ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

1000 ном бүтээсэн ч монголчууд та нараас үнэнийг нэхсээр байх болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-19

Сонгууль айсуй. Цантсан цонхны цаанаас ч жиндэхээр хасах хэмийн тэсгим хүйтэнд хамгийн халуун сэдэв нь улс төр байсаар. Улстөрчид нь тойрог тойглох, төсөв батлуулж том мөнгө тусгаж чадлаа хэмээн бардамнахаар өвлийн хүйтэн, цасны зузааныг тоолгүй орон нутгийг зорьжээ.

Саарал ордон эл, хуль өдрүүд дахиад л ирэв. Байгаа хэдэн гишүүд нь сэтгүүлчдээс зугтаж, “Судалж, үзээд наад сэдвээр чинь яриа өгнө” гэсэн ганцхан өгүүлбэрээр ам таглаж, тодорхойгүй баталсан төсөв, олонхийн хүчийг үзүүлсэн Үндсэн хуулиа өмгөөлсөн хэвээр. Харин дийлэнх олонхи нь сонгуулийн бэлтгэлдээ орж, өөрсдийнхөө аль сайхныг олон нийтэд сурталчилж, таниулах ажилдаа нэгэнт шуударчээ.

Хаа сайгүй сонгуулийн пиар, нэр дэвшигчдийн тойргоо тойглох аян, ард иргэдээ халамжлах бодлого нэвт шувт үргэлжилсээр. Тэгвэл орчин цагийн улстөрчид бэлэг тараахыг бус ном бүтээхийг илүүд үзэх болов. Сонгууль дөхөхөөр элдэв янзын жижиг, сажиг бэлэг сэлт тараадаг байдал ард хоцорч, хэн нь хамгийн гоё ном бичих вэ, эсвэл хэн нь хамгийн гоё сайхнаар дурсамжаа бичүүлэх вэ гэсэн аян улс төрийн хүрээнд эхэлж, трэнд болсоор удлаа.

Мартагдсан улстөрчид номоороо дамжуулж, пиараа хийхийн зэрэгцээ улс төрд эргэн ирж буйгаа “чанга”-аар зарлаж байх юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран  хоног, жарын бутархай”, Сангийн сайд асан С.Баярцогтын бичсэн “Оюутолгойн гэрээний төслийн талаарх ойлголт”, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Оргил өөд”, УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын талаарх “Төрийн хүн Д.Дорлигжав”, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “Би эх орноосоо урвахгүй”, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс”, Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн “Шилэн ном” зэргийг нэрлэж болно.

Энэ бүгд нэг улстөрчийг нийгэмд сайхнаар харуулах гэсэн арга ядсан пиар, ядмагхан сурталчилгаанаас өөр юу ч биш л дээ. Авлигачид нь хүртэл ном бичдэг цөвүүн цагт нүглээ ном болгоод хэвлүүлчихээр арилчихдаг гэж арай ч бодоогүй байлгүй дээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярын хувьд номоороо дамжуулж, өөрийгөө цагаатгасан ч тусыг эс олсон доо. Хэдэн мянган шилдэг үгийг ашиглаж, мааниа уншиж, эрх эргүүллээ ч монголчууд шударга үнэнийг С.Баяр таниас нэхсээр байх болно. Ном бүтээснээр хэргээс мултрахгүй билээ.

Тэр ч бүү хэл дахин улс төрд орно гэсэн цагаахан мөрөөдлөө ч гээсэн нь дээр биз дээ. Танд монголчууд хангалттай их итгэсэн, хүндэлсэн, сонгосон. Хариу нь харин хууль хяналтын байгууллагын ширээн дээр хавтаст хэрэг болчихоод хэвтэж байгаа. Сангийн сайд асан С.Баярцогт ч иргэдээ тэнэг мунхаг ангилалд багтааж, доромжиллоо. Энэ хангалттай биш гэж үү. Оюутолгойн луйврын гэрээг ойлгохгүй байна, номоо уншаад надтай ярь гэж тэр доромжлов.

Түүний толгойд байгаа тэр гоё мөрөөдөл шиг үр дүн Монголын эдийн засагт гараагүй учраас бүтэн зууны дараа ч таниас хариуцлага нэхэж, үнэний эрэлд гарсаар байх учраас эрэлттэй байна миний ном гэсэн элдвийн хошин шог, Их сургуульд тараалаа гэсэн хөгийн пиараа больж болдоггүй юм уу.

Монголын улстөрд 30 орчим жил зүтгэж, таван удаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа Ц.Нямдорж “Би эх орноосоо урваагүй” хэмээх номоо  улс төрийн хүрээллээс шахагдаж байгаа сайд Ж.Батболд гэх зохиолчоор бичүүлсэн бөгөөд удахгүй нээлтээ хийх аж. Ц.Нямдорж сайд нууцын зэрэглэлтэй хэргүүдийн талаарх үнэнийг олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагад 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэснээ батлах юм гэнэ ээ.

Мөн ч доромжилж байна даа, энэ хүмүүс. жирийн нэгэн бизнесмэн залуугаас дөрвөн сая ам.доллар хумсалчихаад өдгөө АТГ-ын үүдээр эргэлдэж буй Д.Дорлигжавыг бид төрийн хар хүн гэж хартлаа олон жил болно. Ийм тархи угаасан тэнэглэл, арчаагүй пиараа одоо больцгооё. 100 зохиолчоор 1000 ном бүтээлгэсэн ч монголчууд та нараас үнэнийг нэхсээр байх болно. Ном гаргаад ч хэргээ хэзээ ч цайруулахгүй. Гэм нүгэл чинь ч арилахгүй билээ. Ерөөс энэ хэвээр өөгшүүлээд байвал нэр дэвшиж байгаа бүх хүн номоо бүтээлгэж, бурхны хойд дүр хэмээн өөрсдийгөө нэрлэх л дутаж байна даа. Сонгууль айсуйг нотлох энэ бүх ном сонгуулийн дараа хог болохоос хэтрэхгүй учраас хайран цаас, хайран зохиолч нарын хөдөлмөрийг хайрлаж болохгүй юу, улстөрчид өө.