ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ-ын дарга С.Амарсайхан Зайсангийн 4.41 га газрыг 17.4 сая төгрөгөөр авсан уу

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-25

Монголын хамгийн даруухан, нууцлаг тэрбумтнуудын нэг бол НИТХ-ын дарга С.Амарсайхан. НИТХ-ын төлөөлөгчөөр Налайх дүүргээс хоёр удаа сонгогдсон, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр гэдгээс өөр мэдээлэлгүй шахам байсан тэрбээр НИТХ-ын даргаар сонгогдсоноосоо хойш олны анхаарлын төвд орсон юм. 

С.Амарсайхан дарга 2017 онд АТГ-т хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.767 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг харш, 225 сая төгрөгийн үнэт эдлэл, 65 сая төгрөгийн хадгаламж, бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, “Оюуны Ундраа” групп, “МСГ” ББСБ-ын 37.052 тэрбумын төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлснээр тэрбумтан болох нь олон нийтэд мэдэгдэж байв. 

Түүний эзэмшдэг хөрөнгө АТГ-т мэдүүлсэн төдийхнөөр хязгаарлагдахгүй бололтой. Өнгөрсөн өвөл ашиглалтад орсон Зайсан толгойн ард байрлалтай “Зайсан Хилл” хэмээх соёл амралтын нүсэр том, тансаг зэрэглэлийн цогцолборын тодорхой хувийг С.Амарсайхан дарга эзэмшдэг гэх мэдээлэл бидэнд ирлээ. “Зайсан Хилл” цогцолбор баригдсан 4.41 га газрыг С.Амарсайханы гэр бүл эзэмшдэгийг эх сурвалж хэлсэн юм. Эх сурвалжийн хэлснээр түүний тусгай хамгаалалтын бүсэд эзэмшдэг газрууд нь эхнэр, хүүхдүүд, ах дүү хамаатан садных нь компанийн нэр дээр бүртгэлтэй гарсан байдаг аж.

Монгол Улсын иргэн өөрийнхөө хөрөнгө мөнгө, чадал сүүхэйгээ ашиглаад хуульд заасны дагуу хаана ч газар эзэмшиж, ашиглаж, өмчилж болно. Гэвч С.Амарсайхан дарга Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан байдаг аж. 

2002 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын газрын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд нээлттэй дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах заалттай. Харин тэгэхэд С.Амарсайханы гэр бүлийн эзэмшилд байдаг гэх “Собт трейд” ХХК тус газрын нэг мкв тутмыг нь 2008 онд 396 төгрөгөөр ямар нэгэн дуудлага худалдаагүйгээр авсан байгаа нь гайхаш төрүүлж байна. 

2008 онд Монгол Улсын эдийн засаг дорой байснаас үүдэлтэйгээр газрын үнэлгээ бага байсан уу гэвэл үгүй. Дэд бүтэц, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, хотын төвөөс алслагдмал одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах 25 га газрыг “Богд Асар” ХХК 3.3 тэрбум төгрөгөөр буюу нэг мкв талбайг нь 13200 төгрөгөөр 2007 онд авсан байдгаас үзвэл газрын үнэлгээ байршлаас үл хамааран чамгүй өндөр үнэтэй олгогддог байсан нь харагдаж байна.

Тэгэхэд С.Амарсайхан даргын гэр бүл хотын А зэрэглэлд багтах, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, баячуудын хамгийн ихээр амьдардаг Зайсангийн амд байрлах газрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 33 дахин бага үнээр буюу 0.07 га талбайтай гэр хорооллын газрын үнээс ч хямдхан авсан байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. 
“Собт трейд” ХХК-ийн хэтэрхий хямд үнээр худалдан авсан газар ганц үүгээр хязгаарлагдсангүй. 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 1320 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авчээ. 

Гэвч Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч  удалгүй буцаан сэргээжээ. 

“Собт трейд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Оюуны ундраа” группын байранд байрладаг бөгөөд тус компанийн Зайсангийн аманд эзэмшиж буй газрын төлбөрийг ямагт “Оюуны ундраа” групп төлсөөр ирсэн байдаг аж. 

Тухайлбал, “Собт Трейд” ХХК-ийн Зайсанд эзэмшдэг газрын 2017 оны төлбөр болох 23.406 сая төгрөгийг “Оюуны Ундраа” групп өмнөөс нь дөрвөн удаагийн гүйлгээгээр төлсөн байгаагаас үзвэл “Оюуны Ундраа” групп болон “Собт Трейд” ХХК нарыг хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэсгүй байна.

Газрын тухай хууль батлагдсанаас хойших 17 жилийн хугацаанд Нийслэлийн нийт иргэдийн ердөө 20 орчим хувь нь л газраа өмчилсөн гэх статистик мэдээлэл байдаг. Газрын албаныхны хүнд суртал, чирэгдүүлэлт их байгаатай холбоотойгоор жирийн иргэд он удаан жил, үе улиран амьдарсан газраа өмчилж чадахгүй байхад эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс тусгай хамгаалалттай бүс нутагт их хэмжээний газрыг маш хямд үнээр аливаа чирэгдэл хүндрэлгүй эзэмшиж, ашиглаж байгаагийн нэг жишээ нь юм.