Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы индер дээрээс хэлсэн үгийг онцлон хүргэж байна.
-Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирсэн.
-Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа.
-Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг ард түмэн хэлж байна.
-Өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэж байна.
-Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон.
-Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
-Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.
-Авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
-Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
-Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
-“Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
-Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
-Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа.
...Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна...
-Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно.
-Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
-Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
-Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.
-Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
-Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
-Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
-Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу.
-Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу.
-Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.
-Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд УИХ-ын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье.
-Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах Засгийн газрын эрхзүйн цогц реформыг дэмжсээр ирсэнд талархаж байна.
-Эрхзүйн цогц шинэчлэл цоо шинэ улс төрийн соёлыг төлөвшүүлэх эхлэл цэг болж чадна гэдэгт итгэл төгс байна.
-Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна.
-Хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
...Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна...
-Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай.
-Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
-Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.
-Шүүх, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ.
-Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эрчимжнэ.
-Системийн авлигын эсрэг тэмцэл аль ч улсад улс төрчдийн чин эрмэлзэл, эр зориг, иргэдийн дэмжлэг, хууль сахиулах болон шүүх засаглалын чадвараас ихээхэн хамаардаг.
-Оргил өөд дөхөх тусам замын бартаа нэмэгдэж, хад чулуу ихсэх нь ойлгомжтой. Давж ард нь гарах уу эсвэл уулын бэлд хүч алдан унах уу гэдэг сонголтын өмнө бид удахгүй тулж ирнэ.
-Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг.
-Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй.
Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөө хайр юм.
-Тэтгэвэрт гараад ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө өнөөдөр та бид хамтдаа авлигыг ялах ёстой.
Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна.