ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа: Төр төвтэй бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ

O.Admin
2023-11-01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулахдаа ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Баасандорж "Иргэд төрийн албанаас үйлчилгээ авахдаа олон хүн дамжихгүй нэг л хүнээсээ үйлчилгээ авдаг байхын тулд процессын дахин инженерчлэлийг хийж байна. Гол нь ил тод, түргэн шуурхай, амар хялбар байна. Цахимжилт маш эрчимтэй явагдаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл НДЕГ болон ХХҮЕГ-т 96 үйлчилгээний 70 хувьд нь иргэдээс цаас, халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь иргэдээс цаасан суурьтай баримт нэхсээр л байна.

Жишээ нь тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах үйлчилгээнд иргэн өргөдөл хүсэлтээ өгнө, цээж зургаа өгч байна. Оршин байгаа хаягийн тодорхойлолтоо өгч байна. Нөгөө халчихсан байх ёстой баримтуудыг шаардсаар л байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ хоёр агентлагаас үйлчилгээ авах иргэд 53 төрлийн үйлчилгээнд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно" гэлээ.

Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Манай салбар маш онцлогтой. Хэдий цахимд шилжсэн ч 2022 онд гэхэд манай байршлуудад давхардсан тоогоор 4 сая, цахимаар 6 сая гаруй удаа иргэд үйлчилгээ авсан байдаг. Цахимжилт хэдий сайн хийгдсэн ч иргэдийн зүгээс ч, албан хаагчдын зүгээс ч яг адилхан цахим дээр хийсэн ажлаа бичгээр давхар бүрдүүлдэг. Архивын дүрэм журам нь одоогоор ийм байдаг. Иргэдийн зүгээс улиралд 100 мянга орчим өргөдөл гомдол манай салбарт ирдэг. Нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох, халамжийн үйлчилгээ авахтай холбоотой. Дахин инженерчлэл хийснээр нэгдүгээрт, бидэнд ирж байгаа өргөдөл гомдол шат дамжлагыг бууруулах, хоёрдугаарт салбарын хэмжээнд төрийн албан хаагч дээр ирж буй ажлын дарамтыг багасгах хэрэгцээ байгаа.

Жишээлбэл, тэтгэвэр тогтоох байцаагч дээр гэхэд дээшээгээ 8-9 шатны шалгалт ордог. Шалгалт тус бүрийн дүн нь ялгаатай гардаг. Нэг нь 20 сая төгрөгний зөрчилтэй байна гэхэд нөгөөх нь тэрбум төгрөгний зөрчилтэй гардаг. Эсвэл тэтгэвэрт гарснаас хойш олон жилийн дараа тэр хүн дээр акт тавьж байсан тохиолдол ч байдаг. Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долдугаар сард батлагдаж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын 60 гаруй журамд өөрчлөлт оруулах гэж буй энэ цаг үед дахин инженерчлэл хийснээр журмуудыг иргэдэд ээлтэй болгох үүднээс программ хангамжаа ч шинэчилж таарна.

Үүнд эдгээр процессыг тусгахаар төлөвлөж байна. Манай төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт 400 гаруй мянган хүн амтай дүүрэг байсан ч, 40, 50 мянган хүнтэй аймаг байсан ч адилхан байдаг. Дахин инженерчлэлээр хийж байгаа үйлчилгээ, хийж буй гүйлгээний тоогоор нь аймгуудын хүн амтай уялдуулж үүнийг харилцан ялгаатай хийх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Төрийн байгууллагууд Засаг даргадаа үйлчлэх гэж байгаа мэт ЗДТГ-аа тойроод бүх үйлчилгээ нь байрласан байдаг.

Гэтэл үүрэн телефоны компани, банкууд хүмүүс хаана байна тэнд нэг цэгийн үйлчилгээгээр данс нээхээс эхлээд бүхий л үйлчилгээг үзүүлж байдаг. Тэгэхээр томоохон дүүргүүдийн бүсчилж тэнд татварын үйлчилгээ, нийгмийн даатгалын хөдөлмөр халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын гээд бүхий л үйлчилгээг авах боломжтой байх зохион байгуулалт руу цаашдаа орох нь зүйтэй юм байна. Төр төвтэй иргэний үйлчилгээ бус, иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ёстой гэсэн байдлаар эхний шатанд ХНХ-ын салбарын хэмжээнд хийгдлээ.

Дахин инженерчлэлийн дүн шинжилгээгээр нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Дүн шинжилгээнд үндэслэж дараа дараагийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” хэмээв.