Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьсан. Хотын статусыг шинээр оруулах, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийг нь таван жилээр оруулах, Ерөнхий сайдаас бусад гүйцэтгэх засаглалын сайд нар дан дээлтэй байх, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг хэд хэдэн чухал заалтыг тусгасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн, зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Тодруулбал, УИХ-аар яг одоо хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийхэд бэлэн болоод байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төслөөс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хамтатган хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулах юм. Тус ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга даргалах бол Орлогчоор нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллана.
Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт /Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/, Д.Тогтохсүрэн, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар багтсан бол сөрөг хүчнээс АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар ажиллах юм байна. Сөрөг хүчний тухайд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй, иргэдийн саналыг сонсоогүй, эрх баригч нам дангаар шийдсэн төсөл болсон хэмээн мэдэгдэж байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл өргөн барьсны дараа мэдэгдэл хийж, Ерөнхийлөгчийн төслийг дэмжихээ илэрхийлж, хэлэлцүүлэгт орохоор болсноо мэдэгдсэн билээ.
Уг асуудлыг одоо чуулганаар хэлэлцэн шийдсэний дараа зөвшилцөлд орж, улмаар ирэх наймдугаар сарын 9-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулж, хуулийн төслийг хэлэлцэх нь ээ. Тэр болтол ажлын хэсэг, дэд хороо, байнгын хороод хуралдах юм.