УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Г.Ганболд тэргүүтэй зургаан гишүүний өргөн барьсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд торгох бус сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж иржээ. Нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ. Эдгээрээс нийгэмд учруулах хор хөнөөл бага, шууд таслан зогсоох боломжтой зөрчлүүдэд сануулах шийтгэлийг оногдуулснаар нэгдсэн журмаар бүртгэх боломжтой гэж үзжээ.
Сануулах шийтгэлийг зөрчил бүрд оногдуулах боломжгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан зөрчлийг сануулах зохицуулалтад хамааруулахгүй байхаар тусгажээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зэвсгийн тухай хууль зөрчих, Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.
Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй, баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжтой гэж үзжээ.
Уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.