Тусгай сангуудаас хууль зөрчиж хулгай хийсэн асуудал өнөөдөр ч нийгмийн анхаарлыг татсаар байна. ЖДҮХС-гаас эхэлсэн энэхүү дуулиан өнөөдөр Боловсролын зээлийн сангаар үргэлжиж, төд удахгүй Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Байгаль орчны сан, Эрүүл мэндийг дэмжих сангаар үргэлжлэх нь тодорхой болсон. Өнөөдөр Цахим хөгжлийн сайд Н.Учрал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын санг албан ёсоор ил болгоод буй.
Тэгвэл, Боловсролын зээлийн сангаас хууль зөрчиж зээл авсан, түүнийгээ хуулийн хугацаанд эгүүлэн төлөөгүй нэр бүхий 230 иргэн, цаашлаад энэ сангаас зээл авсан 2288 иргэний асуудлыг нэгбүрчлэн шалгах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн билээ.
Мөн энэ асуудлаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Иргэд мэдэх ёстой гэж үзээд байгаа юм. Мэдэж байж бид алдаагаа засна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл өнөөдөр ил болж байгаа. Юу болсон бэ гэдгийг цахимд байршуулна. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийнэ. Сан байх нь зөв байх. Харин журам нь ямар байх вэ гэдэг дээр та бүхэн шийдэл гаргах хэрэгтэй. Сан ил тод, хүртээмжтэй, шалгуур нь ойлгомжтой байх ёстой.