удаад ч зарим талаар төсвөө би танихгүй байгаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг байгуулагдаад гурван жил боллоо. Энэ хуулийг хэзээ өргөн барих вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд квот нь 10 хүртэл хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууцанд орсон уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Хуулийн төслийн үзэл баримтлалыг долдугаар сард баталсан. Холбогдох байгууллагууд саналаа өгч дууссан учраас 12 дугаар сарын эхний долоо хоногт УИХ-д өргөн барихаар байгаа. Өнгөрсөн долдугаар сард квотыг нэмэгдүүлсэн. Хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүжилтээр баригдсан орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үе шаттай оруулна. Энэ хөтөлбөрийг илүү шударга болгох үүднээс “50 мянган айлын яндан бууруулах, 100 мянган айлын үндэсний хөтөлбөр” гэж зарлаад ирэх жил 25 мянган айлыг орон сууцанд оруулна. Төсвийг баталчихвал 1.8 их наядын санхүүжилт босгоод хувийн хэвшилд байгаа 9700, “Солонго-1, 2”, “Ногоон нуур”-т байгаа орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувийг хангуулж, орон сууцжуулна.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядыг 50 гаруй төсөлд зарцуулахаар төлөвлөсөн ч Үндэсний баялгийн сангийн хуульд нийцээгүй гэж үзээд буцаан татсан. Тэгэхээр цаашдаа эрчим хүч, дулааны төслүүдээ яаж шийдэх вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төсөв батлах УИХ-ын бүрэн эрхэд Засгийн газар халдахгүй. Ирэх оны төсвийг боловсруулаад бодлогоо хэрэгжүүлэх өөрийн механизм юм шүү гээд өргөн барьчихсан. Бид хэлэлцээр хийгээд 10 жилийн дараа авах ногдол ашгаа авахаар тохиролцоод төсөөллийн тоогоо л оруулж ирсэн. Хэрхэн хуваарилах вэ гэдэг нь Их хурлын бүрэн эрх. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Засгийн газар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлаа харна. Байнгын ашиг биш учраас нэг удаа орж ирэх ашгаас олон жилийн бэрхшээлтэй эрчим хүч, дулааны асуудлаа шийдье гэж оруулж ирсэн ч улс төрийн мэтгэлцээн болсон учраас хуримтлалын сандаа өгнө өө. Хэрхэхийг УИХ-аар шийднэ.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Ногдол ашгаа авахаар наашлуулсныг өндрөөр үнэлж байгаа. Гэхдээ иргэд бидэнд итгэхгүй байна. Бэлэн мөнгө өгдөг гашуун түүхийг давтмааргүй байна шүү?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Иргэд итгэхгүй байх асуудал байхгүй. “Хуримтлалын сан”-даа хуримтлуулах хуультай. Санд 1.4 их наяд байгаа. Энийг бодлогын хүүгээр ипотек руу гаргасан учраас хуримтлал нь хадгалагддаг. Одоо “И-Монголиа” дээр байгаа тоо өнөө жил 500 мянга хүрнэ. Тоог нэмэгдүүлэхийн тулд ажиллана. Энэ мөнгийг ипотек руу гаргасан ч бодлогын хүүгээр хүүлж байгаа учраас тэр мөнгө устаж алга болохгүй.

Ногдол ашиг руу хэн нэг хүн гар дүрэх эрхгүй. Хэрвээ 1.4 их наядыг хуримтлалд хийгээд ямар нэг төсөл санхүүжүүлнэ гэвэл бие даасан хуулиар шийднэ. Иргэд санаа зовохгүй байж болно. Өөрийнхөө төлөвлөсөн бодлогыг хэрэгжүүлэх төсвийг би анх удаа өргөн барилаа. Төсөв батлагдвал манай Засгийн газрын баримталж буй бодлогууд амь орно.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Шатахууны хамаарал цаашдаа хэрхэх вэ. Нүүрснээс түлш үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 50 хувийг хангах юм. Бэлтгэл ажлыг бүрэн хангах ёстой гэж үзээд манай Засгийн газар Газрын тосны хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, 16 талбайд сонгон шалгаруулалт хийгээд түүхий тос нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ бол сайн дэвшил.

“Петро чайна”-тай үүссэн татварын маргааныг УИХ-д өргөн мэдүүлж, асуудлыг гацаанаас гаргалаа. Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг гацаанаас гаргаснаар гүйцэтгэл, санхүүжилт хоёр зэрэгцээд явж байгаа. Нүүрснээс түлш боловсруулах таны саналыг Шинжлэх ухаан, технологийн хуулийн дагуу дэмжээд ажиллая. Эхлээд туршилтын үйлдвэр байгуулах ажлыг хамтраад хийгээд явъя.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Оюу толгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх боломж бий юу. Үүнийг ярьсны дараа л иргэдэд ногдол ашгийн хуваарилалтын тухай ярих болов уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Олон компани байхгүй шүү дээ. “Эрдэнэс Таван толгой” шиг 1072 хувьцаа болгоод гаргачихад асуудалгүй. Та бүхэн дэмжвэл асуудал алга.