ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д эмгэнэл илэрхийллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-10-30

Бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэлийн Итаевон хороонд болсон Сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан олны дунд шахцалдаан үүсэж 151 хүн амиа алдаж, 81 хүн гэмтсэн хэрэг нийтийг цочроолоо. Нийт 100 гаруй мянган иргэд цуглаж, Намелтон зочид буудалд ирсэн урлагийн оддыг харах гэж нарийн гудамжаар гүйлдсэнээс нэгнээ дарж унаган бөглөрч улмаар амиа алдах шалтгаан болсон юм. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо одоогоор тодорхой болоогүй бөгөөд сураггүй алга болсон гэх дуудлага 250 гаруй бүртгэгджээ. 

Амь хохирогч болон гэмтэж бэртсэн иргэдийг байрлуулсан зааланд үр хүүхдээ хайсан эцэг эхчүүд ирсээр байгаа аж. Ослын улмаас амиа алдсан иргэдийн дунд 19 гадны иргэн байжээ. Тэд Узбекстан, Хятад зэрэг улсын иргэд байсан аж. Дэлхийн улс орны удирдагч нар ар араасаа тус улсад эмгэнэл илэрхийлж байна. Уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ. 

Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын иргэдийн нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" хэмээжээ.