ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лхагвасүрэн: Тусгай хамгаалттай бүсэд жагсаал хийхийг хориглодог

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-12-04

Нүүрсний хулгай болон байгалийн баялгаас хулгайлсан хүмүүсийг ил болгох, нэрийг нь зарлах болон бусад хариуцлагын асуудлаар өнөөдөр Төв талбайд эсэргүүцэл илэрхийлсэн залуус Их тэнгэрийн ам руу хальж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх, тэдэнтэй уулзах хүсэлт гарган бухимдлаа илэрхийлээд байна.

Хуулиараа Төрийн гурван өндөрлөг амьдарч буй газарт жагсаал цуглаан хийж болдоггүй учраас цагдаагийн 200 гаруй албан хаагч хамгаалалтад гараад байгаа бөгөөд энэ нь жагсачдын дургүйцлийг төрүүлж, Их тэнгэрт цуглах иргэдийн тоо нэмэгдээд байгаа юм.

Тэгвэл Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлэхдээ “Иргэдийн эсрэг ажилласан зүйл байхгүй. Иргэдийн амь бие, эрүүл мэндийг хамгаалах гэж энд зогсож байна. Гадаа харанхуй боллоо, хүйтэн ч байна. Залуус маань гэртээ харих нь зөв байх.

Төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал цуглаан хийж болдоггүй. Тийм учраас асуудал үүсэх юм бол иргэд л амь нас, эрүүл мэндээрээ хохирно шүү дээ. Хэвлэл мэдээлэл ч үүнийг зөвөөр тунгааж, ойлгуулах нь зөв юм. Залуус зөвшөөрөгдсөн цэгт буюу Төв талбайд очиж жагсаж, цуглах эрх нь нээлттэй. Харин тусгай хамгаалалттай бүсэд үүнийг зөвшөөрөх боломжгүй учраас залуусыг эртхэн харихыг уриалж байна” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11-р зүйлийн 1-д "Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд эмх замбараагүй байдал үүсэх, гамшиг, гэнэтийн осол гарах зэргээр нөхцөл байдал хүндэрсэн үед цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын төв, орон нутгийн байгууллагаас туслалцаа авах, харилцан ажиллах" гэсэн заалтын дагуу, цагдаагийн албан хаагчид хамтран ажиллаж байгаа аж. 

Жагсагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах, нүүрсний хулгайчдын нэрийг ил тод зарлахыг хүсэж буйгаа илэрхийллээ.