Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа бүх гэрлийн шонгуудыг тагжуулах ажлыг хийж байгаа билээ. Энэхүү ажлын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууллагын ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Гэрлийн шонг таглаажуулах ажил хэзээ дуусах вэ?
-Зургадугаар сарын 28-нд хотын ерөнхий менежер шуурхай хуралдаан зарлаж, энэ сарын 02-06-ны хооронд болж буй Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал, Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн шонд гарч буй гэмтэл саатлыг бүрэн арилгах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд холболтын таггүй шонгуудын бүрэн бүтэн байдлыг ханган, ил задгай холболтыг бүрэн цэгцлэх үүрэг даалгаврыг давхар өгсөн. Гэрлийн шон, кабелийн утас хариуцдаг албан байгууллагууд өөр өөрсдийнхөө хамрах хүрээний гэрлийн шонгийн судалгааг энэ сарын 01-ний дотор гаргаад Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн тагжуулах ёстой.
-Ажлын гүйцэтгэл ямар төвшинд байна вэ?
-Эхний тайланг энэ сарын 06-нд Улаанбаатар хотын ерөнхий менежериийн шуурхай хуралдаанаар танилцуулна. Хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан 13 байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд кабель шугам цэгцлэх, холболтын шонгуудад таг хийдэг. Гэвч гэрлийн шонгийн тагийг хулгайд алдах тохиолдол маш их байдгаас үүдэн бүрэн тагжуулж чаддаггүй байсан. Энэ жил гэрлийн шонгуудыг тагжуулах ажлыг 100 хувьд хүргэж, бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавина. Одоогоор нийт шонгийн судалгааг гаргаад явж байна. Эхний ээлжинд явган хүний замын ойролцоох шонг тагжуулна. Зарим байгууллагууд ажлаа эхлээд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим нь шонгийнхоо тагийг нэгдсэн байдлаар захиалсан гэх мэдээлэл өгсөн. Бэлтгэл ажлын төвшинд явж байгаа нь ч байна. Гэрлийн шонгийн тагийг төмрөөр хийхээр хулгайлаад төмрийн цэгт тушаах асуудал их байдаг. Тиймээс өөр материалаар орлуулах боломжийг судлах даалгавар өгсөн.
-Төмрөөс өөр материалаар хийх боломж байна уу?
-Боломжтой. Судлаад зарим байгууллагууд янз, янзын материалаар хийх гэж үзэж байна. Хамгийн боломжтой, түргэн шуурхай хувилбар нь нимгэн гөлмөн төмөр байна.
-Хариуцсан бүсийнхээ гэрлийн шонг тагжуулаагүй байгууллагад ямар хариуцлага тооцох вэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлгийг хот хариуцдаггүй. Захирагчийн ажлын албаны даргын үүрэг даалгаврыг биелээгүй бол хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар ирүүлж буй мэдээнээс харахад наадмаас өмнө бүрэн тагжуулж амжихаар байгаа. Харамсалтай нь гэрлийн шонг 100 хувь тагжуулсан хэдий ч хулгайд алдах, гадны нөлөөтэйгээр эвдрэл гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Түүнийг нь иргэд хараад гэрлийн шонг тагжуулахгүй байна гэх асуудал нийгэмд түгэхээс сэргийлж тогтмол хяналт шалгалт хийж ажиллахыг үүрэгдсэн. Замын хөдөлгөөнд хурд хэтрүүлсэн жолооч нараас шалтгаалж гэрэлтүүлгийн шон, цахилгааны инженерийн шугам сүлжээнд гэмтэл гардаг. Түүнээс улбаалаад гарсан гэмтлүүдийн эзэн холбогдогч нь олдохгүй тохиолдол их байдаг. Энэ болгонд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа.
О.Цэцэгсүрэн