Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аливаа байгууллага албан тушаалтан хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагаагаа явуулахад саад болох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн учраас энэ хүмүүсийг хууль зөрчсөн гэж үзэн, албан тушаалаас нь огцруулах ёстой гэж үзсэн талаар "ubn.mn" сайт нийтэлжээ.
Тэд огцруулах үндэслэлдээ Ерөнхий сайд шүүхийн болоод шүүгчийн талаар худлаа мэдээлэл тараасан, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзсэн аж.
Тухайлбал,
Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
-Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Эзэндээ үйлчилдэг шүүгчид байгаа учраас энэ талаар юм хийхгүй бол болохгүй...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Шүүгч нарыг бид хамтдаа шахаж ажиллах болно. Энэ жагсаалыг харж байгаа шүүгч нарт хандаж хэлэхэд өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд...
-Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг ч шүүх дээр хэрэг гацаад бөайна. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргах уу. Нэг сонгуулийн дараа банкны удирдлагууд сууж байгаад шүүгч нарыг томилж байна. Шүүх дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хүмүүс одоо хүртэл байна...
-Шүүх дээр байгаа хэргүүдийг он сараар нь сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авилгачдад гаргахыг нь харцгаахгүй юу...гэх мэтээр шүүгч нарын нэр хүндэд халдсан, шүүх байгууллагын ажлаа хэвийн явуулж буй ажиллагааг үл хүндэтгэсэн гэж үзээд огцруулъя гэж санал гаргасан гэх. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлийн олонхи гишүүд уг албан бичгийг хүлээж авахаас татгалзсан байна.
Эндээс харвал, Монгол Улсын шүүх засаглал, тэр дундаа Шүүхийн ерөнхий зөвлөл төрийн гурван өндөрлөг тэр дундаа Засгийн газрынхаа эсрэг ажиллаж буйг харж болно. Учир нь Засгийн газрын бодлого үйл ажиллагааг тэд дэмжиж байсан бол, хуулийн салбарыг удирдаж буй хүнээ дэмжиж байсан бол ийм албан бичиг үйлдэж, олонхиороо огцруулъя гэж давхихгүй нь тодорхой байсан юм. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн хэргүүд шүүхийн шатанд гацаж буйг, тэд яагаад гацааж буйг энэхүү албан бичиг нотолж өгөв бололтой.