ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын данс үүслээ

O.Admin
10 цагийн өмнө

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн /2024.12.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа.

Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль, баталсан журмын дагуу газрын хэвлийн баялгийг Монгол Улсын нийт иргэд эзэмших бодит боломж бүрдэж, өнөөдрөөс эхлэн иргэн бүрээр Хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсгэж E-Mongolia цахим платформоор харах боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр өнөөдөр Монгол Улсын 3.5 сая иргэн Хуримтлалын нэрийн данстай болж, иргэн бүрт 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай.

Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.