УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн туслах залуу нүүрсний хэрэгт холбогдсон байхдаа БНХАУ руу оргон зайлж, улмаар гоо сайхны мэс засалд орон зүс царайгаа эрс хувирган, хятад иргэний нэр дээр байр хөлслөн амьдарч байсныг "Шувуу" ажиллагааны хүрээнд манай хууль хяналтын ажилтнууд илрүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. Иргэдийн мэдээлэлд үндэслэн түүнийг саатуулахад хурууны хээ нь н.Наранхүү мөн гэдэг нь тогтоогдож байгаа атлаа зүс царай нь өөр хүн байсан гэх асуудал яригдаж буй.
Тэгвэл энэхүү мэдээлэлд нэр холбогдоод буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдэл хийжээ. Тэрбээр, "Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан н.Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байна.
Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү.
Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчдад хандаж хэлэхэд над руу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо" хэмээжээ.