Жирийн сонгогчдын саналаар Төрийн ордонд заларсан, жинхэнэ утгаар нь хулхидана гэдгийг үзүүлсэн, гишүүн та хуйвалдаан зохиож, худлаа далдалдаг ордны эзэн нь юм. Гишүүн та, хурлаа тасалж, хааяахан үзэгддэг илбэчин юм. Сонгууль дөхсөн жилүүдэд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, сонгогчид биднийгээ алтан жорлон дээр суулгана гэж амлаж билээ. Цалин мөнгийг нэмж, татвар хураамжийг багасгаж, орон сууцанд оруулж, олон жил жаргаана гэж, ам уралдан хэлсэн, адаг сүүлд нь мартсан. Хуурч ханахгүй та нартаа саналаа худалдсан минь хохь, хууртаж ханадаггүй бид гарсан хойно нь амаа барив.
Эрх барьж байгаа хэдийн буцаагүй амлалт гэж алга. Долоон төрлийн татварыг "шар толгойт"-нуудаас асууж нэмлээ, олон түмний унаа приус машиныг хавчлаа. Шатахуун түлшний онцгой албан татварыг эргүүлж авахаар болсон, шанд нь ард түмэн шатахууныхаа мөнгийг дийлэхгүй нь. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн ч хөлөө ордны босго давуулаад мартсан. Хуруу хумсаа хугалан байж олсон хэдээсээ багаханыг банкинд хадгалуулсан хүмүүсээс хувь авах татварын системийг ч бодож олохоо мартаагүй. Цалин хөлсийг шат дараатай нэмнэ гэсэн. Цагаа тулахаар жилд 300 мянгыг тараасан. Эмч, багш, төрийн албан хаагчид үхтлээ тэмцэж байгаа ч эрхтэй дархтай тэд үхэр, малаар нь дуудсанаас өөрийг хийгээгүй.
Энэ төрийн эрх баригчдад буцаагүй амлалт гэж алга. Эсрэгээрээ харин тэдэнд хийхгүй ажил гэж байхгүй байна. Ордонд ороод суухаараа гишүүн, овоо хэдэн төгрөг өгөөд сайд. Фракци болж хуваагдахаараа шударгын туйл, Засгийн газраа унагасны дараа “давхар дээл”-т. Зурагтын камер харахаараа уран илтгэгч, бусдыг шүүмжлэгч, үнэнийг нэхэгч. Зурагтын камер унтрахаар бүгдийн нөхөр, худлын туйл. Саарал ордноос гарлаа барилга барьдаг, зах ажиллуулдаг, тендер хусдаг бизнесмэн. Сайн, муу хүмүүсийн захилгаар хууль санаачилдаг ажилтан. Эрхэм хүндэт гишүүдэд хийхгүй ажил, хэлэхгүй үг, оролцохгүй сэдэв гэж алга. Төрийн ордонд бохь зажилж ангалзана, төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярьж даналзана. Засгийн газар унагах үед толгойд нь давшиж уухайлна. Засаг унасаны дараа оффшортой тэмцэж дүр үзүүлнэ. Одоогийн гишүүдэд хийхгүй ажил, чадахгүй зүйл, оногдохгүй дүр гэж алга.
Намынхантайгаа муудалцахаараа сул гишүүн, нам байгуулах гэж зүтгэхээрээ эрхэм дарга, АТГ-т баригдахаараа сэжигтэн, адаг сүүлд нь гэмгүй сүжигтэн. Баян-Өлгийгөөс сонгогдсон төлөөлөл, Барилгын салбарын яамыг авч чадсан нөлөөлөл. Хөрөнгийг нь тоолбол зочид буудалд, кино театраас авахуулаад барагдахгүй их баян. Хөрөнгөө яаж бий болгосноо тайлбарлах шаардлагатай ч болж магадгүй паян. Засаг дарга байхдаа нохойд “дурласан” шашинтан, Засгийн газар бүрдэхэд Хөдөө ажуйн салбарыг атгасан засагтан. “Торгон нутаг” Төрийн бус байгууллагын нууц ноёнтон, тойргийн хэдэн сумдаа эргэхээрээ цуутай даргатан. Одоогийн парламентын гишүүдэд чадахгүй ажил, мэдэхгүй сэдэв, оролцохгүй салбар гэж алга. Татвар ярихаар мэргэжилтэн, бөх ярьвал профессор. Микрофон барьвал дуучид, камер харвал попрогчид. Оюутолгой ярьвал эх оронч, олон компани нь нийлээд групп болдог прогресс, тойрогтоо хувиасаа хөрөнгө гаргаж зам тавьж өгөөд ачтан, тодорч чадаагүй хэдэн гишүүнтэй нийлэхээрээ шантаажчин.
Саунд сууж, хүүхэнтэй орооцолдохоороо “бандааш”, саарал байшингаас гарахаараа Туулын ай савыг ухсан хэрэгт орооцолдсон “алтчин”. Намаасаа гарвал гомдогч, орвол ялагч, зам барьвал “там”-чин, юм ярьвал тансаглагч. Ордонд хоноод дуу зохиогч, онгод нь орвол Болор цомын эзэд. Одоогийн парламентын гишүүдэд хийхгүй юм гэж алга. Хуралдаа огт суухгүй байж “Очоод юу хийх юм” гэж хударгагүй аашилж явдаг нь ч энэ үеийнх. Хөдөлмөрийн яамыг удирдаж явахдаа хүн дайрсан хэрэгт орооцолдсон нь ч тэднийх. Хууль орондоо зассан хэрэгт хутгалдсан Хууль зүйн сайд ч энэ үеийнх, хурал, зөвлөгөөний үеэр “унтдаг” хуучирсан гишүүн ч тэднийх. Ердийн байх гэж боов идээд, хочтой болсон нь ч тэднийх, Ерөнхий сайдын “сэлэм” болоод, 60 тэрбумтай тэмцэж байгаа нь ч энэ үеийнх. Цөөнхийн төлөөлөл болчихоод, цөөн үг ч хэлээгүй нь тэднийх, цайны ганц сэдэвтэй бөхийн төлөөллүүд ч энэ үеийнх.
Тойрогтоо очоод шанага, данх, хадгаламжийн дэвтэр тарааж явсан юм, өрийг өрөөр дарчихаад өдөр, шөнөгүй жиргэж яваа юм. Даралт нь ихэссэн үедээ суудаг суудлаа хайж байсан юм, дарга сайд болчихоод тойргийнхоо ахмадуудад мөнгө тараасан түүхтэй юм. Манай үеийн гишүүдэд очоогүй газар ч байхгүй. Улаанбаатар хотын тохилог саунууд танина, ордонд байгаа арын өрөөнүүд мэднэ. Агаарын сумын хөлгийн бизнес класс суудлууд танина, Ази, Европ, Америкийн таван одтой буудлууд мэднэ. Хятад, Солонгос, Японы хурлын ганган танхимууд танина, ард түмэнд өгөөжөө өгөөгүй олон янзын уулзалтууд мэднэ. Манай үеийн гишүүдэд очоогүй газар гэж байхгүй. Яамны дэд сайд, ярвагар газрын дарга нар, “чихэр байлдуулдаг” төрийн албан хаагч, их зан гаргадаг мэргэжилтнүүдийг та нар л танил талаараа ажилд, албан тушаалд зуучилсан. Тендер будилуулдаг хурган дарга, татвар төлөгчдийн мөнгийг цавчдаг алба хаагчдыг та нар л намаасаа төрүүлсэн. Гишүүн та төрд орж баяжигчдыг дэмждэг шидтэн, түмэн олныг хулхиддаг идтэн. Улс даяарын хулхин дээр “цэцэг ургуулаад” алга болдог “борооны үүл” юм, урд, хойд халаасыг нь татвар нэмж ухаад бултдаг “үнэгний сүүл” юм.