ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрхэд мэдлэг ялах уу, мөрөөдөл ялах уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-05

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдэв. Хуульд зааснаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ сонгууль болохоос 60 хоногийн өмнө тодруулж, албан ёсоор зарлах учиртай. Тэгэхээр ирэх сарын дундуур гэхэд улс төрийн намууд хэнийг долоо дахь удаагийн сонгуульд сойх нь олон нийтэд ил болно. Нэр дэвшигчдийн талаарх таамаг “битүү морь” шиг байгаа. Урьдчилсан байдлаар улс төрийн намууд болон улстөрчдийн дундзөвхөн рейтингийн судалгаа өрнөж буй нь нууц биш. Улстөрчдийн дунд рейтингийн судалгаа хийж, чансаагаар эрэмбэлэх нь энэ цагийн хамгийн шалгарсан арга гэдгийг намууд тодотгож байгаа. Энэ нь тухайн нам сонгуульд ялалт байгуулах ганц боломж билээ. Энэ удаагийн “Тойргийн тандалт” буландаа нийслэлийн Баянзүрх дүүргийг онцолж байна. Баянзүрх дүүрэг нь хүн ам олонтой бөгөөд бусдаасаа хөгжлөөрөө доогуурт эрэмбэлэгддэг билээ. Шуудхан хэлэхэд, нэр дэвшигч болоод сонголтын хувьд нүүрийн буянгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Аль ч сонгуулийн үед Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон улстөрчдийн хандлагад гялайж, гялтайсан нь хуруу дарам цөөхөн. Тиймдээ ч тус дүүргийн хөгжил бусдаас ялгардаггүй гэхэд болно. Тус дүүрэгт 2010 оноос дүүрэгт газар чөлөөлөлтийн аян эхэлж, дахин төлөвлөлт хүчтэй өрнөсөн ч ажил хэрэг болсон нь үгүй. Худлаа хэлэх хүнд бараг айл бүрт, газар чөлөөлөлтийн цагаан бичиг, хэзээ хэн нь барих тодорхойгүй барилгын зураг төсөл ч бий. Тиймдээ ч бүхэл бүтэн дүүрэг өнөөдрийг хүртэл бие даасан нэгдсэн эмнэлэггүй байна. Мөн хүүхдийн сурах орчин буюу сургууль, цэцэрлэг хүрэлцээ муу, зам харгуй, дэд бүтэц хангалтгүй. Ер нь аль ч үед Баянзүрх дүүрэг улс төрийн намууд болоод гишүүдийн хувьд “Мөрөөдлийн баг” нь байж ирсэн. Тус дүүргийг өөрчилж, шинэчилье, хөгжүүлье гэхээс илүүтэй иргэд, сонгогчдын “эмзэг” цэгийг дөрөөлж, боломжит хувилбарыг санал болгосон нь хэн нэгнийг нам эсвэл харгалзахгүй сонгодог нь байдал ийм зүйлд хүргэсний гор ч байж мэднэ. Нөгөөтээгүүр, иргэд, сонгогчдын боловсрол мэдлэг, мэдээлэл хангалтгүй улмаас Баянзүрх дүүрэг намууд болоод улстөрчдийн хувьд зөөлөн “боорцог” шиг байж ирсэн билээ. Тэгэхээр энэхүү хандлагыг өөрчилж, шинэчлэхийн тулд намууд нэр дэвшигчдийн чансааг өндөрсгөх, иргэд сонголтоо зөв хийх гэсэн хоёрхон гаргалгаагаар сонгуульд оролцох боломж үлдлээ. Энэ удаагийн “Тойргийн тандалт” буландаа Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр яригдаж буй горилогчдыг онцолж байна. 

 

 

Гавьяат эмч Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийг “тойглов” уу 

МАН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Батзориг нарыг Баянзүрх дүүрэгт илгээж, ялалт байгуулж байлаа. Д.Оюунхорол гишүүн өнөө хэр нь сонгогчдынхоо дунд нэр хүндээ алдаагүй гишүүдийн нэг. Харамсалтай нь түүний багийн гишүүдээс  тус дүүргийг төлөөлөн ажиллах учиртай УИХ-ын гишүүд буюу ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, Ж.Энхбаяр нар төрийн тусгай сангуудаас их хэмжээний зээл хүртэж, өөрийн төдийгүй, намынхаа нэр хүндийг хөлдөө чирч, хөгөө тарьжээ. Сайд Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан, олгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг өнжих нь тодорхой юм. Ж.Энхбаярын хувьд тойрог солиод ч хамаагүй нэр дэвших горьдлого бий. Гэвч намын нэр хүндийг бодвол тоглоомноос шахах нь бараг тодорхой биз. Түүнд тойрог Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд өөрийн төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, багагүй хэл аманд өртсөн. Гэхдээ МАН-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарын хийсэн бүтээсэн ажил, тойрогтоо анхаарсан байдал бусдаасаа илүү гэдгийг тойргийн иргэд нь тодотгожээ. Тэгэхээр намынхаа нэр хүнд болоод сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ын гишүүн болох Ж.Энхбаяр, Б.Батзориг нарыг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн үг.  

Иймээс Баянзүрх дүүрэгт МАН-ынхан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарын туршлагатай улстөрчдийг дагуулж, гавьяат эмч Ж.Чинбүрэн, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Б.Мөнхбаатар, НОСК-ийн дарга Б.Сүхбаатар нараас аль нэгийг нь сойно гэсэн урьдчилсан таамаг байна. ХСҮТ-ийн захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн  хувьд намдаа төдийгүй дэлхийд танигдсан мэргэжлийн эмч. Түүнийг төдийгөөс өдий хүртэл хийсэн, бүтээсэн нь олны нүдэнд ил бөгөөд ялалтын мандат халаасалчихвал гайхах зүйл үгүй билээ. НОСК-ийн дарга Б.Сүхбаатарын хувьд  тус дүүргээс НИТХ-д хоёр удаа сонгогдсон бөгөөд тойргоо өнгөрсөн хугацаанд чадлаараа усалжээ. Тэрбээр, иргэдийн газрыг байраар солино, дахин төлөвлөлтийг эхлүүлнэ гэсэн уриалгыг Баянзүрх дүүрэгт дахин өрнүүлж байна. Түүний энэхүү уриалга  дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь иймэрхүү хүлээлт дунд тус дүүргийн иргэд бүхэл бүтэн 10 жилийг үдсэн.  Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Б.Мөнхбаатар сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Тэднийг таних хүн байх­гүй гэж хэлчихэд буруудах зүйл алга. Угтаа мөрөөдлөөр “жигүүрлэсэн” за­лууст боломж олгож хаширсан хүмүүс бол Баянзүрхчүүд билээ. Тэд бол сонгогчдын хувьд асуултын тэмдэг.  

 

Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Их хуралд өрсөлдөх нь тодорхой болов 

Тэгвэл 2012 оны сонгуулиар АН тус дүүрэгт ялалт байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Ж.Батзандан, Д.Арвин агсан сонгогдон ажиллаж байлаа. АН засгийн эрх барьж байх үед Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тодорхой ажил хийсэн ч сонгогчдын сэтгэлд хүрээгүй учраас тааруухан үнэлгээг өгчээ. Нөгөөтээгүүр, хийсэн бүтээсэн ажил, туршлага гэхээс илүүтэй хоосон амлалт, хоосон улстөржилтийг сонгогчид нь дэмждэг. Тиймээс Баянзүрх дүүрэгт ганц ч  шон хатгаагүй,  улс төрийн хутгуур Ж.Батзанданг хоёр удаа төлөөллөөрөө сонгов. Намдаа гавьяагүй, танхимдаа нэр хүндгүй тэрбээр туршлагатай улстөрч Л.Болдыг түшиглэн “ШИНЭ” нам гэгчийг байгуулж, нийгэмд үе,  үе “энтертайнмент” шоуг дэлгэж, олны хүртээл болгосоор байна. Тэрбээр 2020 оны улстөржилтөө УИХ-ын гишүүн Л.Болдоор бамбай хийж,  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эсрэг дүрд тоглуулж, тойргийнхоо иргэдээр өөрийгөө өрөвдүүлэх, өмгөөлүүлэх тактик барьж ажиллаж байгаа. Шоуны төгсгөл мэдээж ялалтын салют буудуулах шүү дээ. Тэгэхдээ өөрөөсөө гадна намаасаа хэд хэдэн хүнийг дагуулах бодлого барьж байгаа ч хүн хүчний дутагдалд орсон сурагтай. Тиймээс АН-ын хувьд мэдлэг боловсрол, ажлын туршлагатай  залуу улстөрчдийг сойх бодлого барьж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний  төлөөлөл болгож, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа, хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийг дэвшүүлж магадгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Гэхдээ намдаа ялалтыг авчрахын тулд залуу үеэ туршлагатай  улстөрчдөд  даатгах бөгөөд  манлайлагчаар нь УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуягийг илгээж магадгүй байгаа аж. Гэхдээ  хэн хэнийг тус дүүрэгт дэвшүүлэх эсэх нь ирэх сарын дундуур тодорхой болох билээ.

 

С.Жавхлан “даагаа” нэхнэ

Дээл, морь хоёр ярьж сонгогчдыг уяраасан хүн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан  нэр дэвшиж сонгогдсон. Түүний хамгийн хүчтэй  өрсөлдөгчөөр МАН-аас нэр дэвшсэн “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн хөтлөгч П.Анужинг нэрлэж байлаа. Гэсэн ч олонхийн саналыг С.Жавхлан гишүүн авсан юм.  Улс төрийн туршлага, хийсэн, бүтээсэн зүйлээр  маруухан дуучин гишүүний хувьд тойргоо солих бодол байхгүй гэнэ лээ. Тэрбээр 2007 оноос хойш улс төрийг сонирхож эхэлсэн бөгөөд 2008 онд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодсон. Төрөлх нутаг Увс аймагт нэр дэвших боломж байдаг ч туршлагатай улстөрч ах  нарынхаа өмнө гишгэж чаддаггүй учир үргэлж зугтах тактик барьдаг аж. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд түүнд 2016 онд “Азын од” атгах боломжийг хайрласан учир  хэнтэй ч хамаагүй өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Гэвч ялах магадлал нь мөн л эргэлзээтэй. Учир нь тэр тойргийн гишүүн гэхээс илүү “ганцаардсан” улстөрчийн дүрд тоглосоор дөрвөн жилийг өнгөрүүлснийг та бид андах юун. Бусад улс төрийн нам эвсэл өнөөдрийн байдлаар хэнийг нэр дэвшүүлэхээ шийдээгүй байгаа. Мэдээж улс төрийн 10 намтай эвсэл байгуулсан Ж.Батзандан “ШИНЭ” намаасаа дахин өрсөлдөх бөгөөд хоёр том намын санал хуваах гол тоглогч байх нь мэдээж. Мөн Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд ямар нүүдэл хийхээс хамаарч, ирэх сонгуулийн дүр зураг, тойргийн мандат ихээхэн өөрчлөгдөх нь дамжиггүй. Угтаа, энэ удаа хогтой, хэрүүлтэй энэ дүүрэгт мөрөөдлийн баг ялах уу, эсвэл мэдлэгтэй залуус ялах уу гэдэг сунгаа болох нь ээ.