Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжээд эхэлбэл, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэж хуульч Ч.Өнөрбаяр олон нийтэд мэдээлсэн билээ. Тиймээс энэ сарын 25-наас хойш гаргасан Засгийн газрын шийдвэр хүчингүй болно хэмээжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт байгаа бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа энэ сарын 25-наас хэмээн заачихсан.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлж буй Засгийн газарт бүтэц бүрэлдэхүүн нь хэрхэн өөрчлөгдөх, танхимынхаа хэдэн сайдыг төрхөмд нь буцаах вэ гэдэг асуулт зүй ёсоор тулгарч байна. Түүний толгойлсон Засгийн газарт нийт 15 сайд байгаа бөгөөд хэнийг төрхөмд нь буцаах вэ гэдэг нь өөрийнх нь шийдэх асуудал болж хувирлаа.
Тухайлбал, хамгийн их хэл аманд өртөж, чих халууцуулдаг сайд нарын дунд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар багтана. Тэдний удирдаж байгаа салбаруудад, алдаа дутагдал гарахын зэрэгцээ хариуцлагагүй ажиллаж байгаа нь олон нийтэд нэгэнт ил болсон.
Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах шалтгаан байхгүй. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УУХҮ-ийн Д.Сумъяабазар нарын хувьд үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байгаа хэдий ч удахгүй болох сонгуульд зориулаад, ажлаасаа чөлөөгдөхөд асуудалгүй гэсэн мэдээлэл МАН-ын дотор өрнөж байна.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд үлдэх сайдын тоонд Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын нэрс дуулдаж байгаа. Тэдний хувьд онцгой цаг үед салбар яамдаа зохион байгуулалттай удирдан чиглүүлэхээс гадна хариуцлагатай ажиллаж байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй үргэлжлүүлэн сайдаар ажиллах сонирхолтой албан тушаалтныг авч үлдэж магадгүй гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй. Зөвхөн хүлээх л үлдлээ.