Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов.
Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбаруудад түлхүү ажиллуулах бодлогыг дэмжинэ гэв.
Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.