“Тавантолгой ХК-тай 2013 онд 100 мянган тонн нүүрсний гэрээ хийж байсан “Женерал тех” компанийн эцсийн өмчлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатар бүртгэлтэй байдаг баримт өчигдөр ил болсон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгджорийг гэрчээр дуудсан ч гадаад улсад явж байгаа хэмээн ирэхээс татгалзсан.
Харин Х.Болдбаатарын хүү Б.Батболд нь тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд өдгөө "news.mn" сайтын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Харин Д.Батболд, УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нар хамтран “Глобал аппарел лимитед” ХХК-ийг хамтран эзэмшиж буй учраас холбоо хамааралтай гэж үзжээ.
Улсын Ерөнхий прокуор асан Д.Дорлигжав харин энэ асуултад “Манай дүү тэр нүүрс тээврийн компанитай гэх Х.Болдбаатартай хамтраад оёдлын компани байгуулсан юм билээ. Х.Болдбаатар цаанаа хэдэн компанитайг би мэдэхгүй гэж байна. Үнэн буюу нотолгоо баримттай зүйл ярьж байгаарай. Та гэрч, шинжээчийн өмнөөс хувийн дүгнэлт хийх эрхгүй. Хүний нэр төр гэж байдаг юм” хэмээлээ.
Тэгвэл 2012 онд АН-аас Ерөнхий аудитороор томилогдож байсан, АН-ын ҮБХ-ны гишүүн А.Зангадыг мөн энэхүү нүүрс тээврийн гэрээнд хамааралтай гэдгийг Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэхэд А.Зангад “Надад ярих хэлэх зүйл байхгүй. Миний хүүхдүүд холбогдоогүй. Би 100 мянган тонн байтугай нэг хүрз нүүрстэй ч холбогдоогүй. Та харин өрөөсгөл мэдээллээ залруулаарай. Би түүнд чинь хамтарч ажиллая” гэсэн тайлбар өгөв.