Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай. Энэ хүрээнд ХАА, малчдын амьдрал ахуй хүндэрч байгаа. Цаашдаа ч хүндрэх нөхцөл байдалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбараас гадна Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай ажиллагааг хангах, хүн амын эрүүл мэндийн талаар авах арга хэмжээ, эмчилгээ оношлогоог түргэн шуурхай хүргэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, ажлын хэсэг байгууллаа.
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт, малчдын мах махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, чанар стандарт хангасан махыг өндөр бус үнээр дотоодын хэрэгцээнд нийлүүлэх талаар зарим арга хэмжээг авч ажилласан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийг малчдын бойлсон махыг зах зээлд нийлүүлэхэд гаргахаар шийдвэрлэсэн.
Малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ. Малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа. Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа. УОК Шуурхай штаб өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна" гэв.