ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өрөвдмөөр тайлбар хэлдэггүй төртэй байхыг хүснэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-14

-Цагдаа, тагнуул, Төрийн албаны зөвлөл, АТГ-ынхан ажилдаа шуударлаа-

 

Монголын нийгэм цэвэрших шатандаа орсныг бараг өнөөдөр л мэдэх шиг боллоо. Үүнийг мэдэх хүртлээ шүүмжлэхийн, хардахын донтой явснаа  бид  мэдсэнгүй. Сайндаа ч биш,  өглөөний шуурхайгаас өчигдөр чөлөө авч СЭМҮТ-өөс явуулж байгаа сургалт, хөтөлбөрийг сонирхохоор  очоод монголчуудын таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэхийг эмчийн амнаас сонслоо. Сэтгэцийн эмгэгийн олон төрөл бий. Гэхдээ аливаа зүйлийг сөрөг буюу муу талаас нь  байнга хараад байвал эмгэг болох магадлалтайг мэргэжлийн эмч сануулж байлаа. Үүнийг сонсоод зүгээр л толгой дохисон. Маргах аргагүй үнэн энэ учраас өөрийн мэдэлгүй толгой дохисон хэрэг.  Монгол Улс ардчилсан нийгэмд шил­жээд 30 жил орчим болоход иргэдийг шүүмжлэхийн донтой буюу сэтгэцийн эмгэгтэйд тооцогдох хүртэл улс төрийн маргаан дэгдээж, дасгал, сургуулилт хийлгэсэн байх юм. Монголд МАН, АН хоёр ээлжилж төрийн эрх барьснаас өөрөөр өнгө солигдоогүй гавьяа нь  энэ байх. Монголчууд ардчилал хөгжсөнөөс хойш 30 жил сэтгэцийн  эмгэгтэй болох хүртлээ шударга нийгмийг мөрөөдөж, шүүмжилж бай­хад гадны улсын өндөр ёс суртахуун, иргэдээ хаан шиг үздэг хүндлэл, авлига авах нь цаазын ялаас ч долоон дор гэж боддог хариуцлага үнэхээр өнөөдрийг хүртэл  хол санагдаж байжээ. Харин ч эсрэгээрээ нийгэм цэвэрших эхлэлээ тавьсан төдийгүй  шударга тогтолцоог бий болгохын тулд ажиллаж эхэлснийг сүүлийн хэдхэн өдрийн үйл явцаас харж болохоор санагдана.

Төрийн алба гэхээсээ илүү хууль шүүхийн байгууллага, бүр тодруулбал, АТГ,  ЦЕГ, Төрийн албаны зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газраас  хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ажиллаж буй арга барилаас нь хэр сайн ажиллаж байгааг нь харж болохоор байна. Одоогоос сарын өмнө Монголд 800 орчим хятад иргэн орогнож, хамгийн сүүлийн үеийн загварын  гар утас,  өндөр хурдны үзүүлэлттэй компьютер зэргийг ашиглан цахим орчинд гэмт үйлдэх гэж байсныг  Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллаж гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд  таслан зогсоож,  нутаг буцаасан тодхон жишээ бидэнд бий. Энэ талаар “Өнгөрөгч наймдугаар сараас хойш бид хоорондоо мэдээлэл солилцож, нөхцөл байдлыг ажиглаж байлаа. Тэднийг бүрэн хяналтад авсан. Айдас төрөх асуудал байхгүй” гэсэн юм. Хэргийг ТЕГ, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгасан. Хууль хяналтын байгууллагынхны сайн гүйцэтгэлтэй ажил үүгээр дууссангүй. Олон нийтээс “шүдгүй” арслан, “унтаа” луу зэргээр санал шүүмжлэл  байнга хүртэж, хэвлэлээр бишгүйдээ банга хүртдэг АТГ-ынхан “амилж” жинхэнэ утгаар улсаа авлигаас ангижруулахаар ажиллаж байгааг харах нь жирийн иргэний хувьд үнэхээр таатай байлаа. Тэд өмнө нь томоохон авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг өрөөндөө хоол, цай зэргээр дайлж, хэргийг нь шалгаж байна, шалгахаар бэлдэж байна гэх зэргээр хэрэггүй тайлбар хийсээр байгаад  хэргийг хэрэгсэхгүй болгодог сонгодог жишээг та бид андахгүй.

Авлига авсных нь төлөө урамшуулах шахуу байдаг тогтолцооноос ангижирч, гар хөл бологсдоор хэргийг шийдвэрлэдэг байдлыг хойно үлдээж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан С.Баярцогт, алдарт “60 тэрбум”-ын хэргийн зангилаа, улсын сангууд руу гараа дүрсэн гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга гээд хэнбугайд ч  АТГ-ын үүд хаалга нээлттэй болж, танилын сүлжээ, ахын хайр хамгаалалт хэрэг болохоо байж. Тэд Оюутолгойн гэрээнээс эхлээд  гадаадын иргэнийг дээрэмдсэн, тоносон асуудлаар үргэлжилж,  концесс, тендер, улсын сан руу гараа дүрсэн бүх хэргийг нэхэх аж. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэрэгсэхгүй болгох асуудлыг цэглэж, үнэний эрэлд АТГ-ынхан  гарчээ. Нэгэн цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хүндэт авлигач нар аа, гишгэх газаргүй болсон шүү” гэж хэлэхэд хэзээ л билээ дээ гэсэн бодол төрж байлаа. Харин түүнээс хойш буюу хоёрхон жилийн дараа тэр цаг ирснийг харлаа, харууллаа. Мөн хэн ч удирддаг нь тодорхойгүй Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газрын үйл ажиллагааны чиглэлийг олон нийт ойлгохгүй явсаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тэдний хийсэн ажил өмнө нь байгууллагынхаа  босгыг  давдаггүй байсан  гэхэд хол зөрөхгүй байх.

Гэтэл томилгоо сэлгээг шинээр хийснээр тус байгууллагууд жинхэнэ утгаараа ажиллаж, нийгмийг цэгцлэх эрэлд мөн л гарсан байх юм. Тэд төрийн унаа хөлөглөн эхнэр,  хүүхдээ ажил,  сургуульд нь зөөж, гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсныг олон нийтэд ил болгож, дарга нараас шударга ёсны хариуцлага нэхэх эрэлд  давхар мордлоо. Өөрөөр хэлбэл, хууль,  хяналтын байгууллагын гараас мултрах аргагүй болсныг дээрх газруудаас хийсэн цөөхөн үйл ажиллагаанаас харж болох нь ээ. Тэд сэтгэлтэй, зүтгэлтэй л бол ажил хийж болдгийг бодитоор харуулж, нийгэмд үлгэрлэж байгааг харах бахар­халтай байна.  Иймээс бид­ний адалдаг бусармаг нийгэм хүссэн, хүсээгүй Монголын хөрснөөс арчигдах  цаг ирснийг мэдрэхэд сайхан юм.  Харин тэдний шинэчлэлийн эрчлээсэнд УИХ-ын 76 гишүүнээ дайчихвал бүр цогц болох гээд байна. Тэд өөрсдөө шударга, баталсан хууль нь зөв бол хэрэгжилт нь үр дүнд хүрнэ.  Хувьдаа төрийн машиныг ашигласан тохиолдолд “Хариуцлага хүлээлгэх хууль  эрх зүйн орчин байхгүй” гэдэг өрөвдмөөр тайлбар хэлдэггүй төртэй байхыг хүснэ, би.