ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Ичинхорлоо: Тархи эрүүл, гар хөдөлж байгаа цагт бүх зүйл боломжтой

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-03

“Хөгжил бизнес төв”-ийг үүсгэн байгуулагч Ч.Ичинхорлоо. Тэрбээр ид хийж бүтээх насан дээрээ ажиллаж, хөдөлмөрлөж яваа тэргэнцэртэй иргэн. Түүний гэр бүлийн хүн ч бас тэргэнцэртэй. Тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдарч мөн адил бэрхшээлтэй залууст үлгэр дууриал болж, тусалж дэмжин ажиллахыг зорьж байна.  
 

-Ид хийж бүтээх насан дээрээ таны хүсэл мөрөөдөл, амьдралын хэмнэл өөрчлөгдсөн байх. Энэ бүхнийг даван туулах үеийн сэтгэл зүй ямар байв. Юу их бодогддог байсан бол? 
 

-“Гэмтсэнийхээ дараа би тэргэнцэр дээр сууна гэж юу байдаг юм” гэж их боддог байлаа. “Би босох ёстой” л гэдэг зорилготой болж, тэрнийхээ төлөө тэмцсэн. Дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ өөрийнхөө биеийн байдал, явах арга зам, орчин нөхцөл зэрэгт дасан зохицож, сурч байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болохыг ойлгосон. Хүлээн зөвшөөрсөн гэдэг нь “Би л тэргэнцэртэй” гээд унжийгаад суух биш, харин түүндээ таарсан амьдралын хэвшил, сонирхол, хийж чадах зүйлсээ олж авсан хэрэг. Миний хувьд бичих, шүлэг тэрлэх сонирхолтой. Сэтгүүлч мэргэжилтэй. Нэг хэсэг өөрийгөө таниулахыг, ойлгуулахыг хичээж явсан бол сүүлдээ өөрийн амь амжиргаагаа бусдын тусламжгүйгээр авч явдаг болоход зорьж төвлөрч эхэлсэн дээ. 
 

-Хөдөлмөр эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
 

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ердөө л халамжийн хүн гэж харах хандлага одоо ч нийгэмд байсаар байна. Тэр л хамгийн том бэрхшээл. Тийм ч болоод бидний бараг 90 гаруй хувь нь өөрөө өөртөө ажлын байр бий болгодог. Ажил хөдөлмөр эрхлээд, өөрөө орлоготой болох нь сэтгэл зүйн хувьд маш том дэмжлэг болдог юм. Энэ нь өөрөө өөрийнхөө санхүүгийн асуудлаа шийдэж,  гэр бүлдээ дараа болохгүй амьдарч байна гэх бодлоос эхэлдэг дээ.
 

-Уучлаарай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх хүсэл амжилттай болж, бүтэх нь цөөн байх шиг анзаарагддаг?
 

-Тиймээ, гэхдээ би хөгжлийн бэрхшээлтэй гээд өөрийгөө тусгаарлаж, гэртээ шигдэн сууж болохгүй. Ил гараад үзэх хэрэгтэй. Өөртэйгээ адилхан нөхцөлд байгаа залуустай уулзаж, жаргал зовлонгоо ярьж, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох нь их чухал. Ингэж байж ямар нэгэн гарц олж авна. Тэгээд юу хийж, яаж амьдрах ёстойгоо олж харна. Цаашид энэ амьдралыг хэрхэн аз жаргалтайгаар даван туулах арга замаа ч олох болно.
 

-ХБИ–дэд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна. Тухайлбал, та болон таны гэр бүлд яг ямар ажил үйлчилгээ, тусламж, дэмжлэг хэрэгтэй байна вэ?
 

-Төрийн байгууллагууд “Бид зүгээр суугаагүй, ажиллаж байна, дэмжиж байна л гэдэг. Тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа, хурал цуглаан, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Эсвэл хандив тусламж тараадаг. Ажил хийж байгаа нь сайн хэрэг. Гэвч тодорхой бодит үр дүн өгч байна уу гэдэг эргэлзээтэй. Зүгээр л цаасан дээр тэмдэглэсэн ажил болоод өнгөрч байх шиг. Өөрөөр хэлбэл эзэндээ хүрэхгүй байна. Чухам ямар үр дүнд хүрэв гэдэг нь тодорхойгүй. Оролцоо чухал уу гэвэл чухал. Гэвч тэднийг ойлгож ажлаа төлөвлөхөөс бүх зүйл эхлэх ёстой баймаар. Хэвшил болсон нэгэн хэвийн эдгээр үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирч, үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сонсч, түүний дараа ажлаа төлөвлөж байвал зөв байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр өөр өөр онцлог бэрхшээлтэй байдаг. Түүнээсээ хамаараад хэрэгцээ нь ч өөр өөр байдаг. Цуглуулаад л хурал хийгээд байхаар бодитой ганц ч болтугай ажил хийчихээсэй. Нэг хүн ажилтай болчихвол, нэг хүнийг төрийн үйлчилгээний ажилд авчихвал урам өгнө. Болдог юм байна гэх итгэл төрүүлнэ. Энэ мэт шууд үр дүнгээ өгөх ажил хиймээр байх юм. Хэвшмэл хэвээр л ажиллаад байна. Ийм байхаар хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань улам бүр далд амьдарч байна. Тэргэнцэр дээр сууж үзээгүй хүн, тэргэнцэртэй хүмүүсийг хэзээ ч бүрэн ойлгохгүй. Сонсголгүй эсвэл хараагүй болж үзээгүй бол мөн л тэдний хэрэгцээ, тулгардаг бэрхшээл, юу хийж чадах боломжтой зэргийг мэдэхгүй шүү дээ. Магадгүй тиймээс ч хөгжлийн бэрхшээлтэй л гэхээрээ тусламж хэрэгтэй, юм гуйдаг гэх хандлага байдаг байх. Тийм бодолтой хүмүүст “Үгүй шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт тохирсон ажлыг хэнээс ч илүү хийж чадна” гэдгийг хэлмээр байна. Ер нь ямар ч хүний хувьд хөдөлмөр эрхлэлт гэдэг чухал. Өөрийн гэсэн орлоготой, хамт олонтой байна гэдэг сэтгэл зүйн маш том дэмжлэг. Тэргэнцэртэй хүн гэхээрээ л зөвхөн тойрч суугаад юм оёх ёстой юм шиг хандлагаа одоо болих хэрэгтэй. Тэргэнцэртэй хүн банкинд теллер хийж чадна, оператор, мэдээллийн ажилтан хийж чадна шүү дээ. 
 

-Та хоёр гэр бүлийн бизнес эрхэлдэг гэсэн. Яг ямар бизнес эрхэлж байна вэ? 
 

-Дарханд ажлын байрны олдоц хомс. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авдаг газар үндсэндээ байхгүй. Тиймээс ч өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхлэх нь хамгийн боломжтой хувилбар гэж үзсэн. Нөхөр маань банк санхүүгийн мэргэжилтэй. Гэсэн хэдий ч тэргэнцэр дээр сууж нийгмийн амьдралд оролцох болсноор мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Ингээд бие даан компьютер графикийн чиглэлээр суралцаж, улмаар хэвлэлийн үйлчилгээ эрхэлж эхэлсэн. Одоогоор бид хэвлэх, хувилах, зураг угаах, бэлэг дурсгалын зүйлс дээрх хэвлэл, хаяг, ханын самбар, хулдаасан хэвлэл зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Жижиг ч гэсэн амжилтандаа урамшин, өдөр ирэх тусам шинийг сурч бас амьдрал ахуйгаа өөрсдөө авч яваадаа сэтгэл хангалуун байдаг. Анх 1.500.000 төгрөгийн зээл авч эхэлж байсан бол одоо өөрийн гэсэн төхөөрөмжүүдтэй болж өрөө маань дүүрсэн байна. Бас адилхан хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сургалт явуулж байгаа. Бид болоод л байна. Гэхдээ ийм боломж байна гэдгийг харуулахыг хүсч 15-18 насны хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сургаж байгаа юм. Мөн ээжүүдийг сургадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд маань хүүхдээ харангаа ажил хөдөлмөр эрхлэх боломж үнэндээ ховор байдаг. Тиймээс тэдэнд чадах бүхнээ зааж өгч байгаа. Энэ бүх сургалтууд маань бүгд үнэ төлбөргүй явдаг юм. 
 

-Нууц биш бол ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу? 
 

-Бидний бизнес том бизнес эрхлэгчдийн хувьд жижигхэн байж болно. Харин бидний хувьд энэ нь маш том амжилт. Бидний хөлс хүч сэтгэл шингэсэн амжилт. Улам бүр ахиж байгаа. Бага багаар хуримтлуулж нэг тоног төхөөрөмж авна. Тэрийгээ хараад маш их баярлана. Ийнхүү зорилгынхоо төлөө тууштай урагшилж байна. Цаашдаа ч илүү их ахиж дэвшинэ. Хөгжлийн бэрхшээлтэй болчихоод амьдралыг утгагүй гэх нүдээр харж байгаа залууст боломж бий гэдгийг, бас чадлынхаа хэрээр тусалж амьдрахыг зорьж байна. Тархи эрүүл, гар хөдөлж байгаа цагт бүх зүйл боломжтой юм шүү. 
 

-Хүмүүст хандаж юу хэлмээр байна?
 

-Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон бол бүх зүйл дууссан гэж хэзээ ч битгий бодоорой. Харин оролдоод, хийгээд үзэх хэрэгтэй. Өөрийгөө битгий нийгмээс тусгаарла. Мэдээлэлтэй бай. Аливаа үйл ажиллагаанд оролцож бай. Тэгж явахдаа л өөрөө өөрийгөө олно. Юу хийх ёстой, юуг хийж чадахаа олж харна.