Олон жил гудамжинд улс төр хийж, албан тушаал, эрх мэдлээс тун хөндий явсан АН-ынхан хамтарсан Засгийн газрын буянаар тун чамгүй албан тушаалын наймаа хийж буй. Сайдтай болсон фракци бүхэн тухайн сайдынхаа албанд очихын тулд дээр, дооргүй яриа хөөрөө хийж буй гэх.
Нөгөөтээгүүр, АН-ын сайд нар ч өнгөрсөн хугацаанд намын цэнхэр тэмдэгтэй удтал гудамжинд явсан залуусаа аль болох өнгөтэй өөдтэй албан тушаалд тавихаар зүтгэж байгаа бөгөөд шинэ томилгоо он гараад эрчимжих сурагтай.
Тэгвэл АН-ынхан хуучин фракциуд дундаас МҮДН, шинэхэн фракциуд дундаас Морьтон хоёр хамгийн хүчтэй нөлөөтэй байгаа бөгөөд намын даргаас ч тэд чамгүй том албан тушаалууд сугалж буй сурагтай. Намын дарга хийгээд Ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёулаа Монгол Улсын Шадар сайдын албыг салбарын сайдтай давхар эрхэлж буй. Тэр утгаараа албан тушаалын хуваарилалтад тэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчим баримталж төрийн өмчит компани, элчин сайд, консул гээд бүх албан тушаалд эдгээр хоёр фракцид илүү том боломжууд амлаж эхэлжээ.
Тухайлбал, МҮДН фракцийн гол тоглогчдын нэг Р.Амаржаргалын хүү, дүү, туслахууд нь бүгд шахуу Монголын ипотекийн корпораци гэх том байгууллагад эзэн суугаад удаж буй. Монголбанкийг үндсэндээ тэдний фракци эзэгнэчихсэн. Өдгөө ч дахин эзэн суухаар санаархаж яваа. Аль ч төр солигдсон тэд энэ ажлаа өгч байсан удаагүй.
УИХ-ын гишүүн асан Б.Болор гэхэд томхон сургуульд эзэн суугаад удсан. "Фортуна" Н.Батбаярын охин намын эмэгтэйчүүдийн том орон зайд хожуу гарч ирсэн атлаа тоглолт хийсээр яваад УИХ-ын гишүүн болчихсон. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ажнай буюу Д.Бат-Эрдэнэ нар ч он гараад хийгдэх Дэд сайд хийгээд Төрийн өмчит компанийн дарга цэргийн томилгоонд өөрсдийн хүнээ шургуулахаар зүтгэж буй талаарх мэдээлэл нам дотроос дуулдаж эхлэв. Харин Морьтон фракциас хэд хэдэн Дэд сайд, консул, төрийн өмчит компанийн БЭТ тавигдах сурагтай.