ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ам нь бэлэн, гуя нь шалдан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-01

НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Бохолавски Монгол Улсад арав гаруй хоног томилолтоор ажиллахдаа, төрийн болон төрийн бус байгууллагын олон төлөөлөлтэй уулзаж, Монголын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөөд буцжээ. Ингэхдээ ирэх оны төсөв сонгуульд зориулагдах ёсгүйг онцлон сануулж, санхүүгийн байгууллагуудын хүүгийн дарамт, бизнесийн орчинд буй авлигыг багасгах, урт хугацааны бодлого тэр дундаа аж үйлдвэржилтийн бодлогыг шат дараатай хэрэгжүүлэх гэсэн хэд хэдэн чухал дүгнэлт гаргаснаа танилцуулжээ. Гэтэл энэ дүгнэлтэд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаж хариулсан гэж бодно оо. Тэрбээр твиттер хуудсаар дамжуулан “Манай эдийн засгийг тогтмол судалж, цогц байдлаар дүн шинжилгээ хийж байдаг цөөн тооны байгууллага байдаг. Тэдэнтэй бид хамтарч ажилладаг. Түүнээс биш Монголд ирж долоо хоночихоод, хагас дутуу ойлголттойгоор хэлсэн үг бүрийг нь хэрэгжүүлдэг туршилтын орон бол Монгол биш ээ” гэж томорлоо. “НҮБ ямар эдийн засгийн талаар туршлагатай ч биш манайд зөвлөдөг хэн юм” гэж пээдийх нь тэр. Том байна аа, Сангийн сайд маань. НҮБ жижигддэг, харин IMF, Moody, Fitch, S&P-иудын үгийг сонсоно гэж байна, тэр. Яах вэ, нэг талаас харвал тусгаар улс учраас хүн бүхний хэлсэн, судлаач болгоны дүгнэснээр давхиад байж болохгүй л дээ. Гэвч, хараат бус шинжээчийн олж харсан энэ бүх бэрхшээлийг Монгол Улс арилгаж чадаагүй, захын нэг судлаачид л хамаг муу муухайгаа харуулчихсан атлаа “Манайх туршилтын орон биш” гэж пээдийж болох юм уу, сайд аа. Сонгуульд зориулаагүй төсөв баталж чадахгүй гэдгээ 2020 оны төсвийн төслийг танилцуулахдаа ч батлан харуулж байна шүү дээ, та.

Арав гаруйхан хоногийн дараа Монгол Улсыг ФАТФ-аас саарал жагсаалтад оруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг ярих гэж байна. Эдийн засагт тийм ч хүнд дарамт болохгүй ч олон талаар сөрөг үр дагавар авчрах нь дамжиггүй. Мөнхүү уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт үндсэндээ зогсчихлоо. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсох уу, үгүй юу гэдэг эрсдэлийн өмнө ирж байна. “Бороо Гоулд” зэрэг том төслүүдийг зогсоох шийдвэр гаргаж, нинжа нар тэнд нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа. Энэ Засгийн газар чинь “нинжагийн” гэсэн тодотгол зүүчихлээ. “Зүлгийг нь бус шарилжийг нь зулгаана” гэж мэдэгдсэн ч уул уурхайн салбар хүссэн ч эс хүссэн ч зогсонги байдалд оров. Тэр хэрээр хөрөнгө оруулалт тасалдана. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон шийдвэрийг удаа дараа гаргаж байх юм. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд уул уурхайн салбарт 12000 хүн ажилгүй болжээ. Түүнчлэн, БНХАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн ч жижигхэн эдийн засагт том цохилт өгөх нь тодорхой. Ийм байхад төсвийг хэт өөдрөгөөр харж, инфляцийг найман хувьд барьж, төсвийн алдагдлыг 2.8 хувь болгож, ирэх онд 12.9 их наядыг зарцуулна гэсэн сайхан мөрөөдлийг сонгуульд зориулаагүй гэж хэлж болохгүй байлгүй. Энэ сарын 26-нд танилцуулсан ирэх оны төсвийг “зүүдээ ярьсан байх аа” хэмээн зөвтгөж бодмоор байвчиг гурван удаа Засгийн газрын хурлаар оруулж, дэмжлэг авчихсан гэж бодохоор л гомдмоор санагдах юм аа. Манай улс хэзээ бэлэн амлаж, шалдан гуялдаг муу зуршлаасаа салах юм бэ. Сонгуульд зориулж төсөв зурдаг, түүндээ нийцүүлэх гэж элдвийн хууль гаргаж татвар төлөгчдөө дарамталдаг, үнэнийг нь хэлсэн нэгний өөдөөс “чамаар заалгахгүй” гэж пээдийдэг байдлаар хэдий болтол явах юм. Ингээд бичихээр “Төсвөө хэрхэн зурж, хэдийг үрж, хэдийг олохоо чамаар заалгахгүй” гэж томрох нь тодорхой л доо. Гэвч, Сангийн сайд таны сэтгэлдээ зурсан төсөв чинь бодит амьдралаас дэндүү хол зөрүүтэй байна. 
Тэтгэврийн даатгалын сан улстөрчдийн амлалтаас үүдэн туйлдсаар...

2012 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг сайд та санаж байгаа биз. С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр 1990-1995 онд хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, мөн 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөх боломжгүй байсан иргэдийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болж байлаа. Журамд заасан шимтгэлийн хувь хэмжээгээр нэг иргэнээс 80 орчим мянган төгрөгийг нөхөн төлж, нийтдээ 483 орчим мянган хүнд хууль хүрчээ. Тэтгэврийн нэмэгдлээ иргэд 2014 оноос эхлэн авч эхэлсэн бөгөөд тэтгэвэр тогтоолгоогүй иргэдийн хувьд эрх нь бүрэн үүссэн юм. Энэ хуульд сайн тал байсаан. Алдагдсан цаг хугацаагаа нөхөн авч, тэтгэврээ ном ёсоор нь тогтоолгосон иргэд олон байлаа.

Нөгөөтээгүүр, хуулийн цоорхойг ашиглан хувиа нэмсэн хүн ч олон байсан гэх. Тодруулбал, 2016 оны сонгуулийн өмнөхөн нэг иргэнээс 1.5-3.5 сая төгрөг авч, тэтгэврийг нь нэг дахин буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэнийг 700-800 мянга болгосон асуудал ч яригддаг. Ийм байдлаар тэтгэврээ нэмсэн хүмүүс олон байдаг гэвэл худлаа гэж мэлзэхгүй байх. Энэ мэт сонгуульд зориулсан хууль, түүнийг даган гарах элдвийн бузар булхай явдлаас болж, Монгол Улсын тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүйд хүрлээ. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампуурсан банкинд байсан Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийн учир өнөө хүртэл олдоогүй, хэн хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй байгаа. Тийм байтал Сангийн сайд “Ирэх онд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгоно” гэж мэдэгдэв. Мөн ахмадуудын тэтгэврийг нэг дахин нэмэх, хөнгөлөлттэй нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмнэ гэлээ. Сэрчихгүй бол үнэхээр сайхан зүүд. Гэвч нийгмийн халамжид зарцуулах бэлэн мөнгийг хаанаас олох юм бэ, энэ улс. Сайд таны сайрхал арай л тэнгэрийн байх юм. Улсаа хорлох мэдэгдэл чинь хэрээс хэтэрлээ. 

 

Бондуудын өрийг дарах 2.9 тэрбум ам.доллароо хаанаас олох вэ

Сангийн сайд танилцуулгынхаа үеэр төсвийн орлогыг гаалийн шинэчлэл, татварын реформ, газрын төлбөр зэргээс бүрдүүлнэ гэв. Мөн өмнөх гурван жил тасралтгүй ярьсан НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгоно гэлээ. Багш, эмч нарын цалинг 1.5 сая болгох, хүүхдээ асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргийг хөнгөлөх, МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэх, “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг 50 хувиар нэмэх гэх мэтээр олон сайхан амлалт хэрэгжүүлэх гэнэ. Нөгөө арав гаруй жил яригдаад ашиглалтад орж чадаагүй Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайтын боомтуудыг иж бүрнээр нь 2020 онд ашиглалтад оруулна гэж амлав. Уналтад ороод байгаа уул уурхайн салбарт мөн л хэт өөдрөг төсөөлөл оруулж иржээ. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолно. Зэсийн баяжмал 1.4 сая тонныг экспортлох бөгөөд тонныг нь 6340 ам.доллароор тооцжээ. Алт, зэсийн үнийг өснө гэсэн өөдрөг хэлж байна билээ. Мөн 4.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотооддоо хийх бөгөөд гадаад зээлийг нэмэхгүй, бондуудын өрийг төлөхдөө ч өрийн менежмент хэрэгжүүлэн, төсөвт дарамт учруулахгүй хэмээв. Гэтэл гадна талдаа хамгийн том түнш орон болох БНХАУ нь АНУ-тай худалдааны дайн хийж байгаа. Австралид үер болдоггүй л юм бол 15 сая тонноос давуулж, нүүрс экспортолж байсан түүх бидэнд алга. Есөн жилийн өмнө 16 сая тонныг гаргаж байсан бол өдгөө дөнгөж 20 сая тонн нүүрс экспортолж буй. Хоёрхон жилийн дараа өмнөд хөршийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ огцом буурна хэмээн эдийн засагчид шинжиж байхад, эрхэм сайд харин “42 сая тонныг гаргана аа” хэмээн нөгөө л зүүдээ ярьсаар. Энэ мэт гадаад нөхцөл байдлаас үүдэн түүхий эдийн үнэ огцом савлах, эсвэл экспортын хувь хэмжээ буурлаа л бол Монгол Улсын халаас нимгэрнэ. Халамжийн бодлого ч төвөгтэй байдалд хүрнэ.

Харин энэ бүхнийг Сангийн сайд тооцоолж үзсэн болов уу. Ирэх оны өвөлжилтийн нөхцөл байдал, махны үнэ, банкуудын актив хөрөнгийг л төсвийн эрсдэл хэмээн зурж сууна гэхээр даанч эмгэнэлтэй санагдах юм. Өөрийнх нь хэлсэнчлэн, Монгол Улс туршилтын орон биш. Бие даасан улс орны хувьд ядахдаа хоёр хөрш, дэлхийн эдийн засгийн наад захын эрсдэлийг тооцож “мөрөөдлөө” зурдаг болмоор байна, сайд аа. Сонгуульд зориулсан “халамжийн” төсөв тань сонгуулийн дараах он жилүүдэд ямар дарамт учруулахыг тооцож үзэв үү. Нэр хүнд олох гэсэн удаа дараагийн “сэлэм”-дсэн шийдвэрүүд Монголын эдийн засагт ямар шок авчрахыг тооцмоор байх юм. Уул уурхайн нөхөн төлбөрийн мөнгийг хаанаас өгөх вэ. Шууд хааж боосон шийдвэрүүдийн эрсдэл юу байх бол. Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулах 147 тэрбум, бондуудын өрийг дарах 2.9 тэрбум ам.доллароо юунаас олох талаар тайлбарлаж өгч болох уу. ОУВС гараад явсны дараа орж ирэх орлого юу байна вэ, энэ улсад. Зурсан төсвийг тань гурав хоногт л уншсан надаар ажлаа заалгахгүй гэх биз. Гэвч захын нэг иргэн л энэ бүхнийг уншаад “Сайдын аманд бол бэлэн мөнгө хэдэн тэрбумаараа байна. Харин гуя нь шалдан юм даа, зайлуул” хэмээн эвийлж байгааг дуулсан гэж найдъя.