ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: АН сэтгүүлчийн эрхийн төлөө тэмцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-20

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр, өнөөдөр амьд сэрүүн байсан бол 58 нас хүрэх байжээ. Энэ өдрийг тохиолдуулан АН-ын удирдлага гишүүд дэмжигчид болон С.Зориг агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Тэгвэл энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ талийгаачийн зүтгэж явсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам цаашдаа зүтгэнэ гэдгийг мэдэгдэв. С.Эрдэнэ дарга хэлэхдээ “Тун удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дарамталдаг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж, бүр биед нь хүртэл халдаж байна. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг АН тэмцэнэ. Сэтгүүлчийг одоо Эрүүгийн хуулиар яллахаар болж, эрхзүйн орчныг дордууллаа.

 

С.Зориг агсны хийсэн, гүйцэтгэсэн үүрэг роль бол асар их юм. 1990 оны хүнд хэцүү цаг үед ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, зөв зохион байгуулж, нийгмийг өөрчилсөн хувьсгалыг удирдан зохион байгуулна гэдэг хэн хүнд заяасан зориг биш. С.Зориг бол ардчилсан хувьсгалд асар их үүрэг гүйцэтгэсэн хүн. Олон арван найз нөхдийн хамт ардчилсан хувьсгалыг амжилттай зохион байгуулж, өнөөгийн шинэ нийгмийг бий болгож чадсан” гэсэн юм.