Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Мөн орон нутагт ажиллаж буй Ерөнхий сайдын ажлын үр дүнгийн талаар болон 2024 оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан аймаг орон нутгаас гарч буй санал зөвлөмжүүдийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс допингийн асуудалтай Засгийн газар танилцаж байгаа юу гэдгийг тодруулав. Д.Амарбаясгалан дарга уг асуултад “Монгол Улсад Олон улсын допингийн холбоо /WADA/-ны төлөөлөл болж ажиллаж байгаа “Monada” гэх байгууллага бий. Энэ байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд яваад, сүүлийн үед асуудал үүсээд байна вэ гэдэгтээ танилцаж байгаа юм. Яагаад сонсож танилцсан бэ гэхээр Допингийн эсрэг олон улсын байгууллагын салбар буюу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагаанд Засгийн газар, спортын чиглэлээр ажиллаж буй Олимпын хороо ч оролцох боломжгүй байдаг юм байна.
Монгол Улсыг төлөөлөөд олон улсын гишүүн болчихсон тус байгууллага олон улсын жишиг стандартад нийцүүлж допингийн шинжилгээгээ авах ёстой юм билээ. Засгийн газар өнөөдөр танилцаад, Ерөнхий сайд чиглэл өгөөд надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.
Өнөөдөр 15.00 цагаас яаралтай хуралдана. Яагаад яаралтай вэ гэхээр Олон улсын допингийн холбооны зөвлөлийн хурал болно. Тэр хурлаар Монгол Улсад байгаа байгууллагын асуудлыг авч хэлэлцээд, тэдэнд тавьсан зургаан шаардлагыг хангалттай гэж үзэх үү, эсвэл хангалтгүй гэж үзэх үү гэдгээ ярих аж.
Хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпод оролцохдоо цагаан тугийн дор орж мэдэх эрсдэл үүсээд байна. Олон улсын уралдаан тэмцээнд хэл амгүй оролцож байх үүднээс Засгийн газар өмнө нь улсын төсвөөс 800 сая төгрөгийг тэдний өмнөөс төлж байсан. Гэсэн ч н.Хатанбаатар даргатай “Монада” гэх уг байгууллага зөрчлөө өнөө хүртэл арилгаагүй байна. Засгийн газар урдуур нь ороод шийдэх боломжгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс санал тавиад уг байгууллагатай уулзах гэж байна. Спорт, биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд энэ асуудлаар уулзах хүсэлт тавьсан ч уулзаж чадаагүй юм билээ. Тиймээс хараат бус байдалд нь нөлөө үзүүлэхгүйгээр энэ ажлыг урагшлуулна” гэлээ.