УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцлээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2017 онд 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2018 онд энэ хэмжээ нэмэгдэж, 720 тэрбум давсан байна. Тэгвэл энэ онд үүнээс дахин нэмэгдэх хүлээлттэй байгааг ажлын хэсэг мэдээлэв. Тус компанийн хувьд 2018 оны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилна гэж удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа юм. “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үүний шалтгааныг тайлбарлахдаа, “Таван толгой ордын ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн цогцолбор, Тавантолгой-Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани дпангаараа шийдвэрлэх боломжгүй байсан. Үүнтэй уялдуулан иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байсан юм” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14 хувийг иргэд, үлдсэн хувийг аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшиж байгаа аж. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани 12 тэрбум хувьцаа эзэмшиж байгаагаас төрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэд 2.2 тэрбум, аж ахуйн нэгжүүд долоон сая хувьцааг эзэмшиж байгаа билээ. Үүнээс 2.5 сая иргэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа юм байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус компани 13.6 сая тонн нүүрс олборлосноос 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
2018 онд УИХ-аас баталсан 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, гадаад дотоодоос хөрөнгө босгож, холбогдох дэд бүтцүүдийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн компанийн ашгийг нэмэгдүүлснээр иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа талаар УУХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлсэн юм.
Мөн нэгж хувьцааны үнийг 25 төгрөг гэж тооцсон бөгөөд 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг гэж 27 мянган төгрөг авах ажээ. 2010 онд байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компани 2016 он хүртэл гадаад дотоод өр төлбөртэй явж ирсэн ч сүүлийн гурван жилд цэвэр ашиг өссөн дүнтэй байгааг ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм. Тодруулбал,
2016 онд 32.8 тэрбум
2017 онд 401 тэрбум
2018 онд 807 тэрбум 2019 онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.
Өнгөрсөн онд ашигтай ажилласан 807 тэрбум төгрөгөс хувьцаа эзэмшиж буй иргэдэд ногдол ашиг болгож 55.4 тэрбум төгрөгийг хуваарилах тооцоо гарсан байна. Гэвч одоо иргэдэд олгох энэхүү ногдол ашгийн мөнгө байхгүй. Учир нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан гэх тайлбарыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл, иргэдээс хувьцааны ногдол ашгийн мөнгөө авах уу эсвэл бүтээн байгуулалтад зарцуулж илүү их ашиг хүртэх үү гэсэн судалгаа авахад иргэд бүтээн байгуулалтад зарцуулах нь дээр гэж үзсэн гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Засгийн газрын эзэмшиж байгаа хувьцааны мөнгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж байгааг буруутгаагүй. Харин яагаад иргэдэд өгөх ёстой мөнгийг өөр зүйлд зарцуулсан бэ. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох уу” гэсэн асуултад “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “нөхөж олгох боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө.
Хуралдааны төгсгөлд тус байнгын хорооноос 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг нөхөж олгох чиглэл өгсөн юм. Нөхөж олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.