ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилал "булшиндаа" орчихож

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-01

“УИХ дахь АН-ын гишүүд 409 дүгээр хорих ангид хоригдож байгаа АН-ын гишүүдээ эргэлээ” гэсэн албан мэдээ эгнэн зогссон гурван улстөрчийн зурагтай хамт соошл орчинд цацагдав. Хэдхэн өдрийн өмнө Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж “Ю.Цэдэнбалыг цагаатгах ёстой” хэмээн мэдэгдэл хийж байсан УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа тэр зургийг голлон зогсчээ.

1984 онд албан үүргээс нь чөлөөлж, долоон жилийн турш гэрийн хорионд байлгасан төр, нийгмийн нэр зүтгэлтнийхээ төлөө дуугарсныг нь хэн ч хэзээ ч буруутгахгүй. Гэвч хаяанд нь, хажууханд нь ардчилсан Монгол Улсад андалж нөхөрлөж, явсан журмын найз нар нь төрийн гаргасан шийдвэрийг Засгийн газарт танилцуулсныхаа төлөө ял сонсчихоод сууж байхад Ю.Цэдэнбалыг ярьж зогсоно гэдэг хэтэрхий марзан тэнэглэл, хэнэггүй нь дэндсэн үйлдэл биш гэж үү. “Намын нөхдөө эргэлээ” гэсэн ганцхан зураг оруулчихаад л орхиж боломгүй байлтай, энэ асуудлыг. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам баригдсан улстөрч бүхний тоогоор мэдэгдэл гаргаж байсныг тунчиг тод санаж байна аа.

Өөрийн намаас гадна өрөөлийн намын улстөрчдөд хүртэл санаа тавьж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг суллах ёстой хэмээн мэдэгдэл гаргаж байв. Гэтэл намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намаа ялалтад хүргэж байсан, УИХ дахь намын бүлгийг нь хоёр ч парламентад удирдан чиглүүлж байсан чадалтай улстөрчөө, гурван үеэрээ төрд зүтгэснийхээ төлөө хорих ял сонсчихоод сууж байгаа залуухан улстөрчөө нам нь өмгөөлж хамгаалаад, алд дэлэм цаасан дээр 10 үг бичээд хэвлэлд гаргаж чадсангүй, даанч харамсалтай. АН-ын бүлгийнх нь гишүүд амандаа ус балгасан мэт таг чиг байх аж. МоАХ буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад ойр шадарлаж явсныхаа шагналд бүлгийн даргын албан тушаалаар "шагнуулсан" УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн  дарга Д.Ганбат намын бүлгийнхээ байр суурийг ч илэрхийлж чадахгүй бүлх залгисан мэт нам гүмхэн. Дэмий л “очиж эргэсэн шүү” гэдгээ олонд зарлахыг хүссэн аятай эв хавгүйхэн даруулсан зургаа соошл орчинд нийтлээд өнгөрлөө. 

Угтаа, нэгэн цагт төрийн эрх барьж, бодлого тодорхойлж суусан Ардчилсан нам нэгдүгээр хүний зүүн халаас руу сэмхэн гулсаж орсон гэдгээ үүгээрээ нотлох шиг. Нэгэн цагт намаасаа хөөгдөж байсан Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй хүмүүс нь эргэж ирчихээд АН-ыг шинэчлэх тухай ярьж, өөр намын дарга хүртэл өөрчлөлт шинэчлэлийнх нь тухай ярьж зогсоно гэдэг гутамшиг биз дээ. Ийм болгох гэж тэгж их зөрчилдсөн хэрэг үү, энэ бүхэн та нарын хүссэн шинэчлэл мөн гэж үү, Ардчиллын алтан хараацай нар аа. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, П.Цагаан, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар аа. Мандаж явахад нь албан тушаалын хамгийн дээр заларч байсан та нарт одоо дуугарах эрх чөлөө ч үлдээгүй хэрэг үү. УИХ-ын сонгуулиар намын даргынхаа эсрэг ажиллаж сонгуульд унагаачихсан залуус нь хадаг, яндартай уригдаж ирэх хүртлээ доройтох юм гэж хэн мэдлээ, энэ намыг.

 

...Тэмцэж олсон ардчиллаа нэгхэн сонгуулиар, нэг суудлаар л сольчихсон хүмүүс цөөнхийн дуу хоолой хэмээн жүжиг тоглож суугааг бас харж байна. Бүдүүлгээр хэлбэл, “бөлдөгдүүлчихсэн” гэдгээ энэ үйлдлээрээ, энэ зургаараа ил зарлачихав...

 

Ардчилсан нам, ардчиллын нэр хүнд одоо л ёроолдоо хүртэл унаж байна. Улс төрийн ууган хоёр хүчний нэг хэмээн цоллуулж, ардчиллын бамбай, дуу хоолой, эрх нь зөрчигдсөн хэн бүхнийг өмгөөлж дуугардаг байсан тэр эрх чөлөө нь С.Эрдэнэ гэж хүний ялагдалтай хамт нуран унажээ гэж олон нийт ойлгож байна. Засгийн газрын шийдвэрийг УИХ-д танилцуусан хэнбугай ч маргааш нь ял сонсдог дарангуйлал ирсэн гэж харж байна, бид. Тэмцэж олсон ардчиллаа нэгхэн сонгуулиар, нэг суудлаар л сольчихсон хүмүүс цөөнхийн дуу хоолой хэмээн жүжиг тоглож суугааг бас харж байна. Бүдүүлгээр хэлбэл, “бөлдөгдүүлчихсэн” гэдгээ энэ үйлдлээрээ, энэ зургаараа ил зарлачихав.

Өнгөрсөн жилүүдийн тэр их тэмцэл, зөрчил, намаас гарч, орж гүйсэн лидерүүдийнх нь толхилцоон С.Эрдэний дарангуйллыг бус намаа татан унагасныг, нэг хүний халаасанд хийх зорилготой байсан нь эндээс харагдаж байх аж. Төрийн эрх барьж явсан намаа "халаасны нам" болгож, төр барьж явсан улстөрчдөө өмгөөлж хамгаалан дуугарах эрх чөлөөгүй болтлоо АН-ынхан сульдан доройтчихжээ. Хоржоонтой гэх үү, хорлонтой гэх үү. Ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрхийн төлөө дуугарч чадахгүй болтлоо доройтсон намыг шинэчиллээ гээд, дахиад эргэн нэгдлээ гээд одоо хэн ч итгэх билээ. Ардчилал булшиндаа орчихож. Цаг хугацааны шалгуураар МоАХ-ын ноёрхол ирсэн байлаа ч цаана нь байдаг мөн чанараа хадгалаад эрх нь зөрчигдсөн улстөрчдийнхөө төлөө ядахдаа 10 үг ч болтугай чуулганы танхимд унагахсан.

Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолтой хамт АН-ын гишүүдээ өмгөөлж мэдэгдэл гаргахсан, С.Одонтуяа дарга аа. Индэр дээрээс шулуухан таван үг хэлчих чадалтай улстөрч цөөнхийн суудлыг хадгалж буй АН-д үлдээгүй гэхээр даанч хайран санагдахгүй байна гэж үү. Хадаг яндар барьж ороод л сонгуульд ялчихсан, намын тамга өвөртөлчихсөн хүмүүс нь өдрөөр бус цагаар нуран унаж буй ардчилал, хүний эрхийн төлөө хүн чанараа хадгалж үлдэхсэн. Хэрвээ хадаг барьж ороогүй бол, хэн нэгний нөмөр нөөлгөнд багтаагүй бол баригдсан, хоригдсон бүхний оронд би ч явах байсан ч юм бил үү гэж бодож үзэх ёстой байх. Хувь заяаны шоглоом уу, эсвэл хэн нэгний тохироогоор уу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ л нэгдүгээр хүнд ойрхон явсан залуус энэ сонгуулиар ялалт байгуулсан нь нэгийг хэлэх мэт. Нийтээрээ нам дээр очоод даргын суудалд суучихсан нь ч хоёрыг өгүүлэх биз. Тааж хэлж чадахгүй учраас хардалтаа энд бичээд ч яах билээ. Гэвч зөрчил тэмцлээ ил шулуухан зарлаж, журмын нөхдөө өмөөрч үг хэлэх эрхгүй болсноо олон нийтэд зарлаж, шившгээ тарих хэрэг байсан юм уу, АН-ынхаан.