Үндэсний шилдэг үйлдвэрийн нэг болох “Талх чихэр” хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 22000” стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авсан сайхан мэдээг уншигч танд дуулгая. 2005 оноос дэлхийн зах зээлд хэрэгжиж эхэлсэн уг стандартыг "Талх чихэр" ХК Монгол Улсын хүнсний салбарт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм. Эдүгээ дэлхийн 200 гаруй улс "ISO 22 000" удирдлагын стандартыг нэвтрүүлжээ.
Энэ талаар бид тус компанийн Ерөнхий менежер С.Тамиртай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, "Уг стандартыг нэвтрүүлэхээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг нэг жил, гурван сарын турш судалгаа хийж хамтран ажилласан. Түүний үр дүнд манай компани албан ёсоор "ISO 22 000" хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын батламжаа гардлаа. Манай хамт олон өглөө бүр хэрэглэгчиддээ эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хүргэдэг. Үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчид рүүгээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Манай компани нийслэлийн хэрэгцээний талх гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангаж байна.
Хэрэглэгчид ямар нэгэн эрсдэлгүй, чанартай, найдвартай, бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс үйл ажиллагаандаа дээрх стандартыг нэвтрүүлж буй юм. Түүнчлэн, манай компани 100 гаруй нэр төрлийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаа чанаржиж, тэдэнд хяналт, шаардлага тавих боломж бүрдэж байгаад л энэхүү стандартын ач холбогдол оршиж байгаа юм. Манай компани нийслэлийн есөн дүүрэг төдийгүй хөдөө орон нутагт шууд түгээлт хийж байна" гэлээ. "ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой аж.
"Талх чихэр" ХК нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд эдүгээ 700 гаруй ажиллагсадтай 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, чихэр, бялуу,жигнэмэг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэж байгаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, татвар төлөгч, ууган компаниудын нэг. Тус компани 2004 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлжээ. Улмаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж, Бялууны шинэ үйлдвэрээ нээхээр ажиллаж байгаа юм байна.