“Жаст” группын эзэн Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах Английн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, нийт 109 сая ам.долларыг гурван удаагийн үйлдлээр авсан гэх ноцтой хэрэг дэлгэр зуны найр наадмын чимээнд дарагдаж хэсэгтээ л ажин түжин байлаа. Асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ байгуулсан ч намрын чуулган нээлтээ хийхийг хүлээсэн үү, эсвэл дуугүй байх үүрэг авсан уу хэлэлцэх гэж яарсангүй. Эрх баригч нам нь дотооддоо хувийн хэвшилтэйгээ 49 хувийг булаацалдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг ард түмэндээ нээлттэй эзэмшүүлнэ гэсэн явуургүй пиар хийсээр бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийг ардаа үдэв. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Засгийн газрын гаргасан шийдвэр цаасан дээр үлдэж, Монгол Улс саалийн ганц үнээнээсээ салах нь цаг хугацааны л асуудал болчихжээ. Монгол Улсын Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхэд хоёр хэрэгт ялагдал хүлээгээд байсан юм. Тодруулбал, Ш.Батхүүгийн зээлсэн 109 сая ам.долларыг буцаан төлөх шүүх хуралд гурван удаа ялагдал хүлээв. Шүүхээс мөнгөн дүнг бууруулсан ч 51 сая ам.долларын өрөнд унасан. Нийт дөрвөн удаагийн шүүх хурлаас гуравт нь ялагдал хүлээсэн гэсэн үг. Арбитрын шүүх “хэрвээ давж заалдахыг хүсч байгаа бол 51 сая ам.доллараа дансанд байршуулчихаад хүсэлтээ гарга” гэсэн хариу өгсөн юм билээ.
Харин хоёр дахь шүүх хурал нь 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль зэргийг оролцуулаад нийтдээ 44 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай маргаан. Энэ шүүх хуралд ч манайх ялагдаж, “Стандарт” банкинд нийтдээ 95 сая ам.долларыг төлөх шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сард эцэслэн гаргаж байсныг уншигч та санаж буй биз. Төлбөрөө төлөхгүй бол хоногоор хүү нь өсч, өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлөх ёстой болсон. Тэгвэл манайх дахин нэг маргаанд мөн л ялагдал хүлээгээд байна. Өнгөрөгч зургадугаар сард “Стандарт” банк мөн л “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр эд хөрөнгийг нь битүүмжлэх, хөрөнгө хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх тэдний хүсэлтийг ёсоор болгож, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэрт хүрчээ. Харин тухайд үед МАН-ын олон дарга нар үгүйсгэсэн мэдээлэл хийсэн. “Тийм зүйл огтхон ч болоогүй. Дарга нар нь хилээр гарч байгаа. Үйлдвэр хэвийн ажиллаж байна” гэх пиарыг явуулсан юм. Гэвч булавч бултайж, даравч далдайх ноцтой баримт саяхнаас олон нийтэд ил болов. Наадмын өмнө буюу 2018 оны долдугаар сарын 07-нд УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн маргааныг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятавт тус үйлдвэрийн Хууль эрхзүйн газраас ирүүлсэн албан бичигт энэ бүхнийг тодорхой бичжээ.
Наадмын өмнө буюу долдугаар сарын 06-нд Лондон хотноо болсон давж заалдах шатны шүүх хуралд Монгол Улс тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэр дахин ялагдал хүлээсэн тухай бичсэн байх юм. Нийт гурван асуудлаар ялагдал хүлээжээ. Нэгдүгээрт, үндсэн зээлийн хүү, торгуульд мөнгө төлөхгүй гэсэн манай талын эсэргүүцлийг дахин хэлэлцэж, “Стандарт” банкны талд шийдвэрээ бататган гаргажээ. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлээс гадна, зээлийн хүү, торгуульд мөнгө төлнө гэсэн үг. Хоёрдугаарт, нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулж авахын тулд эд хөрөнгийг нь битүүмжлэх хүсэлтийг энэ оны зургадугаар сарын 28-нд хүргүүлснийг ёсоор болгож, эд хөрөнгийг нь битүүмжлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан бол хамгийн сүүлд шүүхийн шийдвэр эцэслэн гарчихаад байхад төлбөрөө төлөөгүй учраас санхүүгийн мэдээллийг ил болгох, мөн баталгаа хэлбэрээр байршуулсан мөнгөнөөс шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэмээн дахин шүүхэд хандсан зардлаа гаргуулахаар хандсаныг ёсчилж, мөн л “Стандарт” банкны талд шийдвэр гаргав. Ийнхүү нэг бизнесмэний дураараа авирласан үйлдэл, түүнийг нь өөгшүүлсэн МАН-ын улстөрчдийн үйл лайг Монгол Улс үүрч, хамгийн том үйлдвэр, энэ улсыг тэжээж буй нэг том ордоо алдахад хүрээд байна. Маргаан сунжрах тусмаа мөнгөн дүн өсч, илүү олон хэлбэрээр шүүхэд ялагдал хүлээх нь нэгэнт тодорхой болж байх шиг. Хамгийн ноцтой нь эд хөрөнгийг битүүмжлэх шүүхийн шийдвэр хэрэгжиж эхлэх юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал зогсох асар том эрсдэл үүснэ. Мөн Англи, Шенгень, Азийн тодорхой орнуудад тус үйлдвэрийн удирдлагууд хөл тавих эрхгүй болох нөхцөл байдал ч бий болсныг санаатай, санамсаргүй нууж явсаар энэ хүрлээ. Өмнө хэлсэнчлэн бид өдөрт 75 сая төгрөг хүүнд нь төлөх шүүхийн шийдвэрийг гардаад авчихсан. Энэ хэвээр цааш үргэлжилсээр байвал хотын иргэдийг тэр чигээр нь орон сууцтай болгочих хэмжээний мөнгийг хүүнд төлөх нөхцөл байдал үүсэх нь ээ.
Үүнийг хэдий болтол нуух билээ. Монгол Улсад хариуцлага хаа хаанаа алдагдсаныг нотлох хамгийн том баримт “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөс болоод байна. Ш.Батхүү ба түүний нөхдийн өгөх ёстой мөнгийг улсын төсвөөс лав төлөх ёсгүй. Хариуцлагаа ярь улстөрчид өө. Буух эзэнтэй, буцах хаягтай луйврын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж, олон нийтэд мэдээлэхээс татгалзаж байгаа хүн бүхэнтэй нам харгалзахгүй тэмц. Төрийн өмчийг хууль бусаар банкинд тавьсан хэрэгт холбогдуулан наадмын өмнө хэд хэдэн хүнийг баривчилсан ч батлан даалтад гаргаж, толгойг нь илээд өнгөрлөө. Найр наадмын чимээнээр давхцуулан нууж, эсвэл мартуулж явсаар өнөөдрийг хүрэв. Намрын чуулган хүлээхгүй хуралдах ганцхан шалтгаан нь ч магадгүй “Эрдэнэт” үйлдвэрийн олон удаагийн ялагдал байх ёстой биз дээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсч, төлөх ёстой мөнгийг нь төлбөрт унагасан “луйварчид”-аас гаргуулж чадахгүй бол алдааг нь хаацайлсан хэргээр Засгийн газар ч огцрох ёстой бус уу. Ингэж байж л алдагдсан хариуцлага, сахилга бат эргэн иргэх учиртайг Ерөнхий сайдад сануулах нь илүүц биз. МАНдуулна аа гэсэн дөрвөн жилийнхээ гурвыг нь ардаа хийчихсэн атлаа улсынхаа хөгжлийг дордуулж, доромжлуулж, бүр том ордоо тавьж туух хэмжээнд хүргэсэн алдааны чинь төлөөс ямар үнээр ирэхийг ч МАН-ынханд сануулах хэрэггүй болов уу.