УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон хүчирхийллийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан Ц.Анандбазар гишүүний асуудлыг Ёсзүйн байнгын хороо хэлэлцэх эсэхийг сэтгүүлчид тус Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодруулав.
Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Хэргийг шалгаж байгаа байх аа. Цагдаагийн байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх баримттай гэвэл эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, дараа нь Байнгын хороо руу орж ирнэ. Ёсзүйн зөрчилтэй холбоотой асуудлыг л бид хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүний Ёсзүйн дүрмийг шинэчлэх асуудлыг манай Байнгын хороо хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Шатны гишгүүрийг дээд талаас нь шүүрддэг гэдэг зарчим бий шүү дээ. Түүн шиг ёсзүйн дүрмээ батлаад УИХ нь дээрээсээ хариуцлага яриад эхлэхээр төрийн албан хаагчдад мөн ёсзүйн асуудал яригдах юм. Хуулиараа давхар хариуцлага яригдахгүй. Хэргийг эцэслэн шийдээгүй байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг хэлэлцэх ёсгүй гэсэн хуулийн заалттай. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол эгүүлэн татах асуудлыг Ёсзүйн байнгын хороо хэлэлцэнэ гэж буруу ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. Иргэдээс ирсэн захидалд ч мөн хэрэг шалгагдаж байгаа учраас манай Байнгын хороо хэлэлцэхгүй ээ гэсэн хариуг өгсөн" гэлээ.