ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Япон Улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

O.Admin
2022-12-01

Монгол Улсын “гуравдагч хөрш” болох Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Япон Улсын Засгийн газрын урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үр дүнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдлийг гаргалаа.

Хоёр орны төр, засгийн тэргүүн нарын гаргасан Хамтарсан мэдэгдэлд:

  • “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн,
  • “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж,
  • Улс төр, аюулгүй байдал,
  • Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, 
  • “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо,
  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов” гэжээ.

Монгол Улс одоогоор өмнөд, хойд хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Харин Стратегийн түншлэлийн харилцааг гуравдагч хөршүүд АНУ, БНЭУ, БНСУ-тай хөгжүүлж буй.

Тэгвэл Япон Улс нь ийнхүү Тусгай стратегийн түншлэлийн харилцаатай анхны орон болов.

Ташрамд дурдахад, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.

Харин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Японы “NHK” телевизийн их танхимд “Морин хуур” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.