ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Зам, тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар "Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ийн гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ийн гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно. Энэ замд гурван том тунель бий. Уг замаар бүх транзит ачаа явна" гэлээ. Түүнчлэн энэ зөрлөгт  “Богдхан төмөр зам”-ын трасс дайрч өнгөрөх юм байна. “Богдхан төмөр зам”-ын трасс ашиглалтад орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа энэ төмөр замаар явах бөгөөд нэмэгдээд ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр энэ трассаар явах юм байна. Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явах юм байна. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. 104 км төмөр байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгааг “УБТЗ” ХНН-ээс гэв.