ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын улстөрчид хоёр удаа Рио Тинтод буулт хийлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-02

Хаалттай хаалганы цаадах тулаанаа олонд ил болгож, хагарал бутарлаа гавьяа мэтээр зарлаж буй МАН-ын 64 улстөрч энэ өдрүүдэд нэг л эрх ашигт нэгдэж, өмнийн говьд эзэн суусан “Рио Тинто”-д дахин буулт хийлээ. Энэ алдаагаа тэд олонд зарлуулахыг хүсэхгүй байгаа нь илт. Тиймдээ ч дотоодын хэрүүлээ улс төр мэтээр дэвэргэж, наадам дөхсөн өдрүүдэд нам дараад өнгөрөхийг хичээж буй нь илхэн.

Цаг хугацааг нэг жилээр ухрааж үзвэл МАН-ынхан төрийн эрх барьсныхаа дараа ОУВС-д элсэх хүсэлт гаргаж байлаа. Тухайн үед 2017 оны төсвийн тодотголд тэдний шаардсан бүх заалтыг тусгаж, амлалтаасаа ухарч байв. Хүүхдийн мөнгө өгөхгүй, татвар нэмнэ, тэтгэвэр нэмэхгүй гэх мэтээр маш олон ухарсан алхам хийж байсан.

Үүнтэй зэрэгцэн нэр бүхий гишүүд  "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн барьж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталсан ч түүнтэй зэрэгцэн Валютын сангийн хөтөлбөр гацаанд орсон юм. Харин учир шалтгааныг ухаж үзэхэд уг тогтоолын төслийн 1.11-т “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтыг орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” хэмээн зааснаас болсон байдаг. Өөрөөр хэлбэл, Оюутолгой зэрэг том компанийн мөнгө дотоодын банкаар дамжина гэсэн манай улсад хэрэгтэй заалтыг ОУВС эсэргүүцэж, хөтөлбөрөө эхлүүлэхээс татгалзаж байлаа.

Ингэснээр тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн яарч сандран мэдээлэл хийж, харанхуй шөнөөр УИХ-д тогтоолын төслийг өөрчлүүлэх асуудлыг дур мэдэн оруулж ирж байлаа. МАН үнэмлэхүй олонхиор хүч түрэн баталж, энэ заалтыг авч хаяснаар өнгөрсөн найман жил дураараа дургисан “Рио Тинто” санасандаа хүрч, бүх мөнгөө дотоодын банкаар дамжуулахгүй гэх шийдвэр гаргуулж байсан юм. Тэд эхний удаа ингэж санасандаа хүрчээ. Харин хоёрдахь удаагийн дарамтыг наадам дөхсөн энэ өдрүүдэд хийж, МАН-ын улстөрчдийг дахиад л буулгаж авав.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өнгөрөгч зургадугаар сарын 19-нд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барьсан юм. Угтаа Б.Чойжилсүрэн нарын улайран байж авч хаясан заалтыг эргэн оруулж, Оюутолгойн мөнгө дотоодын банкаар дамжих заалтыг оруулах хуулийн төсөл өргөн барьсан гэсэн үг. Гэвч МАН-ынхан мөн л хаалттай хаалганы цаана хамгаалж суусаар, өнөөх өр төлснөө дуулиантай зарладаг Ч.Хүрэлбаатар гэгч нь улайран хамгаалж суусаар унагалаа. Засгийн газар нь ч дэмжээгүй гээд бодчих. Дахин буулт хийсэн энэ асуудлаа нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа учраас тэд дотоодын дажин хэрүүлээ улс төрийн асуудал мэтээр дэвэргэж аргаа барж сууна.

Монголын бүх улстөрчдийг лоббиддог, татварын өрөө төлөхөөс бултдаг, тэр ч байтугай Татварын багц хуульд өөрийн эрх ашгаа тусгахын тулд лоббидсон захидал илгээдэг энэ компанид хэн хэзээ даруулга өгөх бол. Лавтай л МАН-ын 64 улстөрч үүнийг чадахгүй нь бололтой. Д.Тэрбишдагва нараар ахлуулсан хэдэн гишүүд Оюутолгойд шалгалт хийж буй нэрээр бүтэн гурван сар явлаа. Үр дүнд нь тэд уурхай дээр очиж ганц сэлфи хийснээс хэтэрсэнгүй. Аудит тайлан өгөөгүй, Засгийн газар бичгээ гаргаж өгөөгүй гэсэн ядмагхан шалтгаан тоочиж суусаар наадамтай давхцуулав. Харин наадмын дараа бүх хүмүүс амарч, анхаарал сарних зуурт шалгалт нэртэй таван хуудас бичиг уншчихаад л гарч одохыг тэд илүүд үзэж байна уу гэх хардлага ч байна. Угаас МАН-ынхан алхам бүртээ “Рио Тинто”-гийн лоббид автаж, бүрэн эрхийн  хугацаандаа хоёроос дээш удаа буулт хийлээ. Цаашдаа ч сайн зүйл хүлээгээд нэмэргүй.